“Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэж тунчиг хоржоонтой үг бий. Товчхондоо, өнгөрсөнд бас өнөөдөр Төрийн ордонд сууж буй парламентын 76 гишүүн бол бидний тусгал бас сонгосон сонголт. Бид л жил бүрийн зургадугаар сард ...дугаар сургууль, цэцэрлэгийн танхимд өөрийн биеэр очиж дугуйлсан сонголтынхоо үр дүнгээр өнгөрсөн 30 жилээ удирдуулав. Магадгүй тэр дунд миний, чиний, таны сонголт сонгогдож гарч ирээгүй ч гэлээ нийт массын 50 орчим хувийн саналыг авч сонгогдсон хүмүүс төр удирдаж буй нь үнэн. Тиймээс ямар ард түмэн ямар төрийг сонгосон бэ гэдгийг ч түүх үнэнээр харуулсаар байгаа билээ. Гэхдээ цаашдаа энэ хэвээр яваад байх уу гэдгийг өнөөдөр харин та, бид өөрсдөөсөө асуух цаг нэгэнт болжээ. Товчхондоо, өөрчилсөн шиг өөрчлөх үү, эсвэл энэ 76-гаа ээлж дарааллан сонгосоор байх уу гэдэгт хариулт өгөхөөр Монгол Улсын хэмжээнд уулзалт, хэлэлцүүлэг өрнөж байна. “Намайг сайд болгочихвол би та нарын цалинг нэмнэ дээ” гэж даапаалагсдыг нэг хэсэг нь сонгож, нийгэм, улс төр, эдийн засгийг чинь ингэж өөрчлөөд өгье, улс шиг улс болж хөгжье гэсэн зөв бодолтой, зөв сэтгэхүйтэй хэсэг бүлэг нь нийтийн дунд хаягдаж үлддэг тогтолцоо, тоо хоёртойгоо зууралдсаар байх эсэх тухай маргаан мэтгэлцээн өрнөж байгаа хэрэг. Төрийн ордонд өнөөдөр 3.4 сая монголчуудын төлөөлөл бүгд суугаагүй та бид хангалттай мэддэг. Нийт сонгогчдын ердөө 45 хувийнх нь төлөөлөл үнэмлэхүй олонхийг бүрдүүлснийг ч мэдэж буй. Өнгөрсөн 30 жилд улс төрийн сонгууль явуулсан тогтолцоо буруу байгааг ч нийтээрээ хүлээн зөвшөөрчихлөө. 76 улстөрч нь ард түмэнд биш эсрэгээрээ бүлэглэл, эрх ашигт үйлчилж, кнопны наймаа цэцэглэсээр байгааг ч хүлээн зөвшөөрч байна, тэд. Авлигын индексээр Монгол Улс жил бүхэн ухарч, 145 улсаас 85-д эрэмбэлэгдэж байгаа. Аргаа барахдаа төр нь авлигатай тэмцэхээр төлөвлөгөө боловсруулж, улс орон дамжин авлигачдаа хайж, шагнал урамшуулал амлаж байх юм. 586 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотдоо 1.6 саяулаа шахалдаж, түгжрэл, стрессээс гадна азын сугалаанд найдан амьдарч буйгаа шүүмжилдэг, өдөр бүхэн үүний талаар хэлэлцдэг, маргалддаг. Ядуурлын хувь нийт хүн амын 28 хувийг эзэлчихлээ. Ажилгүйдэлд нэрвэгдэж, цалингийн хангалтгүй тогтолцооноос үүдэн улсаасаа залуус нь дайжсаар буй. Популист улстөрчид, шантаажлагчдын хар гайгаар Засгийн газрын дундаж наслалт нь 1.5 байлаа. Төрийн тогтворгүй байдлаас үүдэн Монголоор дүүрэн бялуу хүртэгсэд, цүнх баригсад хөлхөлдөж, сайд, даргын эх орон болсныг таксины жолооч ч толгой сэгсрэн ярьж байх юм.
