Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг 1 хувиар нэмлээ гэхэд улиралд 50 мянгын буцаалт авдаг иргэн нэмж 20 орчим мянган төгрөг авна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
17 минут 53 секунд

"НӨАТ-гүй дүнгээр авах уу" гэх "бизнес" саналыг худалдаа эрхлэгчдээс сонсож байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь НӨАТ-ын хуулийн хэрэгжилт худалдааны салбарт тэр бүр хэрэгжихгүй байгааг хэн хүнгүй мэднэ. "Гэрч" нь иргэд. ААН-үүд хямдарсан бараа нэрийдлээр НӨАТ олгохгүй байх мөн 10 хувиа хасуулж НӨАТ-гүй авах саналыг тавьж, татвараас зайлсхийх явдал гарсаар байна. Начир дээрээ НӨАТ бол далд эдийн засагт буй нуугдсан татваруудыг илрүүлэх замаар улсын төсөвт татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Гэсэн хэдий ч асуудал даамжирсаар "найран дундаа" орж орхиж. Арван хувиа хасуулах уу гэж хэлж зогсоо худалдаа эрхлэгч ч, хямдыг нь бодож зөвшөөрч буй иргэд бид ч, хяналт тавих нэрийдлээр торгоод орхидог төр засаг ч өнөөдөр асуудлыг даамжруулсаар.

Тэгвэл бид НӨАТ-ын баримт олголт бодит байдал дээр ямар байгааг сурвалжилахаар хэд хэдэн газруудын үүдийг татаж, иргэдээс ч байр суурийг нь тодруулсан юм.

-НӨАТ 10 ХУВЬ ЗАДАРГАА: УЛС 80 ХУВЬ, ИРГЭН 20 ХУВЬ-

Таны харж буйчлан одоогийн хуулиар ААН байгууллагууд олсон орлогынхоо 10 хувиар НӨАТ төлж буй. Харин үүний 80 хувь нь төрд буюу төсөвт хуримтлагдаж, харин үлдсэн 20 хувь нь иргэнд буцаан олголт болон сугалаа байдлаар очдог. Бизнес эрхлэгчдийн НӨАТ-ын арван хувийн хариуд буцаан олголтыг хувь хэмжээтэй дүйцүүлбэл татвараас зугатах аар саархан үйлдэл гаргахаа болино хэмээх байр суурийг илэрхийлэх хүмүүс бий. Тэгвэл НӨАТ-ын 10 хувийг төлөлтийг бууруулах нөгөө талдаа буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд ямар боломж байна вэ гэдэгт бид хариулт хайх шаардлага үүсч байгаа юм.

Эх сурвалж: Эдийн засагч Г.Батзориг

-НӨАТ-аа хасуулаад арай хямдаар юмаа худалдаж авахыг боддог-

Иргэн: НӨАТ-аа хасуулаад арай хямдаар юмаа худалдаж авахыг боддог. Буцаан олголт гээд олигтой ч мөнгө авдаг биш, заавал хийх гээд байх шаардлага байхгүй л гэж боддог. Сугалаагаар нь ч гэсэн азтан болж үзээгүй. НӨАТ-ын буцаан олголтын хувиа аль болох нэмэгдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Ач холбогдол багатай гэж үздэг учраас НӨАТ-аа уншуулдаг ч үгүй-

Иргэн: Санал тавьбал НӨАТ-гүйгээр л авъя л гэдэг. Гадуур ийм газрууд их шүү дээ. Би НӨАТ-аа уншуулдаг ч үгүй. Ач холбогдол багатай зүйл гэж боддог. Хүмүүст ирж буй буцаан олголт нь тийм ч сайн биш. Сугалаа нэртэй хэлбэртсэн зүйл л хийгээд байна гэж хардаг даа.

Тэгвэл НӨАТ-ын 10 хувийг бууруулах, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлд эдийн засагч Б.Лакшми, Г.Батзориг нараас байр суурийг нь тодруулахад дараах мэдээллийг өгч байлаа.

