Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Сүүлийн 10 жилд согтуу жолоочийн “гарт“ 1287 хүн амиа алдсан ба үүний 121 нь насанд хүрээгүй хүүхэд байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 17 секунд

2017 оны зун. Улаанбаатараас Хөвсгөл явах замд хэсэг залуучууд аялалд явахдаа архидан согтуурч, улмаар хөдөөгийн замд мөн аялалаар явж байсан гэр бүлийн нөхөр, хүүхэд хоёрыг нь дайрсан хэрэг гарч байв. Уг хэрэг явдал болсноос хойш хүү нь эмнэлгийн тусламж авч чадсан хэдий ч харамсалтай нь өөд болсон. Харин аав Б.Ч нь нуруундаа ноцтой бэртэл авч бусдын адил алхаж гишгэж чадахаа байжээ.

Энэ талаар Б.Ч бидэнд ярихдаа “Энэ хэргийг уг нь дурсахыг ч, бодохыг ч хүсэхгүй байна. Харин ярьсан зүйл маань хэн нэгэнд сэрэмжлүүлэг болж чадвал гэж бодлоо. Уг хэрэг явдал гарахаас өмнө манайх үнэхээр аз жаргалтай айл байсан юм шүү. Одоо би хөдөлмөрийн чадвараа алдсан. Хүү минь бурхан болсон. Эхнэр минь намайг асарч, хөл дээр минь босгох гэсээр залуу насныхаа таван жилийг үрэн таран хийж явна. Хэдэн согтуу залуусын балгаар нүд ирмэх зуур л нэг айлын амьдрал ингээд орвонгоороо эргэчихлээ гээд чи бод доо. Гэхдээ бид бууж өгөхгүй” хэмээн ярив.

Согтуу жолоочийн тарьсан балаг өөрийн болоод бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдралыг үгүй хийж буй жишээ дээр дурдсанаас гадна “хар” мянга бий.

Монголд зам тээврийн осол буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь согтуу жолооч. Сүүлийн арван жилд согтуугаар автомашин жолоодож осол гаргаснаас болж, 1287 хүний амь нас хохирч, 2089 хүн хүнд гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан гэх харамсалтай тоон баримт байна.

Гэтэл энэ тоон мэдээлэл нь 1939 оны Халхын голын байлдаанд амь насаа алдаж, ор сураггүй алга болж, шархадсан цэргүүдийн тооноос ч их байгаа юм. Тодруулбал, Халх голын байлдаанд 990 гаруй монгол цэрэг амь насаа алдаж, шархдаж, сураггүй болсон байдаг юм байна.

Энэ талаар Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар хэвлэлд өгсөн өгсөн ярилцлагадаа “Халх голын дайнд 130 мянган цэрэг дөрвөн сарын турш тулалдсан юм. Монгол ардын цэргээс нийтдээ 990 хүн алагдах, шархдах, алга болох, ямар нэгэн байдлаар амиа алдсан. Оросын талаас 9200 орчим хүн амь үрэгдэж, нийтдээ Монгол, Оросын талаас 26000 хүн амиа алдсан байдаг. Япончууд өөрсдийн амь үрэгдсэн цэргийн тоог нуудаг. Одоо ч гэсэн Халх голоос Япон цэргийн булш их олдож байна. Тийм учраас тоо гаргахад хүндрэлтэй” хэмээсэн байдаг.

Мөн үүн дээр нэгэн тоо баримтыг дурдахад согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 121 насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн анги дүүргэх хэмжээний хүүхдээ согтуу жолоочийн улмаас алдсан гэсэн үг.

Сүүлийн арван жилийн тоон баримтаас харахад, жилд дунджаар 20-30 мянган согтуу жолооч жолооны ард сууж байгаа энэ нөхцөлд зам тээврийн ослоор Монгол Улс дайн байлдаантай улс орнуудаас ч илүү тооны хүн амаа алдаж буй тоон мэдээлэл гарах нь мэдээжийн хэрэг.

ИНФО: Сүүлийн 10 жилийн хугацаанд 386,944 иргэн согтуугаар жолоо барьж, 27269 нь осол гаргажээ

Согтуугаар жолоо барьж буй жолооч нарт хариуцлага тооцох ялын бодлого сул байна уу?

Нэг талаасаа бид согтуугаар жолоо барьдаг иргэдэд оногдуулах ялын бодлогыг чангатгавал энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж үзэж буй. Тэгвэл энэ асуудалд судлаачид ямар байр суурьтай байдаг талаар Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач” ТББ-ын захирал П.Намуунтай ярилцлаа.

-Манайд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хариуцлагыг хэрхэн тусгасан байдаг вэ. Ял шийтгэлийг нэмэгдүүлэх ёстой юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг. Мэдээж зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгээсээ хамаараад аль хуулийн санкцийг баримтлан хариуцлага оногдуулах асуудал шийдвэрлэгдэнэ.

