"Хөгжлийн бэрхшээл" гэх үгээр бид эгэл жирийн нэгнийхээ хөл, гарыг хэдийнээ тушчихжээ. Угтаа бүгд л адилхан амьдарч буй. Гэвч хэн нэгний харагдах байдал, бусдаас жаахан өвөрмөц гэдгээр нь ялгаварлан гадуурхсаар өнөөдрийг хүрсэн нь бусдыг үг хэл, үйлдэл бүрээрээ гомдоох хамгийн эхний алхам болсоор.
Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноор бусад хүүхдүүдийн л адил боловсрол эзэмшиж, эх орондоо ихийг бүтээх чин хүсэл эрмэлзэл тээсэн О.Эрдэнэзаан хүүг урьсан юм. Түүний хувьд Арлын Япон улсыг зорьж, эх орондоо хэрэгтэй шилдэг IT инженер болох хүсэл мөрөөдлийг өвөртлөн эх орноосоо мордох өдрөө хуруу даран хүлээж буй. Тэр ч утгаараа О.Эрдэнэзаан бусдыг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж, энэ нь ч түүний сэтгэлийг эмзэглүүлдэг талаар хэсэг хором ярилцсан юм.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Оюунчимэгийн Эрдэнэзаан гэдэг. Одоо 17 настай. 55-р сургуулийн 12а ангийн сурагч. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй. Би айлын том хүү. Доороо гурван ихэр дүүтэй. 2009 онд Монгол Улсад гурван ихэр хүүхэд төрлөө гэдэг мэдээ гарч байсан нь манай дүү нар. Одоо дүү нар маань наймдугаар ангид суралцдаг.
-Одоо төгсөх анги юм байна шүү дээ. Мэргэжлээ сонгосон уу?
-Сонгосон. IT инженерээр суралцахаар Япон улс руу явах гэж байгаа. Учир нь Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан их сургууль гэж байдаг. Тэнд суралцахаар ирэх зургаадугаар сарын 20 хавьцаа явна. Ямартай ч хонхныхоо баярыг дуусгаад Япон явах байх.
Түүнээс гадна манай анги 11 хүүхэдтэй. Манай ангид төгөлдөр хуур тоглодог, хийл тоглодог, дуулж бүжиглэдэг хүүхдүүд зөндөө бий.
-Яагаад IT инженер гэх мэргэжлийг сонгох болов?
-Дэлхий нийтээрээ цахим хөгжил рүү шилжиж байна шүү дээ. Үүнийг дагаад IT инженер гэх мэргэжлээр ажиллах сонирхолтой хүмүүс нэмэгдсэн. Харин миний хувьд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэвэл өөрөө программ зохиож, өөрийнхөө хүссэн тоглоомоос эхлээд олон төрлийн платформуудыг зохиох боломжтой учраас надад маш сонирхолтой санагдсан. Мөн Монгол хүүхдүүд оюуны чадвартай шүү дээ. Тиймээс Монгол хүүхдүүд чадварлаг IT инженер болж чадна. Ямар ч гаднын хөрөнгө оруулалт шаардахгүйгээр өөрсдөө бие даагаад программ зохиож чадна.
-Одоо тэгвэл хэлний бэлтгэлд сууж байгаа юу?
-Шууд Японд очоод хэлний бэлтгэлдээ суугаад, суралцаад явна.
-Япон улс руу явах алтан боломжийг яаж атгаж авав?
-Манай сургуулийн зүгээс онц сурч байгаа хүүхдүүдээ шалгаруулсан. Түүнд нь тэнцээд Япон явахаар болсон. Өөрийгөө маш их азтай гэж бодож байгаа.
-Анх шалгаруулалтад оролцоод мөн Япон явна гэдэг мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ. Бас гэр бүл нь хэрхэн хүлээж авав?
-Гэр бүл маань маш их баярласан. Аз жаргалтай байсан. Мэдээж хүүхэд нь харь улсад мэдлэг боловсрол эзэмшихээр явна гэдэг бол маш том боломж учраас үнэхээр их баярласан. Би ч мөн ялгаагүй итгэж өгөхгүй л байсан.
-Тэгвэл хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байсан бэ?
-Би хүүхэд байхдаа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж мөрөөддөг байсан. Тав, зургаахан настай байхдаа маш том мөрөөдөл тээдэг байсан. Гэхдээ одоо бодохоор тэнгэрийн мөрөөдөл байсан юм билээ.
-Яагаад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж мөрөөддөг байсан юм бол?
-Намайг төрөөгүй байхад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан манай улсад ирж байсан юм билээ. Өвөө маань өөрөө түүхч хүн. Тэгээд намайг жаахан том болоход өвөө маань надаас "Миний хүү Кофи Аннан гэж мэдэх үү" гэж асууж байсан юм. Тухайн үед би тэр хүнийг огт мэдэхгүй шүү дээ. Тэгээд л өвөөгөөсөө ямар хүн байдаг юм бэ гээд асуухад өвөө маань "НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Африк гаралтай хүн байдаг юм. Маш мундаг хүн бий" гэж хэлж байсан юм. Түүнээс хойш л НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэдэг мөрөөдөлтэй болсон доо.