-НӨАТ-ын 10 хувиа хасуулаад 870 мянга...-

Улсын их дэлгүүр. Энд олны хөл тасрах нь үгүй. Дотогш орж алт, мөнгө, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгчээс НӨАТ болон НӨАТ-гүй дүнгээр тооцож юмаа зарах эсэхийг нь тодруулахад "НӨАТ-аа хасуулаад авч болно, арай хямд шүү дээ" гэв. 1 сая 380 мянган төгрөгийн үнэтэй монетан гинж 30 хувийн хямдралаар 970 мянган төгрөг болжээ. Үүнээс НӨАТ-гүй дүнгээр авбал 10 хувиа хасаж тооцоод 870 мянган төгрөгөөр авч болно гэлээ. Үүнээс ажихад, худалдаа эрхлэгчид ч өөрсдөө НӨАТ-ын 10 хувийг нь хасаж арилжаагаа үргэлжлүүлэх сонирхолтой болсон нь харагдаж байна.

-"Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь төлбөрөө НӨАТ-гүйгээр тооцуулъя гэдэг"-

Удаагаар бид нэгэн лоунжаас иргэд НӨАТ-аа хасуулах явдал хэр байгаа талаар тодруулахад "Өдөрт 50-100 хүн үйлчлүүлдэг. Хамгийн багадаа 50 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг. Орж ирж буй үйлчлүүлэгч нар үнийн дүнгээ харчихаад НӨАТ-гүйгээр бодож тооцоогоо хийе гэдэг" гэв.

-Эдийн засагч Б.Лакшми: Дотоодын үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг нь бууруулж өгвөл үнэ буурах нөхцөл үүсч болно-

Тэрбээр "НӨАТ төлж буй ААН компаниудын хувь хэмжээг бууруулах шаардлагатай гэж хардаг. Шаталсан хэлбэрээр тогтооход ч болохгүй зүйлгүй шүү дээ. Монгол Улс наад зах нь эдийн засгийн төрөлжилтгүй байна. Тэгэхээр Монгол Улсад үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсийг дэмжиж, НӨАТ-ын хувь хэмжээ тал дээр уян хатан хандаж өгвөл илүү үр дүн гарна. Анх НӨАТ-ын буцаан олголтын санаачилга нь далд эдийн засгийн ил болгох, татварын бааз сууриа нэмэгдүүлэх зорилготой байсан шүү дээ. Одоогийн хэмжээнд үндсэн зорилгоо биелүүлсэн гэж харж байгаа. Инфляц, үнийн өсөлтийн дэргэд татварын хоёр хувийн буцаан олголт гэдэг бол их бага мөнгө шүү дээ. Иймээс дотоодын үйлдвэрлэлтэйгээ уяж өгөөд, тэдний НӨАТ-ыг нь бууруулвал эргээд үнэ буурах нөхцөл ч үүсч болно гэж харж байгаа" гэв.

-НӨАТ бол төсвийн дархлаа болсон татвар. НӨАТ төлөлтийн хувь хэмжээг 1 хувиар бууруулахад төсөвт ирэх ачаалал 420 орчим тэрбум төгрөг байна-

НӨАТ-ын 10 хувь болон буцаан олголт тал дээр ямар бодлого баримталж буй талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа.

-Өнгөрсөн онд НӨАТ-аас улсын төсөвт хэр хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн бэ?

-Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр НӨАТ-ын орлого 3.1 их наяд төгрөг байсан бол энэ тоо 2022 онд 4.2 их наяд төгрөг болж нэмэгдсэн.

-НӨАТ-ын 10 хувийг өндөр байна, үүнийг бууруулах нь ААН байгууллагуудаа дэмжих бодлого гэдэг талаас тайлбарлах хүмүүс бий. Ер нь энэ чиглэлд ямар бодлого барьж байна вэ?

