Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Б.Мишээлт: Дэлхийн аваргын хүрэл медаль бол 14 жилийн минь хөдөлмөрийн үр шим

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 27 секунд

Олимпын тавцанд эх орныхоо нэрийг цуурайтуулж, төрийн далбаагаа мандуулах зорилго тамирчин хүн бүрийн сэтгэлд уяатай явдаг биз. Яг л тэрхүү мөрөөдлийг сэтгэлдээ тээн өөрийгөө дайчилж яваа бас боксын спортод амьдралынхаа 14 жилийг зориулж буй ОУХМ Б.Мишээлтийг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж ярилцлаа. Түүний хувьд саяхан болж өнгөрсөн Боксын ДАШТ-ий 67 кг-ийн жинд анх удаа хүрэл медаль хүртэж ирсэн бахархам амжилтын эзэн юм.

-Хэд дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээсээ энэхүү медалиа хүртэв?

-Хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээсээ хүрэл медаль зүүгээд ирсэн. Өмнө нь 2021 оны Белградын ДАШТ-д 63 кг-ийн жинд оролцож байсан. Энэ жилийн дэлхийн аваргаар 67 кг-ийн жинд жингээ нэмж ороод медалийн эзэн болоод ирсэн.

-Манай улсын хувьд ДАШТ-ээс анх удаа 67 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн томоохон амжилт болсон шүү дээ?

-Тийм. Маш их баяртай байгаа.

-Хүрэл медалийн болзол хангаад мөн медалиа гардаж авч байх үеийнхээ сэтгэгдлээс хуваалцвал?

-Мэдээж маш сайхан байсан. Миний 14 жилийн хөдөлмөр үр дүнгээ өгсөн. 14 жилийн маань хөдөлмөрийн үр шим. Тиймээс үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан.

-Боксын спортоор хичээллээд 14 жил болж байгаа гэлээ шүү дээ. Анх хэдэн настайдаа энэ спортод хөл тавив. Яагаад боксоор хичээллэх болсон бэ?

-Анх 12 настай байхдаа боксоор хичээллэж эхэлсэн. Миний өвөө одоо бурхны оронд байгаа. Өвөө маань бас ээжийн маань ах, миний нагац н.Бямбабаатар ах хоёр маань Спортын дунд сургууль дээр намайг хөтөлж, авч ирж өгсөн.

-Боксын спортоор хичээллэхээ шийдчихсэн байсан гэсэн үг үү. Эсвэл сонголттой байсан уу?

-Би бага ангидаа Эрдэнэт хотын IV сургуульд сурдаг байсан юм. Бас Эрдэнэтийн Хангардид хөл бөмбөгөөр хичээллэдэг, улсын аваргаас багаараа хүрэл медаль хүртэж ч байлаа. Гэвч манай улсад багийн спорт ирээдүй тун муутай гэж ярьдаг шүү дээ. Яг түүний адилаар өвөө, ах хоёр маань ч үүнтэй санал нийлдэг. Намайг багийн спортоор хичээллээд хөгжихгүй гэдэг байсан юм.

Түүнээс гадна 2008 онд Олимпын аварга төрөөд, өвөө, ах хоёр маань намайг боксоор хичээллүүлье, цаашдаа ирээдүйтэй бас намайг чадна гэж хоорондоо ярилцаад энэ спортод хөл тавиулсан юм. Гэхдээ Хангардийн боксын секцэд яв гэдэг байсан ч би хичээллэж байгаа гээд л хөл бөмбөгөө тоглоод яваад байдаг байсан юм.

Гэтэл өвөө маань намайг өөр дээрээ авна. Хотод сургана гээд анх хотод ирсэн. Тэгээд л намайг Спортын дунд сургуульд авч ирсэн. Ер нь бол боксоор хичээллэнэ гээд хэдийн сонгочихсон байсан гэсэн үг.

-Тэгэхээр ар гэрийнхэн бол хамгийн сайн дэмжигчид нь юм байна тийм үү?

-Тийм шүү. Өвөө, ах нар маань боксоор хичээллүүлж эхлэхэд бүгд л маш их дэмжсэн. Бас аав минь "Миний хүү боксоор хичээллэвэл ирээдүй байгаа" гэдэг байсан юм. Ер нь л маш олон хүн тэгж боддог. Нэг нь ч хориглож байгаагүй. Бүр Орос руу тэмцээнд явах гэхэд бүх зардлыг маань босгоод л явуулдаг байсан.

-Анхны юм бүхэн маш их дурсамжтай байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн анх ямар тэмцээнээс медаль хүртэж байсан бэ. Дурсамжаасаа хуваалцаач?

-Миний анхны багшийг н.Дашбурмаа гэдэг байсан. БТДС-ийн боксын дасгалжуулагч. Манай багш өөрөө Украйн улсын Киев хотод сургууль төгссөн учраас Орос улстай их холбоотой байсан. Тиймээс миний хамгийн анхны гурван тэмцээн Оросод болж байсан.