-Одоо бол хүсэл мөрөөдөл, мэргэжил нь өөр болсон байна шүү дээ. Ер нь IT инженерээр суралцаад төгсөж ирснийхээ дараа ямар ажил хийе гэж бодож байна. Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Төгсөж ирснийхээ дараа нэг найзтайгаа хамтраад өөртэйгөө адилхан залууст зориулж ажлын байр бий болгоно гэж ярилцсан байгаа. Энэ бол миний хамгийн том зорилго.
-Хүн бүр л ямар нэг хоббитой шүү дээ. Чиний хувьд хамгийн их аз жаргал, баяр баясал мэдэрдэг зүйл нь юу байна. Өөрөөр хэлбэл, хобби нь юу вэ?
-Би өөрөө сагсан бөмбөг их сонирхдог. Тийм ч учраас соёл урлагийн салбарынхан мөн спортынхондоо маш их талархдаг. Улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, олон улсын тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр үзүүлдэг онцгой хүмүүс бол тэд.
Түүнээс гадна миний хувьд сагсчин Т.Санчир ахыг маш их дэмждэг. 2010 оноос хойш Т.Санчир ахыг дэмжиж, яаж тоглодогийг нь хүртэл сурч авахыг хүсдэг. Хэдий би өөрөө сагс тоглохыг хүсдэг ч хөл маань муу учраас тоглох боломжгүй л дээ. Гэхдээ үргэлж түүнийг дэмжиж байна.
-Ер нь чиний бодлоор хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бас хүүхдүүдэд яаж ханддаг вэ. Тэр нь чамд ямар санагддаг вэ?
-Энэ бол яах аргагүй миний сэтгэлийн эмзэглүүлдэг сэдэв. Хөгжлийн бэрхшээлтэй л болохоос биш яг л адилхан хүмүүс шүү дээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа олон сая хүмүүсийн адил эх дэлхийнхээ бас нэгэн иргэн. Тиймээс бие биенээ ялгаварлан гадуурхаж болохгүй.
Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд ялгаварлан гадуурхахгүй болгохын тулд өөрөө дуу хоолой нь болно гэдэг зорилготой байгаа.
Автобусанд явахад хүртэл сонжсон харцаар харцгаадаг. Хөгжлийн бэрхшээлтэй ч бай үгүй ч бай битгий ялгаварлан гадуурхаач ээ, мөн адилхан хүн гэж харахыг хүсдэг. Бид ч мөн өөрсдийг нь хүндэлдэг шиг биднийг ч гэсэн хүндлээсэй гэж хүсдэг. Үүнийг ч мөн хэлмээр байна.
-Үнэхээр хөгжлийн бэрхшээл гэдэг үгээр л тусгаарлагдаж байгаа болохоос яг адилхан хүмүүс шүү дээ. Ер нь чиний бодлоор манай улс иргэддээ хэр ээлтэй вэ?
-Нийгэм гэхээсээ илүүтэй хүмүүсийн харилцаа хандлага л маш ээлгүй санагддаг. Бие биенээ тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харахдаа яг л эвэртэй туулай үзчихсэн юм шиг л хардаг. Яахав зарим хүмүүс бол ойлгодог. Гэхдээ цаашид энэ хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Удахгүй Монгол Улс маань хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй улс болно гэдэгт итгэж байна. Миний очих гэж байгаа Япон улс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ маш сайн дэмждэг. Нийгэмшихэд нь онцгойлон анхаардаг. Тиймээс манай улс ч мөн бусад орнуудын туршлагыг судлаасай гэж хүсдэг.
Түүнээс гадна манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан их сургууль, дээд сургуультай болоосой гэж чин сэтгэлээсээ мөрөөддөг. Үүнд ерөнхийлөгч их анхаарч, хэрэгжүүлээсэй. Тэгэхгүй бол гадуурхах хандлага ажиглагдаад миний сэтгэлийг эмзэглүүлээд байдаг юм.
-Чамайг хамгийн их дэмждэг хүмүүс хэн бэ. Тэдэндээ хандаж хэлэх үг бий юу?
-Мэдээж миний гэр бүл. Эмээ, өвөө, ээж бас багш сурган хүмүүжүүлэгчид маань хамгийн их тусалж дэмждэг. Тэдэндээ хандаж хэлэхэд намайг үргэлж дэмждэгт баярлалаа бас хайртай шүү.
Мөн энэ ташрамд хүмүүст уриалга хэлмээр байна. Хүмүүсээ та бүхэн хогоо хогийн саванд хийж, байгаль дэлхийгээ хайрлаарай. Нус, шүлсээ гудамж талбайд битгий хаяарай. Бүгд эх орноо хайрлах нь манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна шүү.
-Ярилцсанд баярлалаа.