-НӨАТ-ын хувь хэмжээтэй холбоотой гурван асуудлыг хөндөж ярих нь зүйтэй байх. Нэгдүгээрт, НӨАТ-ын хэн төлдөг вэ, ямар агуулгатай татвар вэ гэдгийг бид ярих нь чухал. НӨАТ бол эцсийн хэрэглэгч хувь хүн төлдөг хэрэглээний татвар бөгөөд аж ахуйн нэгжүүд зөвхөн энэ татварыг суутган авч төсөвт төлдөг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хэн их хэрэглэнэ тэр хүн илүү төлдөг “шударга” татвар юм. Иймээс ч НӨАТ-ын орлогын дийлэнхийг өндөр орлоготой, чинээлэг хэсэг төлдөг. Харин дундаж болон дунджаас бага орлоготой иргэдийн хувь тэр хэмжээгээр төлөх НӨАТ-ийн хэмжээ, ачаалал бага байдаг. Түүнээс гадна, одоогийн НӨАТ-ын тогтолцоогоор өрхийн өдөр тутмын хэрэглээний гол хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурил, сүү зэрэг нь НӨАТ-гүй байдаг учир дундаж өрхийн хувьд НӨАТ-ын ачаалал харьцангуй багатай.

Статистикаас үзэхэд НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтын урамшууллын нийт дүнгийн 33 хувийг ердөө өндөр орлого, хэрэглээтэй 2-хон хувь авдаг бол нийт иргэдийн 70 хувь нь улиралд 50,000 орчим төгрөгийн буцаалт авдаг байна. Иймээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах нь дундаж, дунджаас доош орлоготой бүлэгт төдийлөн бодитой дэмжлэг болохгүй бөгөөд орлого ихтэй, чинээлэг иргэдийг дэмжсэн бодлого болох учир бид энэ асуудлыг болгоомжтой авч үзэх нь зүйтэй.

Хоёрдугаарт, бид хөгжлийн түвшин ойролцоо бусад улс орнуудын хөгжлийн чиг хандлага, алдаа оноо, нийтлэг жишгийг харгалзан үзэх нь зүйтэй. Дэлхийд НӨАТ-ын тогтолцоотой 175 улс орнууд байдгийн дундаж хувь хэмжээ 19 орчим хувь байдаг бөгөөд манай улс хувь хэмжээгээр дэлхийд 163 дугаарт ордог. Манай улсын 8 хувийн НӨАТ-аас бага хувь хэмжээтэй Саудын Араб, Оман, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Тайван зэрэг 12 улс л байдаг билээ. Үүнээс үзэхэд бид хөгжлийн түвшин төсөөтэй хөгжиж буй бусад орнуудаас ч бага татварын хувь хэмжээтэй болох нь харагдаж байна.

Гуравдугаарт, НӨАТ бол халамж биш татвар. Аливаа татварын үндсэн зорилго бол төсөв бүрдүүлэх байдаг. Зарим иргэд НӨАТ бол татвар биш бүртгэлийн зорилготой хэрэгсэл, хураачихаад буцааж өгөх ёстой гэсэн үндэслэлгүй бөгөөд аль ч улс орны практикт байхгүй тайлбар хэлэх нь бий. Татварыг тэгш шударгаар хурааж, зайлшгүй байх зарчмыг хэрэгжүүлж зайлсхийх, зугтаах явдал гаргахгүйн тулд бид татварын бүртгэлийг сайжруулж, далд эдийн засагтай тэмцдэг. Нөгөө талаас, татварын бүртгэл, хамрагдалт сайн байснаар бүх нийтээрээ татварын ачаалал бага байх нөхцөл бүрддэг.

Хэрвээ НӨАТ-ын хувь хэмжээг 1 хувиар бууруулахад төсөвт ирэх ачаалал 420 орчим тэрбум төгрөг бөгөөд өөр төрлийн татварыг нэмэх, эсхүл төсвийн алдагдлыг энэ хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Эсрэгээрээ, энэхүү 420 орчим тэрбум төгрөг хэнд дэмжлэг болж очих вэ гэхээр өндөр орлоготой, чинээлэг иргэдэд л байх юм.