Гэхдээ хамгийн анхны тэмцээндээ ялагдал хүлээж байсан. 36 кг-ийн жинд оролцож байсан юм. Харин түүний дараагийн тэмцээндээ алтан медаль авч байлаа.

-Хүн ялалт, ялагдлаас их зүйл суралцдаг гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд ялалтаас бас ялагдлаас юу суралцдаг вэ?

-Ялагдлаас илүү их хичээх ёстой, өөрийгөө хурцлах ёстой, юу алдсанаа ухаарах ёстой гэж боддог. Харин ялалтаас илүү сахилга бат, даруу төлөв байх ёстой гэдгээ илүү их ухаардаг.

-Ялангуяа тамирчид сахилга бат гэдэг зүйлийг маш их баримталдаг юм шиг санагддаг юм. Таны хувьд ч мөн сахилга баттай байхыг нэгдүгээрт тавьдаг уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ хамгийн түрүүнд тууштай байдал, хоёрдугаарт сахилга бат. Энэ хоёр зүйлийг л хамгийн их эрхэмлэж явдаг.

-Спортгүйгээр амьдралаа төсөөлж байсан уу. Спортыг таны хувьд юу гэж тодорхойлох вэ?

-Спортгүйгээр өөрийгөө төсөөлж байгаагүй юм байна. Яагаад гэвэл намайг анх боксоор хичээллэж эхлэхэд манай өвөө, ах нар маань миний сэтгэлзүйг маш сайн бэлдчихсэн байсан. Анхны бэлтгэлд орохоос өмнө л намайг 2020 оны Олимпод чи орчихсон байх юм байна. Амжилт гаргасны дараа чамд маш их боломж нээгдэнэ гээд л маш их ярилцдаг байсан. Тэр ч утгаараа сэтгэлзүй маань хэдийнээ боксын спорттой нэгдчихсэн байсан гэсэн үг.

Бас спортыг юу гэж боддог вэ гэхээр "Өөрөө өөртэйгөө ажиллах чадвар" гэж хэлнэ. Яагаад гэвэл би боксоор хичээллэж эхэлснээс хойш үүнийг л маш сайн суралцсан.

-Таны гэр бүл, ойр дотнын хүмүүс дунд нь спортын хүн бий юу?

-Аав маань залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан.

-Сүүлийн үед боксын тамирчид "Мэргэжлийн бокс"-д илүү их дурлаад байна уу гэж харж байна. Таны хувьд ч мөн сонирхож байна уу. Ер нь цаашдын зорилго, төлөвлөгөөнүүд нь юу байна?

-Эхний ээлжид гэвэл би 2024 оны олимпыг л зорьж байна. Ирэх есдүгээр сард Азийн наадам болно. Гэхдээ эхлээд манай улсад сонгон шалгаруулалт явагдана. Түүний дараа Азийн наадмаас олимпод оролцох эрхээ авна. Тиймээс хамгийн эхэнд олимпод оролцохыг зорьж байна. Харин цаашид яах эсэхээ төлөвлөөгүй, урдах зорилгодоо төвлөрөөд байж байна.

-Олимпын бэлтгэлдээ хэзээнээс эхэлж гарах вэ?

-Удахгүй бэлтгэлдээ гарна. Одоохондоо ДАШТ-ий дараах сэргэлтийн хугацаа буюу амралтаа аваад байж байна.

-Бэлтгэлээ хийхээс гадна бусад чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа их олон зүйл хийх дуртай. Усанд сэлэх дуртай, снөүбордоор хичээллэх дуртай.

-Тэгвэл та тамирчин хүний нүдээр харахад манай улс спортын салбараа хир дэмждэг санагддаг вэ. Төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг хир байдаг вэ?

-Хүүхэд байхад ямар ч тэмцээн уралдаанд явсан зардал мөнгөө өөрсдөө олдог байсан. Харин өөрөө сайн байгаад шигшээ багтаа багтчих юм бол улсад байр, унаа гээд зардал мөнгийг нь гаргачихдаг юм.

-Манай улсад боксын спорт ямар шатанд явж байна гэж харж байна. Ер нь энэ спорт хөгжиж чадаж байна уу?

-Хөгжиж байна гэж харж байгаа. Хүүхэд, залуус ч их сонирхдог болж түүнийгээ дагаад өрсөлдөөн ч их болж. Манай улсын хувьд дунд болон бага жингүүдэд өрсөлдөөн ихтэй, дээд жингүүдэд өрсөлдөөн бага байдаг л даа. Гэхдээ маш сайн хөгжиж байгаа шүү.

-Хамгийн сүүлчийн асуултаа асууя. Та ринг дээр гараад яг юу мэдэрдэг вэ?

-Тулааны явцад маш их хяналттай байдаг. Өөрийнхөө бэлдсэн зүйлсээ, хийх ёстой зүйлээ маш сайн боддог. Нэг их ялах гээд төвлөрөөд байдаггүй. Чадах зүйлээ л харуулахыг хичээдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Алтжин групп компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч, Англид сурчээ
Алтжин групп компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч, Англид сурчээ
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.