Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх "Ногоон таксономи" батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, урьдчилсан байдлаар олон нийтэд зарлаж байхаар боллоо.
2020 оны нэгдүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5%-ийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2%-иар буурчээ.
Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1% буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6% буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4% буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0% буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4% буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.
2020 оны 3 дугаар сарын байдлаар 2013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0% буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3% буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8% буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогджээ.
Ногоон зээлийн статистик мэдээллийг эндээс авна уу.
Цаашид нэгдсэн мэдээллийг улирал бүр олон нийтэд зарлаж байх болно.