“Опал“ жүжиг надад ДААЛГАВАР шиг л санагдаж байна" хэмээн ярьж байснаас нь хойш зургаан сарын дараа дахин шинэ жүжгээр найруулагч Мягмарнарангийн Батболдтой ярилцах боломж тохиов. "Фауст", "Гэм зэм"-ээр эхэлж "Опал"-аар үргэлжилсэн түүний дараагийн зогсоол нь "Шөнө дундын бүжиг" юм.
-Шинэ жүжгийн бэлтгэл ажил гээд тун завгүй байгаа бололтой. Таны энэ удаагийн барьж авсан зохиол их сонирхолтой санагдаж байна. Дотроо бодож явсан зохиол юм уу?
-Үзэгчид болоод мэргэжлийн хүмүүсийн зүгээс монгол зохиолоо барьж авч найруулан тавих хүсэлт ирдэг байсан. Битүүхэндээ монгол драматург сайн зохиол хайдаг байсан юм. Нөгөө талдаа би "Зуны шөнийн театр" гэх консептийг хийх юмсан гэж их удаан хугацаанд мөрөөдөж явсан. Найруулагч хүний хувьд ч "Зуны шөнийн театр" гэх энэ консепт намайг их удаан урин дуудсан. Энэ хугацаанд ямар жүжгээр эхэлбэл зүгээр байх вэ гэж бодсон. Монгол зохиол байвал илүү сонирхолтой ч юм шиг. Гэтэл аз ч гэх үү хувь тохиолоор ч гэх үү би Монголын поп социалист үеийн цөөн хэдэн драматургын нэг болсон Сорогдогийн Жаргалсайхан гуайн хүү Билгүүн гэх залуутай танилцсан юм. Их ухаалаг залуу. Нөгөө талаас мэргэжлийн продьюсер. Япон улсад бэлтгэгдэн ажиллаж байсан залуу Монголд ажиллахаар ирсэн юм билээ. Мэдээж хэд хэдэн зохиол яригдаад явж байхад "Зуны шөнийн театр" гэх энэ консептийг "Шөнө дундын бүжиг" гэх зохиолоор хийе гэж шийдсэн. Хамгийн тохиромжтой, хамгийн оновчтой, хамгийн төгс нийцэж байсан. Анхны уншлагаас эхлээд л энэ зохиолд нэг тийм ид шид байгааг би мэдэрсэн.
-Ид шидийг нь юу гэж тодорхойлсон хэрэг вэ?
-Энэ зохиолын цаана байгаа урам зоригийг өдөөх хүчин зүйл нь миний хийхийг хүсэж "шунаж" ирсэн кармен дуурь байсан. Би өөрөө кармен дуурьд хайртай. Кармен дуурь хийхсэн гэж мөрөөдөж ирсэн. Энэ бүх давхцал таарч, "Шөнө дундын бүжиг" жүжгийг найруулан тавихаар болсон. Манай найз нөхөд ч их дэмжсэн. Жүжгээ Улаанбаатар зочид буудлын шинэ их танхимд нь хийхээр болж байгаа. Их сонин түүх бий. Улаанбаатар зочид буудалд 2003 оны үдэш "Хувьсал" продакшны Цогбадрах ах, зохиолч Сорогдогийн Жаргалсайхан хоёрын уулзалт, тэрхүү хуйцай идсэн 100 граммтай үдэш энэ жүжиг бүтсэн байдаг. Одоогоос яг 20 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 20 жилийн дараа энэ тохиол дахин бүрдэж байгаа. Энэ зохиол анх төрсөн газартаа тоглогдох гэж байгаа гэсэн үг.
-Зохиолоо сонгочихлоо. Дараагийн асуудал нь юу байв?
-Энэ жүжгийг ямар стилл, ямар жанраар хийх ёстой вэ гэдэг бодлууд хөвөрч эхэлсэн. "Шөнө дундын бүжиг" бол уран бүтээлч хүний ганцаардал, өнчрөл, хоосрол, зөн, хайрыг тал талаас нь харуулдаг. Энд гарч буй зөрчлүүд надад таалагдсан. Үүнээс үүдэж мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн зохиол байна гэж харсан. Яагаад ч юм зөрчлүүдээс зөрчлийн хооронд, үйл явдлаас үйл явдлын хооронд нухаад, бодоод ажиллаад ирэнгүүт сайн зохиол бол найруулгын шийдлээр бөмбөгдүүлдэг байхгүй юу. Сонин сонин найруулга хиймээр урам зориг өгөөд л. Иймээс л би энэ зохиолыг ид шидтэй гээд байгаа юм шүү дээ.
