Саяхан л бүгд амны хаалтнаас салдаггүй байлаа. Гэвч цар тахлын нөхцөл байдал намжиж манай улс ч хорио цээрийн дэглэмгүй болсон. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх үеэрээ Ковид-19 нэмэгдэх хандлагатай байгааг мөн Омикроны дэд хувилбар шинээр илэрсэн талаар мэдээлсэн. Нэг хэсэг цор хийтэл ханиах төдийд хамар амаа дардаг байсан бид өнөөдөр омикроны дэд хувилбар илэрсэн гэх мэдээнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа юм. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг ковидын нөхцөл байдлын талаар иргэдэд дахин мэдээлэл өгөх үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар "Ковид-19" дэгдсэнээс хойш нийт 765 сая тохиолдол батлагдсанаас 6.9 сая хүн амиа алджээ. Он гарснаас хойш дэлхий нийтэд "КОВИД-19"-ийн тохиолдол тогтвортой буурч байгаа бөгөөд сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Хэдий дэлхий дахинд халдвар буурч байгаа ч зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30-80 тохиолдол бүртгэгджээ. Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байгаа ба уг вирус нь манай улсад ч мөн бүртгэгдээд амжсан юм.
Бид ХӨСҮТ-ийн эмч н.Ариунбилэгээс дараах мэдээллийг авлаа. Тэрбээр,
ХӨСҮТ-д 145 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 3 нь хүнд байна
"Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д Ковид-19-ийн халдвартай 145 өвчтөн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногийг бодвол харьцангуй нэмэгдсэн. Түүнээс гадна одоогоор манай улсад Омикроны дэд хувилбар болох ХВВ.1.5 вирус илэрсэн. ХВВ.1.5 омикроны дэд хувилбар мөн л адил халуурна, ханиалгана гэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс ард иргэд тайван амгалан байхаас илүүтэй цар тахлын үед дагаж мөрддөг байсан гараа угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын энгийн дэглэмээ баримтлах хэрэгтэй. Ковид нэмэгдэж байна.
Түүнээс гадна хавсарсан өвчтэй хүмүүс мөн хэвтэрт байгаа гэдэг ч юм уу ужиг суурь өвчтэй хүмүүс, өндөр настнууд ковидоор өвчилбөл хүндрэх эрсдэлтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт одоогоор гурван өвчтөн эмчүүлж байна.
ХӨСҮТ-ийн хувьд ачаалал ихтэй байгаа. Ковидоос гадна цэврүү тууралттай халдварт өвчнүүд, гар хөлний халдварт өвчнүүд, амьсгалын замын халдварт өвчнүүд их байгаа учраас ачаалалтай ажиллаж байна" гэлээ.
ХӨСҮТ-өөс өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт дараах мэдээллийг өгсөн. Тодруулбал,
"Омикроны дэд хувилбар болох "XBB.1.5" мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр байна. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч, тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байна. Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш боллоо гэж зарласан ч олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг ХӨСҮТ-өөс зөвлөсөн" юм.
Хэдий Ковидын нөхцөл байдал сайжирсан хэдий ч Омикроны дэд хувилбарууд өдрөөс өдөрт нэмэгдвэл ард иргэдийн эрүүл мэнд дахин хүнд байдалд орно. Гэхдээ нийслэл хотын иргэдийн 20 хүн тутмын нэг нь амны хаалт зүүсэн нь өөрсдийн эрүүл мэнддээ төдийгүй бусдын эрүүл мэндэд ч онцгой хувь нэмэр үзүүлж буйн тод жишээ.
Магадгүй та хотын гудмаар гараад алхахад амны хаалт зүүсэн иргэдийг нилээдгүй харах байх. Иймд бид иргэд Ковид-19-ийн хадвар нэмэгдэж байгаа эсэхийг мэдэж байгаа эсэхийг тодрууллаа.
Ковидын халдвар нэмэгдэж байгаа талаар сонссон
Иргэн Д.Туяа "Ковидын халдвар нэмэгдэж байгаа талаар сонссон. Гэхдээ эмээ нь гэрээсээ нэг их гараад байдаггүй болохоор яг сайн хэлж мэдэхгүй юм. Дархлаажуулалтдаа хамрагдчихсан болохоор нэг их айж, санаа зовохгүй байна. Гадуур явахдаа маскаа сайн зүүх хэрэгтэй байх" гэсэн юм.
