Өнгөрөгч хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн УБТЗ ачаа тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдийг нэг цэгээс ажиллуулж эхэлсэн. Түүнээс гадна UBTZ.mn сайтаар дамжуулан тээвэртэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжийг олгож буй. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаараа УБТЗ-ын нэг цэгийн үйлчилгээ хийгээд UBTZ.mn сайт болон АТҮЦ системийн онцлогийг иргэд олон нийтэд хүргэхээр бэлтгэлээ.
Бид УБТЗ-ын Удирдах газарт очиход иргэд нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж байв. Нэг цэгийн үйлчилгээнд холбогдох чиглэлийн инженерүүд иргэд болон ААН-үүдэд зөвлөгөө мэдээлэл өгч байлаа.
УБТЗ ачаа, тээврийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээс хойш хэдийн гурван сарын нүүрийг үзжээ. Өмнө нь иргэд болон төмөр замаар үйлчлүүлэх байгууллагууд холбогдох мэдээллээ түргэн шуурхай, үнэн зөв авч чаддаггүй байсан бол нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр асуудлаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой болсон байна. Бид энэ талаар УБТЗ-ын ТЗБА-ны ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Сарангэрэлээс тодруулахад тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.
Нэг цэгийн үйлчилгээгээр 262 ААН үйлчлүүлж, ачаа тээврийн үйлчилгээг түргэн шуурхай авсан
"Ачаа тээврийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 262 ААН мөн 60 гаруй хувь хүн үйлчлүүлсэн байна. Нэг цэгийн үйлчилгээг яагаад нэвтрүүлэх болсон бэ гэвэл иргэд ачаа, тээврийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах хэрэгтэй учир нэвтрүүлсэн. Түүнээс гадна иргэд UBTZ.mn сайтаар дамжуулан бүх мэдээллийг авах бүрэн боломжтой.
Нэг цэгийн үйлчилгээ байгуулагдсанаар холбогдох инженер, мэргэжилтнүүд ажиллаж, холбогдох мэдээллийг иргэдэд өгч үйлчилж байна. Түүнээс гадна Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦ/ системээр дамжуулан гэрээ хийсний үндсэн дээр ачааны захиалгыг цахимаар авах, вагонуудынхаа мэдээллийг буюу вагон хаана явж байгаа, хэзээ ачилт хийгдсэн, ачилт хийгдсэнээс хойш ямар өртөөн дээр зогсож байна гэх зэрэг үйлчилгээг авч болно. Тиймээс энэ бүгдийг багцлан нэг цэгийн үйлчилгээнээс авч болно.
2021 оноос эхлэн ачааны вагоныг тээвэрт оролцуулах болсон. Үүнтэй холбогдуулан өртөөн дээр вагоны дараалалтай холбогдуулан олон төрлийн санал хүсэлт ирдэг. Тиймээс хэд хэдэн өртөөнд "Ил тодын дэлгэц"-ийг байрлуулсан. Үүнээс вагоны ил тод байдлыг, дарааллаараа явж байгаа эсэхийг харж болно. Мөн үүн дээрх мэдээллийг өмнө хэлсэн UBTZ.mn сайтаар ч авч болно" гэлээ.
Нэг цэгийн үйлчилгээнээс ямар, ямар үйлчилгээг авах боломжтой вэ,
Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ:
- Транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ
- Тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах гэрээ
- Салбар замд вагон тавьж өгч, татан авах гэрээ
- Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программ ашиглах гэрээ
Ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ:
- Ачаа вагоны хаяг солилт, ачилт буулгалтын үйл ажиллагааны мэдээлэл
- Ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөөг авч болно.
Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж буй иргэн Х.Солонго, "Өмнө нь УБТЗ-д нэг цэгийн үйлчилгээ байдаггүй байсан. Тухайн үед төмөр замтай, ачаа тээвэртэй холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч чадахгүй цаг алддаг байсан бол нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч чадаж байна. Түүнээс гадна UBTZ.mn сайтаар ч дамжуулан мэдээлэл авах боломжтой юм байна" гэв.