Нөгөө талаас, уул уурхайн үнийн цикл, хил боомтын эрсдэлээс манай улсын төсөв, эдийн засаг өндөр хамааралтай. Иймээс уул уурхайн салбарын уналтын цикл тохиоход эдийн засагт богино хугацаанд хүндрэлд орч АМНАТ, орлогын болон гаалийн бусад татварын орлого тасрах эрсдэлтэй. Харин НӨАТ-ын суурь нь нийт эдийн засаг дахь хэрэглээ учир уул уурхайгаас төдийлөн хамаарч савладаггүй төсвийн орлогын хамгийн тогтвортой эх үүсвэр байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн дархлаа болсон татвар юм.

-НӨАТ-ын хувь хэмжээг өөрчлөх чиглэлд дэлхийн улс орнууд ямар бодлого баримталж байна вэ?

-Бусад улс орнуудын туршлагыг харахад дийлэнхдээ нэмэгдүүлэх бодлого барьж байна. Жишээлбэл, Сингапур Улс 7 хувийн НӨАТ-ыг үе шаттайгаар нэмж 9 хувьд ирэх оноос, Япон Улс 5 хувийн НӨАТ-аа үе шаттай 8, 10 хувь болгон, Индонез Улс 10 хувийг 11 болгон, Гана Улс 12.5 хувийг 15 болгон, Бахрейн 5 хувийг 10 хувь болгон тус тус нэмэгдүүлж байна. Энэ дунд нэг улс НӨАТ-аа бууруулсан нь дефолт зарлаад буй Шри Ланк юм. Тодруулбал, 15 хувийн НӨАТ-аа 2019 онд 8 хувь болгон бууруулснаар төсвийн орлого 30 гаруй хувиар буурч, төсвийн алдагдлаа санхүүжүүлж чадахгүй, өрөө төлж чадахгүй дефолт зарласан. Улмаар эдийн засгийн хямралаас гарахын тулд 2022 онд эргээд 15 хувьд буцаан шилжсэн байдаг. Шри Ланкын бууруулж дефолт зарлахад хүргэсэн НӨАТ-ын 8 хувь нь одоогийн Монгол Улсын НӨАТ-ын хувь хэмжээтэй ижил байгааг бид бас анхаарах нь зүйтэй.

-Буцаан олголтын урамшууллыг 1 хувиар нэмэхэд улиралд дунджаар 50 мянган төгрөгийн буцаалт авдаг нийт иргэдийн 70 хувьд нэмж 20 орчим мянган төгрөг л олгогдоно гэсэн үг-

-Нөгөө талдаа буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх боломж бий эсэх дээр судалсан зүйл бий юу?

-Буцаан олголт нэмэх нь ямар асуудлыг шийдвэрлэх зорилготой, нийт гарах зардал нь нийгмийн ямар сегментэд дэмжлэг болж очихыг бид анхаарах нь зүйтэй. Судалгаанаас үзэхэд буцаан олголтын урамшууллыг 1 хувиар нэмэхэд улиралд дунджаар 50 мянган төгрөгийн буцаалт авдаг нийт иргэдийн 70 хувьд нэмж 20 орчим мянган төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг. Улиралд 20 мянган төгрөг шүү дээ. Гэтэл буцаан олголтыг нэмснээр төсвөөс гарах зардлын 33 хувь эргээд өндөр орлоготой, хэрэглээ ихтэй чинээлэг 2 хувьд л хүрэх харилцан адилгүй үр дагавартай.

