Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан Хангарьд ордонд хуралдаж байна. Тус хуралдааныг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар даргалж байна.
Энэ үеэр албаныхан түгжрэлийг бууруулахад чиглэсэн олон талт ажил, бодлого шийдэл, үүн дотроо Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулав.
Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, явц байдал, тулгарч буй асуудал, шийдэл, Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх тухай, Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, тэдний аюулгүй байдал, Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэл замын ажлын явц зэрэг сэдвээр албаныхан мэдээлэл өгч дараах тогтоол, шийдвэрүүд гарлаа.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль, журам байгаагийн дотор түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг орчин үеийн, шинэ дэвшилтэд хот болгон хөгжүүлэхэд бодлогын төлөвлөгөө зайлшгүй юм.
Тиймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 20/50-д тусгасан хөгжлийн олон талт зорилго, зорилтуудыг Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын төлөвлөгөөтэй уялдуулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-г боловсруулсан. Шинэ үеийн хотжилтын ерөнхий хөгжлийг төлөвлөсөн энэхүү хот байгуулалтын цогц баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулбал 2040 он хүртэл Улаанбаатар хот орчин үеийн шинэ хот болж хөгжих боломжтой юм. Үндэсний хорооны ээлжит III хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлуулах тогтоол гаргалаа.
-Цахилгаан скүүтер унаж буй иргэдийг авто замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдлыг нь хангах чиглэлд ажиллах хэрэгтэй-
Цахилгаан скүүтер нь дэлхий дээрх хамгийн хурдацтай хөгжиж буй технологийн нэг бөгөөд тээврийн салбарт нэвтэрч цаг хугацаа, мөнгө хэмнэх, байгальд ээлтэй, сэтгэл ханамж, нийгмийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой инновацийн шинэ бүтээл юм. Шинэ үеийн залуусын сонголт болж хөгжиж байгаа дээрх нэр бүхий тээврийн хэрэгслийг 2022 онд Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдлыг харвал нийт 1050 ширхэг орж ирж борлуулагджээ. Авто замын түгжрэлийг сааруулахад ихээхэн нөлөө үзүүлэх дээрх тээврийн хэрэгслийг жолоодон авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Үндэсний хороогоор хэлэлцлээ.
-Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 737 автобус нийлүүлнэ-
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 107 чиглэлд 996 автобус 520 мянга орчим зорчигчдод үйлчилж байна. Зорчилтын тухайд, энгийн том хүн 47.4 хувь, хүүхэд 15 хувь, ахмад настан 19.8 хувь, ХБИ 7.3 хувь, оюутан 7.1 хувь, цагдаагийн албан хаагч 3.35 хувь, хүндэт донор 0.05 хувийг эзэлж байна. 2023 онд авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн зорчилтын тоог нэмэгдүүлэхээс гадна автобус үйлчилгээний чиглэлийг 124, автобусны тоог 1597 хүргэхээр зорьж байна.
-Шинээр оруулж ирэх автобусны эхний ээлж нь ирэх сараас эхлэн сар бүр нийлүүлэгдэнэ-
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухайд ирэх тавдугаар сараас эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлэх бөгөөд их багтаамжийн дизель автобус 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160, нийт 810 автобусаар парк шинэчлэлтийг 2023-2024 онуудад хийж дуусгана. Парк шинэчлэлтийн хүрээнд шинээр нийлүүлэгдэх автобусны эхний ээлжийн автобус 5 дугаар сараас эхлэн сар бүр нийлүүлэгдэх бөгөөд энэ ондоо багтан 737 автобусаар насжилт өндөр, одоогийн автобусуудыг шинэчлэнэ. Төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн зарчмаар нийтийн тээврийн салбарыг дэмжиж хамтран ажиллана.
-Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэлх замын 800 м урттай гүүрийн санхүүжилтийг 2023 оны Улсын төсвийн тодотголд оруулах ажлыг зохион байгуулна-
“Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг, Туулын авто зам болон Туулын авто замыг Нисэхийн хурдны замтай холбох (Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэл) төслүүдийн хүрээнд авто замын зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах, авто замын төслүүдийн зурвас газарт орсон аж ахуй нэгж, иргэдийн өмчлөл, эзэмшлийн газрыг чөлөөлөх, барилга байгууламж, объектыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох авто замын (Наадамчдын авто зам дээгүүрх гүүрэн байгууламж) 800 у/м гүүрийн санхүүжилтийг 2023 оны Улсын төсвийн тодотголд оруулах ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар боллоо.
-2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай-
Энэ онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар зураг төсөл нь боловсруулагдаж байгаа дугуйн замын тухайд, 17 байршилд 24.5 км зам барих, 8 байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд 4 байршилд 3.18 км дугуйн зам, 3 байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл 3 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.