-Хамгийн сүүлд 2012 онд тавигдаж байсан юм билээ. Найруулагч М.Батболд өнөөдрийн нөхцөлд "Шөнө дундын бүжиг"-ийг хэрхэн найруулан тавих бол гэдэг анхаарал татаж байна?
-Шинэ жүжиг хийнэ гэдэг өөрөө шинэ тавилт байдаг. Шинэ тавилтаар найруулна гэдэг шинэ хэмжигдэхүүн, шинэ театрын хэмнэл, өнцгийг гаргаж ирэх гэсэн найруулагчийн идэвхтэй эрэл хайгуулын үр дүн байдаг. Шинэ юм хийнэ гээд хуулж болохгүй. Өөрөөсөө төрүүлэх ёстой.
Сонгодог театрын хэлбэрт нэг талдаа үзэгчтэй, нөгөө талдаа тайзтай байдаг шүү дээ. Үүнийг эвдье гэж бодсон. 360 градуст тоглоно. Дөрвөн талдаа үзэгчтэй, дундаа тайзтай. Илүү дутуу хөшиг, өргөгч байхгүй. Үзэгдлээс үзэгдлийн хооронд гэрэл харанхуйлахгүй. Нүцгэн цагаан тайз дээр энэ зохиолыг яаж өвөрмөц найруулгын шийдлээр үзэгчид хүргэх вэ гэдэг дээр бид ажиллаж байна.
Театр гэдэг энэ шүү дээ. Берьтольт Брехтийн системд би хайртай. Он цаг улирах тусам Брехтийн системийг найруулагч бүхэн өөр өөрийнхөөрөө задалдаг. Үүнийг театрын хэмнэлээр хэрхэн шинээр өөрөөсөө гаргаж ирэх вэ гэдэг дээр зохиолч, найруулагч, уран бүтээлчийн ид шид, ур чадвар харагдах ёстой. Энд л театр байх ёстой. Түүнээс биш Берьтольт Брехтийн жүжгийг хуулаад тавьж болохгүй. Тэр үед Берьтольт Брехтийн бодож байсан үзэл санаа, цаад агуулга ухагдахуун болох Гетёгийн үзэл санааг нь өнөөдөр шинээр харуулна гэдэг мэргэжлийн театр. Тэгэхээр би баттай хэлнэ.
Найруулагч миний өнцгөөс баттай хэлж чадах зүйл гэвэл манай жүжгээс 100 хувь мэргэжлийн театрыг үзэх болно. Яагаад гэвэл бүх зүйл нь шинэ учраас. Кино ч үзээд байгаа юм шиг, жүжиг ч үзээд байгаа юм шиг. Тийм л стиллээр хийнэ.
-Би жүжигчнээсээ түрүүлж ярихыг хүсдэггүй. Бодлыг нь биш мэдрэмжийг нь ойлгох ёстой гэж боддог болохоор тэр...-
-Таныг жүжигчидтэйгээ ямар арга барилаар хамтран ажилладаг бол гэдгийг сонирхмоор байна. Найруулагч бүрт нэг тийм тогтчихсон ч гэмээр юм уу арга барил бий л байх?
-Найруулагч жүжигчин хоёрын хоорондын харилцаа ойлголцол дээр тогтдог. Ойлголцол нь өөрөө төгс байх ёстой. Би нэг зүйл хэлээд л нөгөө хүн маань ойлголоо гэвэл ойлголцол биш. Ярианы түвшин дэх ойлголцол. Төгс ойлголцол гэдэг нь мэдрэмжээ ойлголцохыг хэлж байгаа юм. Мэдрэмжээрээ ойлголцож чадсан бол баг бол төгс баг. Төгс баг төгс амжилтад ч хүрнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид жүжигчидтэйгээ ойлголцохыг илүүд үздэг. Эхлээд сонсохыг хүсдэг. Дараа нь сонсгохыг хүсдэг. Түрүүлж ярихыг хүсдэггүй л гэсэн үг. Бодлыг нь биш мэдрэмжийг нь ойлгох ёстой. Маш сайн ойлголцсон багийг бүрдүүлж ажиллаж байгаа.