Энэ нь нэг талаас бага, дунд орлоготой иргэдийн амьжиргаанд хэр бодитой дэмжлэг болох, төсөв үр ашигтай байх зарчимтай хэр нийцэх, орлогын ялгааг бууруулахад бодлоготой уялдах уу зэрэг асуулт дагуулна. Татварыг бид эргээд халамжийн шинжтэй бодлогын арга хэрэгсэл болгон хэрэгжүүлбэл бодлогын алдаа болж төсөв, эдийн засгийн тогтворгүй байдал дагуулах эрсдэлтэй байдаг. Эргээд бид төсөвт цуглуулсан орлогоо бодлогын дэмжлэг шаардлагатай зорилго, арга хэмжээнд үр ашигтай зарцуулахад анхаарах, төсвийн алдагдлаа бууруулж, төсвийн тогтвортой байдлаа хангах замаар зээлжих зэрэглэл, инфляц, ханшийн дарамтыг бууруулахад чиглүүлэх нь зүйтэй. НӨАТ-ын орлого нь хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, төрийн үйлчилгээний зардал санхүүжүүлэх хамгийн гол орлогын эх үүсвэр болдог билээ.

-НӨАТ-ын хувь хэмжээнээс шалтгаалж худалдаа эрхлэгчид иргэдэд НӨАТ-аа хасуулж авах уу гэх байдлаар татвараас зайлсхийх байдал ажиглагдаж байгаа дээр шүүмжлэл их гардаг?

-Бид и баримт олгохгүй байгаа асуудалтай хуульд заасны дагуу гомдол санал хүсэлт болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу торгох арга хэмжээ өдөр тутам авагддаг. Гэвч торгох зэрэг захиргааны арга хэмжээ нь эдийн засгийн асуудлыг шийдэх үндсэн шийдэл биш тул бид аль болох худалдагч, худалдан авагчаас үл хамаарч автоматаар и баримтын бүртгэл хийгддэг байх ажлыг үе шаттай хийж байна.

Тухайлбал, бидний өдөр тутам ашигладаг umoney буюу нийтийн тээврийн автобусын төлбөр, UBcab таксины үйлчилгээ, Юнивишн гэх мэт олон үйлчилгээний төлбөр төлөгдөж, үйлчилгээ авмагц цаасаан и баримт олгохгүй иргэдийн ебаримтын системд автоматаар баримт бүртгэгддэг. Ийм байдлаар бид төлбөр тооцоо хийгдмэгц и баримт автоматаар хүний оролцоогүй үүсдэг болох шийдлийг үе шаттай нэвтрүүлэх, нөгөө талдаа худалдагч гомдол гаргах, өөрөө ебаримтаа үүсгэх боломжийг олгох зэрэг олон ажлыг төлөвлөж байна. Ийнхүү цахимжуулж, хүний оролцоог багасгахад чиглүүлж ажиллахгүй бол гомдол бүрийн хойноос татварын байцаагч очоод торгууль бичих, хяналт шалгалт хийх боломжгүй юм.

Түүнчлэн, аж ахуйн нэгжүүд и баримтгүй тул 10 хувиар хямд борлуулж орлогоо нэмж байгаа мэт боловч нөгөө талдаа татварын томоохон эрсдэл рүү орж байдаг. Иргэдийн төлдөг НӨАТ-ыг суутган тооцож, холбогдох хасалтаа хийн хууль журмаараа татварын ачааллаа бууруулах боломж байхад ебаримт олгохгүй байснаараа татварын бүртгэл, мэдээллүүд зөрч, улмаар татварын торгууль, алданги тооцуулах, хяналт шалгалтад хамрагдах томоохон эрсдэл дагуулдаг.

-ИНФОГРАФИК: НӨАТ-ын буцаан олголт авсан иргэдийн тоо 499 мянгаас 1.1 сая хүртлээ өсчээ-

Өнгөрөгч онд 1.1 сая иргэн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт авчээ
2022 онд НӨАТ-ын сугалаанд 280 мянган иргэн азтан болжээ
2022 онд НӨАТ-ын сугалаанд азтан болсон 280 мянган иргэнд 16.3 тэрбум төгрөгийг олгожээ

ЧУУЛГАН: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.