Зөрчлийн хуультай холбоотой маргаан дагуулдаг нэг асуудал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үед эрх хасах, торгох шийтгэлийг давхар оногдуулдаг хуулийн зохицуулалт юм. Энэ нь хуулийн зохицуулалт өөрөө хамгийн том асуудалтай байгааг илтгэдэг л дээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т “Жолооч: согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.

Хуульд заасан хариуцлага нь өөрөө нэг хүнд давхар шийтгэл оногдуулахаар зохицуулсан. Энэ талаар олон хуульчид шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын чуулганаар ч хэлэлцэж, анхаарал хандуулах шаардлагатайг онцолж байсан удаатай. Ер нь бол нэг зөрчилд нэг л хариуцлага оногдуулах нь олон улсын жишиг. Жишиг гэхээсээ илүү эрх зүйн соёл, ухамсарт байдал. Эрх зүйн хэм хэмжээний агуулгыг онолын түвшинд ойлгож хууль, эрх зүйн бусад актыг боловсруулсан байдал гэж ойлгож болно.

-Харин Эрүүгийн хуулийн тухайд?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэмт хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх нь тодорхой. Тиймээс гэмт хэрэг, зөрчил хоёроо туйлын сайн ялгаж, салгаж ойлгодог байх нь чухал.

Түүнээс гадна тээврийн хэрэгслийг заавал түр саатуулдаг. Жолоодох эрхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй хүн байсаар байтал тээврийн хэрэгслийг журамлан авч явах тохиолдол байнга гардаг талаар гомдол их яригддаг. Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тэр бүү хэл Цагдаагийн албаны тухай хуульд ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед тээврийн хэрэгслийг түр саатуулах эрх, эрх зүйн зохицуулалт байдаггүй. Мэдээж гарцаагүй тохиолдолд түр саатуулах шаардлагатай байж болно, жолоодох эрхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй хүнд жолоог шилжүүлэх боломж олгодоггүй нь хамгийн буруу асуудал юм. Тэгэхээр үндсэндээ нэг зөрчилд гурван давхар шийтгэл оногдуулж байгаатай ижил болчихож байгаа юм. Энэ талаар ННФ-ын захиалгаар хийгдсэн “Цагдаагийн албаны тухай хуулийн зарим, зүйл хэсгийн хэрэгжилт” тайланд тодорхой дурдаж, зарим тулгамдсан асуудлыг хөндсөн байдаг.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүссэн тохиолдол бол өөр.

-Хууль чанга байлаа гээд гэмт хэрэг буурдаг биш, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь чухал байдаг гэдгийг сайтар ойлгодог байх хэрэгтэй-

Миний хувьд Эрүүгийн хуулийн 27.10-т заасан эрүүгийн хариуцлагатай маргаад байх зүйл байдаггүй. Тухайн учирсан хохирол, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууд тохирсон хариуцлага оногдуулахаар хуульчилсан гэж үздэг. Харин шүүх гэм бурууг хэрхэн үнэлж, эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх дээр иргэд, хуульчид, судлаачид анхаарал хандуулж, нийгэмд зүй зохистой хэлэлцүүлэг өрнүүлээд сурчихвал аль аль талдаа чухал хэрэгтэй байдаг.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 27.10.2-т: Энэ гэмт хэргийг:

“2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн байдаг.

Өөрөө хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний эд зүйлд их хэмжээний хохирол учруулсан бол зөвхөн эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зөв үү гэдэг дээр бас анхаарах нь зүйтэй гэсэн үг юм.

-Хариуцлагыг нэмэгдүүлж, ялыг нэмэгдүүлчихвэл энэ төрлийн гэмт хэрэг буурна, хүмүүс согтуугаар жолоо барихгүй гэж ярих, ойлгох хүмүүс байна шүү дээ. Энэ тал дээр?

-Ер нь хариуцлага нэмэгдүүллээ гээд гэм хор арилаад, гэм буруу нь үгүйсгэгдээд, эсвэл гэмт хэрэг буураад байдаг гэсэн үг биш л дээ. Одоо дагаж мөрдөж буй эрүүгийн хуульд санкцийг боломжийн тусгаж өгсөн. Харин Эрүүгийн хуулиа зөв хэрэглэж чадаж байгаа эсэх хууль сахиулах байгууллагын асуудал юм.

Тиймээс иргэд маань хууль чанга байлаа гээд гэмт хэрэг буурдаг биш, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь чухал гэдгийг сайтар ойлгодог байх хэрэгтэй.

Дээрхээс дүгнэхэд, нийгмийн сэтгэл зүйд чиглэсэн сургалт сурталчилгааг тогтмол явуулах шаардлага байсаар байна. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлд ч замын хөдөлгөөний дүрэм, журмын талаар заадаг болох хэрэгтэй юм.

Улаанбаатарчуудын 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог
Улаанбаатарчуудын 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.