-Жүжигчдийн сонголт ч энэ удаад анхаарал татлаа. Залуу, хашир туршлагатай, цойлж буй басхүү өөр жанрын гээд л?
-Жүжигчдийн сонголт дээр маш удаан бодсон. Таван дүртэй. Би гол болон туслах дүр гэж ярих дургүй. Дүр бүр гол дүр байдаг. Ер нь зохиолд туслах дүр гэж байдаггүй. Туслах дүр гэж онцолж хэлж болдоггүй. Учир нь дүр өөрөө тухайн зохиолчийн бодож гаргаж ирсэн ертөнц байдаг. Ертөнц хоорондын бөөгнөрөл, зөрчил, тавилан, тайллаас драм үүсэж байгаа. Тэр ертөнцийг гол болон туслах гэж ярьж болдоггүй л гэсэн үг.
Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар ах маань миний гурав дахь жүжиг дээр хамтран ажиллаж байна. Би Төмөрөө ахтайгаа төгс ойлголцдог. Бидэнд маш шаардлагатай хэцүү үед Төмөрөө ах зөвлөдөг. Тэр хүний амьдралыг басхүү театрыг ойлгосон туршлага ямар гоё зөвлөгөө, урмыг бидэнд өгдөг гээч. Бидний олж хараагүй зүйлийг олж хардаг. УДЭТ-ын жүжигчин СТА Т.Сэргэлэн гээд залуу маань байна. Би түүнийг энэ цаг үед тодорч гарч ирж байгаа жүжигчин гэдэгт баттай итгэнэ. УДЭТ-ын жүжигчин СТА Д.Асардарь. УДЭТ гэх айлд ажиллаад 5,6 жил болж байна. Одоо л энэ бүсгүйн авьяас, ур чадвар, хүсэл эрмэлзэл, эрч хүч нь Шубирагийн дүрээр гарч ирэх болсон гэж сургуулилтын туршид дотоод сэтгэлдээ "чарлаж" байгаа байхгүй юу. Мэдрэмж, эрч хүч нь. Мөн шинэ залуу жүжигчин Нархажид байна. Бүжигчин суурьтай, СУИС-ийг шинэхэн төгссөн залуу уран бүтээлч. Хамгийн сүүлд нь гэхэд их сонирхолтой дүр болох Дудраагийн дүр. Дудраа гэх энэ дүр надад их өвөрмөц дүр шиг санагддаг. Хайрламаар. Хайрын гол баатар болсон энэ дүрд би Х Түц продакшны жүжигчин Батзоригийг урьж тоглуулж байгаа. Зоригоо маань өөрийгөө драмын жүжигт харуулах гэж ирлэгдэж байна.
Би Ерөнхий зураачаа дурдахгүй байхын аргагүй. н.Батбилэг гээд залуу бий. Бид хоёрын хамтран ажиллаж байгаа хоёр дахь жүжиг. Гэм зэм жүжгийн тайзыг хийсэн хүн шүү дээ. Одоо энэ жүжигт аймшигтай том гэнэтийн бэлгийг үзэгчдэд бэлдэж байгаа.
-Би Опал жүжгийг найруулан тавьсан өөртөө хамгийн дээд үнэлгээгээ өгсөн-
-Тантай сүүлд ярилцаж байхад "Опал надад даалгавар шиг л санагдаж байна" гэж байсан. Та даалгавараа хэдийнэ биелүүлчихсэн. Харин өөртөө үнэлгээгээ өгсөн үү?
-Би өөрөө өөртөө хамгийн дээд үнэлгээгээ өгсөн. Би өөрөө сарказм, мелодрам гэх хоёр жанрыг судалж, хольж өөрөөсөө нээхийг, суралцахыг хүссэн. Би өөрөөсөө олж харсан. Найруулгын сарказм гэж юу болохыг өөрөөсөө нээж олж харсан. Өөрт минь маш том урам зоригийг өгсөн. Би Брехтийн үзэл санааг харуулж чадсан. Энэ миний хувьд гайхалтай нээлт байсан. Өмнө өмнөх жүжгүүдтэй харьцуулахад би Опал жүжгийг тавихад хамгийн их зовсон. Яагаад гэвэл тэр жанр нь бидний хувьд шинэ байсан. Комеди биш сарказм. Үзсэн хүмүүстээ хүртэл гүн сэтгэгдэл төрүүлж чадсан гэж бодож байгаа.