Төрийн ордондоо багтах эсэх нь жижигхэн шалтгаан
Гэвч үүнийг зоригтой өөрчилцгөөе л дөө хэмээхэд тэд харин толгой сэгсэрч, дийлэнх олонхи нь “үгүй” хэмээн хариулж байх юм. Шалтгаан юу вэ. Нөгөө л мөнгөний сонгууль, популист улстөрчдийн хоржин үйлдэл, толгой эргүүлсэн худал хоосон амлалтад өнөөдрийг хүртэл хууртсаар байгаа учраас тэр л дээ. Сонгуулиар 5, 10 төгрөг атгуулаад эрх мэдэлд хүрчихдэг, тогтолцоог өөрчилчихвөл сонгогдож чадахгүйгээ мэдэж буй “өтөл” улстөрчдийн арга залиас өнөө хэр бид гарч чадаагүй байна. Тооны олонд бус, тогтолцооны өөрчлөлтөд бус тэдний хоосон хий амлалт, сонгууль ойртохоор барьж ирдэг бидон, саванд “хайртай” учраас тэр. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчлөх гэж зүтгэдэг бус төрөх ор бэлэглэхээр чирээд ирдэг увайгүй улстөрчдийгөө дахин, дахин сонгодог байдлыг нийт олноороо бус цөөхөн хэд нь хүссээр байгаа учраас тархи угаалтыг ч популистууд амжилттай хийж чаджээ. Хэн нь ч “76 даргаас 126 төлөөлөгчтэй болъё, нэг намын дарангуйллаас гарч нийгмийн олон төлөөллийг багтаасан эрүүл парламентыг бүрдүүлье” гэсэн мессежийг олж харж чадахгүй болтол нь “поп”-ууд орон зайгаа бэлтгэцгээж. Эсрэгээрээ Төрийн ордондоо багтах уу, 76 луйварчнаа яая гэж байж дахиад түүнээс олныг туслах, зөвлөхтэй нь тэжээж чадахгүй гэсэн ойрын бодолдоо хүлэгдэн, эсэргүүцсээр. Гэтэл асуудлыг арай өөрөөс хараад үзвэл энэ нь маш жижигхэн шалтгаан төдий. Төрийн ордондоо 99-үүлээ, эсвэл 108-уулаа, цаашлаад 126-уулаа багтах эсэх нь тэдний сонголт. Нэг өрөөндөө гурвуул, дөрвүүлээ суугаад, зөвхөн төлөөлөгчийн ажлаа хийхэд болчих зүйл. Нэг улстөрчид оногдож буй 2-3 зөвлөх туслахаа цөөлөөд ажиллахад л хэрэг явдал шийдэгдчихнэ. “Би бол ард түмний элч төлөөлөгч бус дарга” гэсэн сэтгэхүйгээр хандаж, ганцаараа 2-3 тасалгаатай өрөө эзэгнэж суудгаа багасгачихвал дөрвөн давхар байранд 1500 хүн ч бэлхнээ багтчихна. Гишүүний тэрбум, тойрог тойглох мөнгө, утас байрны дэмжлэг гэсэн илүү зардлаа танахад л 126 байтугай төлөөлөгч хямд зардлаар улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадна. Харин 76 кнопыг худалдаж авдаг бүлэглэл 126 хүний өмнө хүчгүйдэх учраас бүлэглэл, гадны компаний эрх ашигт нийцсэн бус ард түмний төлөө гэсэн шийдвэр энэ танхимаас гарах болов уу гэсэн эрүүл сэтгэхүй бидэнд яг одоо хэрэгтэй байгаа юм. Казахстан зэрэг улс орнуудад бүх яам, агентлагууд нь нэг том байранд багтаад үйл ажиллагаа явуулчихдаг юм билээ. Эсрэгээрээ Монгол Улсад яам болгон тусдаа байртай. Агентлаг, хэлтэс, харьяа газрууд нь тэнгэр баганадсан өргөөнд тухалж буй. Үүнд багахан зохицуулалт хийгээд яамдыг агентлагтай нь нэгтгэж, Ерөнхийлөгч, Засгийн газар нь суларсан байранд нүүгээд ороход ч гэмгүй. Энэ мэтээр өрөө тасалгаа, зөвлөх туслахын цалин гэсэн жижиг шалтаг, шалтгааныг шийдэх шийдэл мянга, түмээрээ байгаа билээ. Тиймээс асуудлыг эрүүлээр харахыг хүсвэл арай өөр байдлаар үгээ хэлье, үзэл бодлоо илэрхийлье хэмээн уриалж байгаа хэрэг л дээ.
