Өнөөдөр бол "Олон улсын гэр бүлийн өдөр". Гэвч сүүлийн жилүүдэд гэр бүлээ цуцлуулах хосуудын тоо нэмэгдсээр байгаа нь иргэд гэр бүл төлөвлөлтийн талаар төдийлөн мэдлэггүй нь харагдаж буй. Иймд бид энэ удаагийн ярилцлагын зочноор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутагтай гэр бүл салалтын талаар ярилцлаа.
-Гэр бүл салалт гэх зүйл ямар ч цаг үед байсаар ирсэн. Сүүлийн үед ч гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байгаа. Ер нь гэр бүл салалтад нөлөөлж буй хамгийн гол шалтгаан нөхцөл юу вэ?
-Сүүлийн үеийн судалгаагаар гэр бүлийн салалт нэмэгдэж байгаа гэх тоо баримт байна. Яагаад гэр бүл салж байна вэ гэхээр нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, нөхцөл байдалтай шууд хамааралтай гэж үзэж байгаа. Түүнээс гадна гэр бүл болж буй хосууд маань өөрсдөө гэр бүлийн боловсролыг бага наснаасаа насныхаа онцлогт тохируулан олж авсан байх ёстой. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр гэр бүл гэж юу вэ, гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ, гэр бүл төлөвлөх нь ямар ач холбогдолтой вэ, гэр бүлийг хэдэн наснаас эхэлж төлөвлөх хэрэгтэй вэ, ганц бие залуус гэр бүл болсныхоо дараа ямар үүрэг хариуцлагатай байх ёстой вэ зэрэг асуудлыг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг төдийлөн сайн мэддэггүйгээс үүдэн залуу хосууд гэрлэснийхээ дараа төд удалгүй салах тохиолдол бий болдог.
Зарим судалгааны үр дүнг харахад 9-11 жил хамт амьдарсан хосууд салах магадлал өндөр байдаг. Гэтэл хосууд маань энэ үед хамгийн түрүүнд бие биеэ ойлгох, асуудлаа ярилцах хэрэгтэй. Тийм учраас манай улс ч иргэддээ гэр бүлийн боловсрол олгох хэрэгтэй байна. Мөн залуу хосуудад ч гэлтгүй бүх насны хосуудад чиглэсэн олон төрлийн үйлчилгээнүүдийг хүртээмжтэй байдлаар хүргэх шаардлага бий.
Жишээлбэл, Гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь өөрөө нийгмийн үйлчилгээ байх, хосуудын харилцаанд мэргэжлийн хүмүүс мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлдэг байх, зөвлөгөө өгч, авдаг байх зэрэг мэргэжлийн мэргэшсэн түвшний хүмүүс зайлшгүй байх шаардлагатай.
-Яг таны хэлснээр манай улсад гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөх мэргэжлийн болон бусад төрлийн байгууллага тун цөөн. Бүр ЕБС-иудад эрүүл мэндийн хичээлээр дамжуулан ерөнхий мэдээлэл л олгодог. Гэтэл сүүлийн жилүүдэд залуу хосуудын дунд салалт их байна. Магадгүй энэ нь гэр бүл төлөвлөлтийн талаар төдийлөн мэддэггүйгээс үүдээд байна уу?
-Гэр бүл салалтын суурь шалтгааныг өмнө хэлсэн шүү дээ. Гэтэл тэр дундаа гэр бүл салалтад нөлөөлж байгаа хамгийн онцлох шалтгаан бол архины асуудал. Бидний судалгаагаар гэр бүл салалтын 86 хувь нь архинаас үүдэлтэй байсан. Тэгэхээр ажилгүй байна, орлогогүй байна гэх шалтгаанаар хөдөлмөр эрхлэхгүйгээр архи, дарс уух хүмүүс цөөнгүй бий. Энэ нь гэр бүл салалтад хамгийн их нөлөөлж буй юм. Түүнчлэн архины хэрэглээнээс үүдээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх магадлал ч нэмэгддэг. Энэ нь ч мөн гэр бүл салалтад нөлөөлдөг.
Түүнээс гадна хүмүүсийн хоорондын харилцаанд үүсээд буй нэг зүйл бол өөр, өөр орчинд, өөр, өөр гэр бүлд өссөн хүүхдүүд эргээд нэг гэр бүл болохоороо бие биеэ ойлгох, хүлээж авах, зан харилцаагаа ойлгохгүй байх зэрэг асуудалтай нүүр тулдаг. Тийм учраас хүмүүжлийн ялгаа ч гэсэн гэр бүл салалтад нөлөөлж байдаг юм.
Өөр нэг шалтгаан бол нийлмэл гэр бүл. Энэ нь хосууд өрх тусгаарлаагүй, олуулаа амьдардаг гэсэн үг юм. Энэ ч мөн гэр бүл салах шалтгаануудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэгэхээр гэр бүл салалтыг бууруулах шалтгаан нь нийгмээс гэр бүлд чиглэсэн үйлчилгээг илүү нэмэгдүүлэх, гэр бүлийг бодлогоор дэмжих шаардлага урган гарч ирж байгаа.
-Гэр бүл салалт гэдэг асуудлыг дагаад түүний сөрөг үр дагавар хамгийн түрүүнд яригдах байх. Ер нь бол гэр бүл салалтын хамгийн сөрөг үр дагавар нь хүүхдэд илүү их нөлөөлдөг гэж ярьдаг шүү дээ?