-Жүжгээс жүжиг хооронд процесс хэр давчуу байна гэж харж байна?
-Жүжиг бүтэх процесс үндсэн зургаан сарын л хугацаа шаардагддаг. Бид өнгөрөгч оны 11 дүгээр сард Опал жүжгээ тавьсан. Түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр яг л хугацаандаа байна л гэсэн үг.
-Театр маань найруулагчийн эрх чөлөөг эрхэмлэсэн учраас би өнөөдөр УДЭТ-д ч, Орфей театрт ч магадгүй саран дээр ч ажиллах эрх чөлөөтэй байна-
-Та нэгдүгээр сард УДЭТ-дээ эргэн очсон шүү дээ?
-Тийм ээ. Найруулагч гэдэг мэргэжил нь өөрөө их онцлогтой. Энэ мэргэжлийн онцлог суурь нь эрх чөлөө. Энэ утгаараа найруулагч хэний ч эрхшээл, дарамт, нөлөөнд орох ямар ч боломжгүй мэргэжил. Эрх чөлөөний хүчний цаана театрын үзэгчдийн эрх ашиг байдаг байхгүй юу. Үзэгчдийн гоо сайхны хэмжүүр, таашаал, сэтгэлгээний тэлэлт, эрэл хайгуул хязгааргүй шүү дээ. Түүнд суурилсан найруулагчийн мэргэжил эрх чөлөөтэй байх ёстой. Энэ үзэл баримтлалд хатуу зогсдог. Тиймээс ч та бүхний мэдэж байгаачлан би өмнө УДЭТ-д ажиллаж байсан шүү дээ. Гадуур уран бүтээл хийх хүсэл маань урин дуудсан учраас театраасаа түр гарсан. Театр маань миний эрх чөлөөг өгсөн учраас би өнөөдөр УДЭТ-д ч, Орфей театрт ч магадгүй өөр нэг театр аль эсвэл саран дээр ч ажиллах эрх чөлөөтэй байна. Энэ бол найруулагчийн эрх чөлөөг эрхэмлэж байгаа зөв бодлого, хандлага.
-Эргээд очиход өөрчлөгдсөн зүйл хэр их байв. Ер нь цаашид өөрчлөх зүйл юу байна гэж харав?
-90 жилийн түүхтэй театр шүү дээ. Түүхэн замналаа харахад цаашдын зүг чигээ, алхах замаа олоод харчихсан. Бид ийм замналаар явах ёстой гэдгээ олоод харчихсан. Энэ замнал руу явахад ямар саад байна вэ гэдгээ, түүнийгээ хэрхэн гэтлэх вэ гэдгээ олж харсан. Хэрхэн 100 жил дээрээ очих вэ гэдэг дээрээ ярилцаж байгаа. Бидэнд хийх зүйл их байгаа. Өөрчлөх зүйлүүд бий. Ажил их байна. Ямар ч байсан маш сайхан ирээдүй харагдаж байгаа.
-Зургаадугаар сарыг зуны шөнийн теартай цуг үзэгчдэд бэлэглэж байна-
-Ярилцлагын төгсгөлд та яагаад заавал зуны шөнийн театр гэх консептийг барьж авах болсон талаараа ярьвал?
-Зургаадугаар сар гэдэг бол өвөрмөц сар. Үзэгчийг би хэрэглэгч гэж харья л даа. Зургаадугаар сард хөдөө явах гэхээр өвс ногоо сайн дэлгэрээгүй, оройдоо хүйтэн, агаарт гарвал ойр зуурхан гараад л. Жаахан хийцгүйрэх гээд байдаг шүү дээ. Тэгвэл энэ сард Улаанбаатарт бидэнд үзэх зүйл хэрэгтэй юм байна. Театрууд, хувийн продакшнууд ч тоглох нь ховор. Тэгэхээр зургаадугаар сард зуны шөнийн театрыг нээж үзье гэх бодол гарч ирсэн. Зургаадугаар сарыг зуны шөнийн теартай цуг бэлэглэж байна. Энэ сарыг сэтгэлгээний, гоо зүйн таашаалтай, тэсрэлттэй өнгөрүүлэх ёстой. Гол нь бид дурсамж бүтээх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.