Харин өөр нэгэн иргэн М.Балдан,
Омикроны шинэ хувилбар илэрсэн гэсэн учраас маскаа зүүж байна
"Ковидын халдвар нэмэгдэж байгаа гэсэн. Тийм болохоор маскаа зүүгээд явж байгаа. Өмнөх шигээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж байвал бүгдэд нь тустай шүү дээ. Дээр нь Омикроны шинэ хувилбар нэмэгдэж байгаа гэдэг мэдээлэл фэйсбүүкээр явж байна лээ. Тиймээс хүн бүр маскаа зүүгээсэй гэж хүсэж байна" гэлээ.
Ковидын шинжилгээ өгөх хүн цөөрчээ
Бид сурвалжилга хийх явцдаа УНТЭ-т очсон юм. Тус эмнэлгийн гадна Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгээр дайрахад ажиллах цагийн хуваарь хэдийн дууссан байв. Учир нь ковидын түргэвчилсэн шинжилгээ авах тус цэг нь ажлын өдрүүдэд,
- Өглөө 08:30-12:00 цаг
- 13:00-15:00 цагийн хооронд ажилладаг бол,
- Амралтын өдөр зөвхөн бүтэн сайны 10:00-12:00 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг байна.
Иймд бид ковидын шинжилгээг иргэд хир идэвхтэй өгч байгаа талаар "Тод онош эмнэлзүйн лаборатори"-оос тодруулахад, "Иргэд Ковидын түргэвчилсэн болон ПСР шинжилгээг маш бага өгч байна. Долоо хоногт 1-2 л үйлчлүүлэгч ирж шинжилгээ өгч байна" хэмээсэн юм.
Үүнээс үзэхэд иргэд ханиадны шинж тэмдэг илэрсэн ч ковидын шинжилгээ өгөхгүй, хамрагдахгүй байгаа гэдгийг харж болох юм.
Мөн иргэн Г.Эрхэс ковидын нөхцөл байдлын талаар болон шинжилгээний талаар байр сууриа илэрхийлэхдээ,
Ихэнх үзвэр, үйлчилгээ мөн зарим улс орон ковидын шинжилгээний бичиг шаардахгүй байгаа учраас шинжилгээ өгөх хүн цөөрсөн байх
"Нэг хэсэг хүмүүс ковид туссан ч бай үгүй ч бай шинжилгээ өгдөг байсан. Одоо харин больсон юм шиг харагдаж байна. Магадгүй хорио цээрийн дэглэм байхгүй, ихэнх үзвэр, үйлчилгээний байгууллагууд бас зарим улс ч ковидын шинжилгээний бичиг шаардахгүй байгаа болохоор тэр байх. Түүнээс гадна хүмүүс нэг их анхаарахаа больсон юм шиг санагдаж байна. Сүүлийн үед ковидын нөхцөл байдал нэмэгдэж байгаа ч нэг их ач холбогдол өгөхгүй байгаа болов уу" гэлээ.
Түүнээс гадна бид сурвалжилга хийж явахдаа УНТЭ-ийн гадна олон жил худалдаа эрхэлж буй иргэн Б.Батнууртай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр,
Маск худалдаж авах хүн цөөхөн байна
"Телевизээр коронавирусийн халдвар нэмэгдэж байна гэж ярьж байна лээ. Гэхдээ хүмүүс макс авахгүй байна. Худалдан авалт ч муу байна. Маск зүүж байгаа хүмүүс ч ер нь харагдахгүй юм. Угтаа ковидын халдвараас бүгд л өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийг маскаа зүүхийг уриалах хэрэгтэй байх. Үр хүүхэд, өөрсдийгөө хамгаалах нь чухал" хэмээсэн юм.
Гудамжаар алхаж буй хүмүүс дунд масктай хүн тун цөөн. Гэхдээ тэд ковидын тархалт тэр дундаа омикроны шинэ хувилбар нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг сонссон ч хэдийн ач холбогдол өгөхөө больжээ. Тийм ч учраас ХӨСҮТ-өөс анхааруулга мэдээг хүргэж, иргэн бүрийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриалж буй. Магадгүй "ханиад байх" хэмээн тоолгүй явсаар коронавирусийн халдварыг хүндрүүлэх нөхцөл бий
болгох вий. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг ковидын нөхцөл байдал хүнд байгааг иргэдэд дахин нэг сануулах үүднээс дээрх сурвалжилгыг бэлтгэлээ.