2013 онд ҮХАА-н сайд Х.Баттулга Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮХС-гийн 23 ТЭРБУМ төгрөгийг 10 хоногт авч, 10 жил замхруулсан баримтыг бид өмнөх дугаарт нийтэлсэн билээ. Тодруулбал, 2013 онд Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх төслийн хүрээнд ХЭДС-аас 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны тухайн үеийн Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Наранцогтын гарын үсгээр сангаас гаргуулсан байдаг. Тэгвэл бид энэ асуудлаар С.Наранцогтоос тодрууллаа.
-2013 онд сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийн хүрээнд ХЭДС-аас 17 тэрбум төгрөг гарч ҮХААЯ руу шилжсэн. Тухайн үед та Хөдөлмөрийн яамны санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга байсан тул таны гарын үсэгтэйгээр төрийн сангаас энэ мөнгө гарсан байдаг. Гэтэл та үүнийг надад огт хамаагүй мэдээллээр гүтгэж байна гэж бичсэн. Энэ асуудал яагаад танд хамаагүй болчихсон юм бэ?
-Намайг тухайн үед шийдвэр гаргасан мэтээр бичсэн байна лээ. Би бол шийдвэр гаргах процесст оролцдог хүн биш л дээ. Тухайн үед би гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагч л байсан. Тэр утгаараа энэ чинь гүтгэлэг шиг болж байгаа юм. Тухайн үед шийдвэр хаана гарсан байна вэ гэдгийг танайд гарсан мэдээллийг харсан даруйдаа судалж үзсэн л дээ.
Шийдвэр бол Засгийн газраас гарсан юм билээ. Засгийн газраас аль эх үүсвэрээс ямар зориулалтаар санхүүжилт гаргахыг тодорхой зааж өгсөн байдаг. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зориулалттай зээлийг ХЭДС-гаас олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгачихсан байсан. Засгийн газрын хуралдаанд сайд өөрөө сууж байсан учраас процессоо мэдэж байж таарна. Хурлаас гарч ирээд өөрийн багцаас санхүүжүүлэх сайдын тушаал гаргаад тухайн үед би санхүүгийн газрын дарга байсан. Надад бүр нэр зааж өгөөд энэ санхүүжилтийг олго гээд тушаал гаргаж байсан.
-Та тэгэхээр 17 тэрбум төгрөгийг сайдынхаа гаргасан тушаалын дагуу сангаас гаргаж санхүүжүүлсэн байж яагаад одоо энэ зээл надад огт хамаагүй гэж өөрөөсөө холдуулаад байгаа юм бэ. Эргэн төлөгдөх нөхцөлтэй жилийн 7 хувийн хүүтэй зээл чинь эргэж төлөгдөөгүй 10 жил болсон байхад надад хамаагүй гэж ярьж болох юм уу?
-Хяналт тавих хүмүүс нь тусдаа. Сайдын тушаалыг харж болно. Тэр зээлийг төлүүлэх, араас нь хөөцөлдөж газар нь тусдаа байгаа.
-Та зөвхөн гарын үсэг зурж санхүүжилт олгох л үүрэгтэй гэсэн үг үү?
-Компаниар яривал санхүүч, нягтлан бодогч зөвхөн гүйлгээг л хийнэ шүү дээ. Шийдвэр гаргасан хүмүүс нь тусдаа субъект. Гаргасан гүйлгээг хариуцаж хянах нь тусдаа асуудал. Мөнгө шилжүүлж байгаа хүн чинь зөвхөн санхүүгийн албаны л өдөр тутмын ажлаа хийдэг. Өдөрт хэдэн зуун гүйлгээ тэр шийдвэрийн дагуу хийгээд л сууж байдаг шүү дээ.
-Ер нь санхүүгийн мэргэжилтэй хүмүүсийн хариуцлага маш өндөр учраас "тэг алдвал толгойгүй" гэж хүртэл ярьдаг шүү дээ. Үүнтэй адилхан та гарын үсгээ зурж санхүүжүүлэх гэж байгаа асуудлынхаа агуулгыг харж байж л шийддэг биз дээ?
-Тийм. Би санхүүжилт олго гэсэн тэр тушаалын дагуу л олгосон. Гарсан зээлийн араас хөөцөлддөг тусдаа газар байгаа. Санхүүгийн алба бол зөвхөн эх үүсвэрийг л шилжүүлж байгаа асуудал болохоос араас нь хөөцөлдөх асуудал ямар ч хамааралгүй.
-Та хуучин Сангийн яамны ТНБД хийж байсан. Сүүлд Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар хүртэл ажилласан санхүүгийн бодлого, төлөвлөлтөөр туршлагажсан хүн байж яагаад энэ асуудалд сэтгэл зовохгүй байгаа юм бэ. ЗГ-ын нэг тусгай сан дампуурах эрсдэлтэй байна?
-Би тухайн үед хийх ёстой ажлаа хуулийн дагуу хийж байгаад 2015 онд ажлаа өгөөд Сангийн яаманд буцаж ирсэн.
-Одоо тэгээд чанаргүй зээл гаргасан хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Танд хамааралгүй гэж байгаа бол тухайн үед танд санхүүжилт гаргахыг тушаасан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, цаашлаад тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нар хариуцлага хүлээх ёстой гэж та хэлэх гээд байна уу?
-Хариуцлагын асуудал ярих гэж байгаа бол үүнийг хуулийн байгууллагад өгөөд хэн хариуцлага хүлээх ёстой, хэн нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Хэн нь биелүүлэхгүй байх нөхцөл бололцоог бий болгосныг шалгуулаад тогтоолгох нь зүйтэй. Тухайн төрийн албан хаагчдын хувьд хийх ёстой ажил үүргээ л гүйцэтгэсэн. Тиймээс төрийн албан хаагчдын онцлог нь ажлын чиг үүрэг нь маш тодорхой байдаг. Тухайн ажил үүргийг биелүүлсэн эсэхийг одоо үед бол АТГ тогтоож байгаа. Нэгэнт асуудал үүсэж байгаа бол шүүх цагдаагаар явахад бүх асуудал тодорхой болно.