Ямар ард түмэн гэдгээ харуулж, тийм төрөө байгуулцгаая
Холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулаад ирлээ гэхэд намын жагсаалтын ард “хулгайч” нарыгаа нуухгүй гэсэн баталгааг Ерөнхий сайдаас, УИХ-ын даргаас асууцгаая, хэдүүл ээ. Нэр нүүрээ бартлаа УИХ-д сонгогдчихсон тэтгэврийн өвгөчүүл, популист улстөрчдөө тэнд багтаахгүй гэсэн амлалтыг шаардацгаая. Нийгмийн бүх төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуус, эмэгтэйчүүдийн квотыг ижил тэгш оруулж өгөөч гэж хүсэлт гаргацгаая. Энэ бол эрүүл шаардлага. 126-уулаа болчихоод даргын системээс хэрхэн ангижрах юм бэ гэдгийг тэднээс асууя. Сонгуулиар мөнгө тараадаг, бэлэг өгдөг, бардам амладаг, эрх ашигт хүлэгдсэн хуулийн өмнө кнопоо үнэлдэггүй улстөрчийг яаж бий болгох юм бэ гэдгийг асууя. Энд хариулт нэхэцгээе. 126 төлөөлөгч чинь ирэх цоо шинэ 30 жилд Финлянд, Сингапур, Норвеги шиг биднийг хөгжүүлж чадах уу гэдгийг асууя. Тооны хувьд олон гишүүнтэй ч хүн амын тоо нь адилхан эдгээр улс орнууд хэрхэн хөгжиж, парламентын тэр олон гишүүд нь ямар системээр, яаж улс орноо хөгжүүлээд, хуулиа батлаад, эрх ашиг, авлигад ажиллахгүй ажиллаж болоод байгаа туршлагыг судалж ир хэмээн шаардмаар. 48 мянган иргэнийг нэг улстөрч төлөөлж чадахгүй байгаа бол энэ тоог 28 мянга болгож бууруулсны дараа миний, бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ гэсэн бодлогын асуулт, бодлогын эсэргүүцлээр хандмаар байгаа юм. Олон намын төлөөлөл чинь тогтвортой засаглал бүрдүүлж чадах хөрс суурийг Үндсэн хууль болон бусад дагалдах хуульдаа тусгаж өгөөрэй хэмээн УИХ-ын гишүүдэд захимаар байна. Үндсэндээ өнгөрсөн долоо хоногт улс даяар өрнөсөн хэлэлцүүлэг, уулзалтаас ийм эрүүл санал шүүмжлэл гарсангүй гэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй байх аа. Бид ямар сэтгэхүйтэй, ямар бодлоготой ард түмэн бэ гэдгээ тэдэнд харуулсан шиг харуулахсан. Хялбар тогтолцоо, хямдхан улстөрчийн кнопоо олон дахин ашиглах гэсэн “поп”-уудад үгүй гэж хэлж чаддаг, өөрсдийн хувь заяа, төлөөллийн төлөө жинтэйхэн дуугарахсан, монголчууд минь. Хэдийгээр 126 өнөөдөр их мэт харагдаж буй ч энэ тооны цаана ямар олон эрх ашиг унаж, ямар олон кноп хүчгүйдэж, ямар олон бүлэглэл нуран унахыг эрүүлээр харахсан. Холимог тогтолцоог Үндсэн хуульдаа суулгаснаар нэг намын дарангуйлал, үнэмлэхүй олонхийн хүч түрсэн байдлаас ангижирч, олон намын тогтолцоотой, эрүүл шударга төр бий болж чадна гэсэн гэрэл гэгээг олж харахсан. Тиймийн учир 1992 онд улс нийтээрээ шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж байсан шиг хэлэлцүүлэг, уулзалтыг идэвхтэй харж, сошиал хөөсрөлөөр асуудлыг харах бодлоготой бас эрүүл сэтгэхүйгээр энэ бүхнийг олж уншиж, судалж, харьцуулж, наад цаадахыг тунгаан бодоосой хэмээн хүсэх байна. Тэд бол дарга биш бидний төлөөлөгчид юм шүү. Дараагийн 30 жилд хэнээр, юугаар, аль нам эвслээр төрөө удирдуулах вэ гэдэг сонголтоо 2024 онд ...дугаар сургууль, цэцэрлэгт очиж дахин хийх учраас “долоо хэмжиж нэг огтолж”, дороо суурьтай, дотроо бодолтой хандмаар байх юм. Төрийн ордонд багтах, зөвлөх туслахын цалингийн зардлын тухай маргаан бус бидний ирээдүйн 30 жилийн түүхийг эдгээр хуулиудын нэмэлт өөрчлөлт шийднэ. Тоогоо ч нэмье, төлөөллийн зарчмаа ч хангая. Тогтолцоондоо салхи оруулж төрд тогтсон дарангуйллаас гарцгаая. Үүнийг гагцхүү таны мэргэн ухаан шийдэх нь ээ. Ямар ард түмэн гэдгээ харуулж, тийм төрөө ч байгуулмаар байна.
Б.ӨНӨРТОГТОХ