Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний хулгайн“ сонсголоо хийж чаддаггүй түр хороог ТАТАН БУУЛГАЯ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 6 секунд

"Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" Хянан шалгах түр хорооны ажил дуншиж, гишүүд нь бүлх залгисан мэт дуугүй холхисоор жилийн нүүрийг үзэх нь.

Угтаа хянан шалгах түр хороог байгуулах болсон шалтгаан нь "Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 18.0 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох явдал юм.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд дараах УИХ-ын гишүүд байдаг бөгөөд тусгай шалгалт явуулж, шалтгаан нөхцөл тогтоох ажлын хэсэгт шинжээчдийн баг мөн томилогдон ажиллаж буй.

Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон түр хороо гэнэтхэн сонсголоо хойшлуулсан нь нийгэмд ч улс төрийн хүрээнийхний дунд ч олон талаараа хардлага төрүүлж эхэлсэн нь мэдээж.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдын тайлбарласнаар АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаарах зарим мэдээлэл сонсголоор ил болж ажиллагаанд саад учруулж болзошгүй тул сонсголыг хойшлуулах санал гаргасныг хүлээж авч шийдвэрлэсэн хэмээн ярьж байв.

Цаад агуулгаараа эрх баригчид нүүрсний сонсгол явуулах дургүй байна уу гэсэн хардлагыг эс үйлдэхгүйгээрээ тэд харуулж байх шиг. Асуудал АТГ-т биш, Түр хорооныхонд өөрсдөд нь байна гэсэн шүүмжлэл өрнөж Түр хорооны дарга Г.Ганболдыг ажилдаа хариуцлагагүй хандаж буй тул солих тухай хүртэл асуудал саарал ордноор ил далд яригдах болжээ.

Асуудал яригдахаас ч аргагүй. Тодруулж хэлбэл Түр хороо үлдсэн ганц сарын хугацаанд сонсголыг зохион байгуулаах магадлал тун бага. Саяхнаас ҮХНӨ-ийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд хуулийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь авахаар тойргууддаа ажилласан юм.

Үндсэн хуулийг төслийг 45-аас дээшгүй хоног хэлэлцэх ёстой бөгөөд энэ хугацаанд бусад хууль, тогтоомжийг хэлэлцэх боломжгүй. Мөн энэ долоо хоногт хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж буй. Үндсэндээ УИХ зургаадугаар сарын дунд үеийг хүртэл завсаргүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Түүний цаана энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар төлөвлөөд байсан олон чухал хуулиуд "түгжрэл" үүсгэн хүлээж байгаа.

Үлдсэн нэг сарын хугацаанд Хянан шалгах түр хороо амжиж сонсголоо хийж чадахгүй бол тойрог нь дошгирсон дээрх гишүүдээс нэхэх хариуцлага ирэх сонгуулийг отож буй.

Дашрамд сануулахад, Хянан шалгах түр хорооны хийх ажлын хүрээг УИХ-аас баталсан тогтоолд дараах байдлаар заасан байдаг. Тухайлбал,

1/Ханги, Байтаг, Замын-Үүд, Гашуун сухайт, Булган, Бичигт, Шивээ хүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа;

2/боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо;

3/боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа;

4/боомт, хилийн бүс дэх газар олголт, газар ашиглалт болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа;

5/нүүрсний тээвэр логистик /хилээр нэвтрэх төмөр зам, авто тээвэр, тээврийн хэрэгслийн зардлын өсөлт/;

6/экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт;

7/уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээний эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал;

8/чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн орчны болон төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа зэрэгт тусгай шалгалт хийж 6-р сарын 10-ны дотор УИХ-д тайлангаа хүргүүлж татан буугдах ёстой юм.

Эцэст нь галтай ажлыг зориггүй барьж авсан гишүүд хилийн боомтууд дээр үүссэн асуудлыг шалгаад, шалтгааныг тогтооно гэсэн сүртэй нэртэй Түр хорооныхоо ажлыг гүйцээж чадахгүй бол ирэх оны сонгуульд иргэдээс лав сайн дүн хүртэхгүй нь тодорхой болон нь. Тиймээс хий дэмий нийгмийн дунд хүлээлт үүсгэхээс хэтрэхгүй Хянан шалгах түр хороог хугацаанаас нь өмнө татан буулгаж, дараагийн бүрэлдэхүүнийг томилох асуудлыг ярьж эхлэх нь үнэнд арай ойр байх болов уу.

Манай улсад 10-аас дээш ам бүлтэй 7974 өрх байна
Манай улсад 10-аас дээш ам бүлтэй 7974 өрх байна
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг өнөөдөр СОНГОНО
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг өнөөдөр СОНГОНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.