Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж буй билээ.
Тэгвэл бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжжээ. Учир нь Засгийн Газар, Сангийн яам өрийн зөв мeнeжмeнт хийж, цар тахлын дараах тогтвортой өсөлтийг бий болгох бодлого явуулсны үр дүнд 30 жилийн түүхэнд анх удаа төсвийн орлого давж биeлсэн байна. Эдийн засгийн өсөлт 7,6 хувь нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.доллар хүрсэнээр өнөөдөр ийнхүү цалин тэтгэврийг нэмэх боломж үүсчээ.
Тиймээс эрх баригчид эдийн засагт гэрэл тусч, 30 жилийн түүхэнд анх удаа төсвийн орлого давуулан биелсэнд тул ийнхүү цалин, тэтгэврийг нэмэх шийдэлд хүрчээ. Мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохоор болсон байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг шийдэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор болж, энэ оны нэгдүгээр сараас хойших мөнгийг нөхөж олгохоор болж байна. Төсөвт тодотгол хийхэд нэмж 1.3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлэх тооцоо судалгааг хийгээд байна. Эхний улирлын байдлаар бид 19.9 сая тонн нүүрс экспортолсон буюу нийт жилийн төлөвлөгөөний 30 гаруй хувь биелээд байна. Төсвийн орлого 38 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн сайн дүнтэй байна" хэмээв.