1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өчигдөр гэрээний үүргээ биелүүлсэн хэмээн үзэж зээлээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн сайд нарын тушаал ил болсон билээ.
Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Рэнцэндоржийн Чингис нь 2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд эрүүгийн эрх зүй мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт 32,025 ам.долларын өртэй байжээ.
Харин үүнийг нь 2009 оны "Зарим хүмүүсийг сургалтын төрийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан.
Р.Чингисийн хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2009 оны наймдугаар сарын 6-ны өдрийн ханшаар тооцож үзвэл, түүний 46 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.