2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Дуучин Э.Минжинсор бусдад зодуулсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Тэрбээр хүчирхийлэлд өртсөн талаараа цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд тухайн постоо устгаж байв. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: "Өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн нийтлэлтэй холбоотойгоор Дуучин Э.Минжинсортой холбогдож тайлбар мэдүүлэг авсан. Дуучин Э.Минжинсорын хувьд тухайн мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад гаргахгүй гэдэг зүйлийг хэлж байсан.
Гэхдээ цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд уг асуудалд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж эцэслэн шийдвэрлэнэ. Иргэдийг айдаст автуулах ямар нэгэн байдлаар худал мэдээлэл тараасан тохиолдолд энэ нь өөрөө хариуцлагын арга хэмжээ болох үндэслэлтэй. Гэхдээ уг асуудал нь үнэн, худал эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтооно" гэв.