Тэгвэл дурдсан UBTZ.mn сайтын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн үйлчилгээ хариуцсан инженер Ц.Уянгаас авсан юм.
Үйлчлүүлэгчид UBTZ.mn сайтаас тээврийн хөлсний мэдээллийг хамгийн их авдаг
Тэрбээр, “УБТЗ-ын тээвэртэй холбоотой үндсэн сайт бол UBTZ.mn сайт. Уг сайтаар экспортын нүүрсний ачилтын вагонуудын жагсаалтын дараалал болон ачих ачааны тээврийн хөлс бодох программыг шинэчилж оруулсан байгаа. Манай веб сайт нь мэдээ цэс рүү орж ачилтын ерөнхий захиалгын дараалал, нүүрсний дараалал, мөн шилжүүлэн ачилтын дараалал, чингэлэг хайлтуудыг харах боломжтой.
UBTZ.mn сайтаас иргэд ачааны үнэ өртгийн мэдээллийг хамгийн их авдаг. Тодруулбал, аль өртөөнөөс аль өртөө хүртэл ямар төрлийн ачааг хэдэн төгрөгөөр ачих вэ гэдэг тээврийн хөлсийг тодорхой харах боломжтой. Мөн ачилтын вагоны жагсаалтыг ил тод болгохын тулд өглөө бүр PDF файлаар байршуулж байна” хэмээсэн юм.
Түүнээс гадна гэрээ хийсэн ААН-үүд дээрх мэдээллийг АТҮЦ системээр түргэн шуурхай авдаг талаар Салбар зам, АТҮЦ хариуцсан инженер Х.Мөнхдэлгэр дараах мэдээллийг өглөө.
АТҮЦ системийг ашиглан вагон хаана явж байгааг цаг алдалгүй мэдэх боломжтой
"Төмөр замаар ачаа тээвэрлэх хүсэлт өгч буй ААН-үүд онлайнаар АТҮЦ системийн эрхийг авснаар экспортын ерөнхий захиалга болон орон нутгийн хаяг солилт, орон нутгийн ачаа тээвэрлэх захиалга гэх мэт үйлчилгээг авах боломжтой байгаа. Энэхүү программыг ашигласнаар тухайн ААН-үүд маань ачилт, ирэлт, төлбөр тооцоо, вагон хайлтын мэдээллийг авах бүрэн боломжтой. Иргэдийн зүгээс вагон хаана явж байгааг ихэвчлэн залгаж асуудаг.
Харин АТҮЦ системийг ашигласнаар вагон хаана явж байгаа болон ачаа, тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг авах боломжтой" хэмээсэн юм.
Харин бид АТҮЦ системийг ашигладаг "MRT карго"-ны талбайн менежер Э.Мөнхтуяагаас дараах мэдээллийг авсан юм.
АТҮЦ системийг ашигласнаар цаг хугацаа хэмнэдэг
"Манай компани АТҮЦ системийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашигладаг. Ингэснээр цаг хугацаа хэмнэдэг, түргэн шуурхай байдаг. АТҮЦ систем нь үйлчлүүлэгч бидэнд бүрэн гүйцэт боловсруулсан мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгдгөөс гадна вагон хайлтын талаарх мэдээлэл, өртөөнүүдийн код болон бичиг баримтын ангилал, ялгалтын мэдээллээр хангадаг. Түүнээс гадна ачилтын захиалгыг түргэн шуурхай өгдгөөрөө онцлогтой санагддаг" гэлээ.
Мөн Нийслэл Улаанбаатар хот, Олон-Овоо, Мааньт, Чойр өртөөнд Ил тодын дэлгэцийг байрлуулжээ. Уг дэлгэцээс иргэд ачаа тээврийн үйлчилгээг авах боломжтойгоос гадна зөвхөн уг дэлгэцээр бус өмнө хэлсэн UBTZ.mn сайтаас гар утсаараа ч түргэн шуурхай мэдээлэл авах боломжтой аж.
Иргэдийн зүгээс ч мөн төмөр замтай холбоотой тэр дундаа ачаа тээврийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүйгээр гар утсаараа дамжуулан авах мөн нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой юм.