-Мэдээж бүтэн байсан гэр бүл саллаа гэхэд нэг баганатай, далий тоонотой гэр болж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр,
- Нэгдүгээрт, Гэр бүлийн бүтэц алдагдаж байна гэсэн үг
- Хоёрдугаарт, Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо нэмэгдэж байна
- Гуравдугаарт, Өрхийн санхүүгийн байдалд хүнд байдал бий болно. Өрхийн орлого багасаж байна
- Дөрөвдүгээрт, Гэр бүл салалтын хамгийн том хохирлыг хүүхэд амсаж байдаг.
Өөрөөр хэлбэл салж буй хосууд ихэвчлэн хоёр хүүхэдтэй байдаг. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл санаа, сурах процесс, хүмүүжил, бие бялдрын хөгжилд ч тэр маш олон шалтгаан нөхцөлөөр сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс гэр бүлийн харилцаандаа анхаарах шаардлагатай. Магадгүй салсан хосууд байвал үр хүүхдээ хоёр талаасаа хэрхэн хайрлах вэ, хэрхэн хайраар дутаахгүй өсгөх вэ, эцэг эхийнхээ үүргийг хэрхэн биелүүлэх вэ, хүүхдийн сурч хүмүүжүүлэх гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
-Түүнээс гадна гэр бүл салалтын дараа аль нэг нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хариуцлага хүлээнэ. Гэтэл хуулийн хүрээнд хүүхдийн тэтгэмжийг тооцсон ч төлөх нэгэн тун цөөн байдаг шүү дээ. Хэрхэн эцэг, эхчүүдийг хариуцлага хүлээлгэх вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүүхдийн тэтгэмжийн асуудлаар тоо, статистик гаргасан байдаг. Гэтэл дийлэнх буюу 70 орчим хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй. Угтаа хүүхдийн тэтгэмжийг маш багаар тооцдог ч эцэг, эхчүүд "Би ажилгүй байна, орлогогүй байна, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байна" гэх зэрэг шалтгаанаар хүүхдийн тэтгэмж өгөхөөс зугтдаг. Энд хэн хохирч байна вэ гэхээр өрх толгойлон хүүхдээ өсгөж буй эцэг, эхчүүдийн санхүүгийн нөхцөл байдалд хүндрэлтэй асуудал үүснэ. Тиймээс уг асуудлаар бид Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн заалтыг тусгасан. Удахгүй УИХ-аар батлагдах байх гэж найдан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-Танай байгууллагаас хамгийн сүүлд хэзээ гэр бүл салалтын шалтгаан нөхцөлөөр судалгаа хийсэн бэ. Түүнээс гадна гэр бүл салалт сүүлийн 10 жилд хэрхэн нэмэгдсэн байна. Тоо баримтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай байгууллагын зүгээс ШЕЗ болон олон улсын байгууллагатай хамтран 2019 онд "Гэр бүл салалтын шалтгаан" гэдэг судалгаа хийсэн. Энэхүү судалгааг юун дээр үндэслэж хийсэн бэ гэхээр гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан хүмүүсийн өргөдөлд үндэслэн хийж байсан. Гэтэл архидалтаас үүдсэн шалтгаанаас болж гэр бүл салж байна гэх шалтгаан нийт өргөдөл гомдлын 86,9 хувийг эзэлж байсан. Түүнээс хойш гэр бүл салалтын судалгааг хараахан жийгээгүй байна. Ерөнхийдөө тандалт судалгааг таван жил тутамд хийдэг. Удахгүй энэ төрлийн судалгаа дахин хийгдэх байх.
Мөн албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн хосууд шүүхийн журмаар гэр бүл цуцлуулдаг. Харин хамтран амьдрагчид болон албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй олон жил амьдарсан хосуудын салатыг тооцох, бүртгэх боломжгүй.
Жилд 20 мянга орчим хосууд гэрлэлтээ батлуулдаг. Цуцлалтын хувьд жилд 3800-4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэх статистик бий.
-Хосуудын хувьд гэрлэлтээ бат бөх байлгахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Гэр бүлийн хосуудын хувьд аливаа асуудлыг сайтар ярилцдаг байх хэрэгтэй. Түүнээс гадна бие биедээ итгэх итгэлтэй, ойлголцох нь ч чухал. Энэ бүгд гэр бүлийн харилцаанд зөрчил гаргахгүй байх ач холбогдолтой. Ерөнхийдөө гэр бүлийн үнэт зүйл, үнэ цэн гэж юуг хэлэх вэ гэдгээ ойлгох нь чухал. Хэрэв харилцаагаа бат бөх байлгах бүхий л боломжийг бий болгож чадвал хосуудын амьдралд салалт гэдэг зүйл байхгүй байна гэсэн үг.
-Өнөөдөр бол "Олон улсын гэр бүлийн өдөр" шүү дээ. Энэ өдрийг тохиолдуулан ГБХЗХГ-аас ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна?
-Энэ жил "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулах удирдамж гаргасан. 21 аймаг 9 дүүрэгт эл өдрийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жил "Хүн ам зүйн чиг хандлага ба гэр бүл" уриаг ДЭМБ-аас дэвшүүлсэн. Энэ хүрээнд манай байгууллага үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Мөн орон нутгуудад зөвлөгөөн зохион байгуулж байна.
Түүнээс гадна энэ өдөр анх удаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ГБХЗХХ-т "Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх жишиг төв" байгуулагдаж, нээлтээ хийж байна. Эрэгтэйчүүд энэ төвд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой болж буйгаараа онцлогтой.
-Ярилцсанд баярлалаа.