Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн ус тогтоох байгууламжийг үерээ тогтоох эсэхэд иргэд эргэлзэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 53 секунд

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 9,24-р хороонд “Үерийн ус тогтоох байгууламж”-ийг хийлгэх 50 сая төгрөгийн өртөгтэй тендерийг зарласан. Тус тендерийн шалгаруулалтанд “Шинэ цагийн зам” ХХК шалгарч үерийн усны байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй. Гэвч тус байгууламжийн ажлыг “50 сая төгрөгийн төсвөөр иймхэн юм хийлээ, үерийн ус ийм зүйлд тогтохгүй” гэх шүүмжлэл иргэдийн дунд гараад байгаа юм. 


Тэгвэл энэ талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэлээс тодруулахад

“49.9 сая төгрөгөөр ийм зүйлээ хийлээ, өндөр үнээр хийж байна гэж байгаа хүмүүс Авлигатай тэмцэх газарт өгөөд шалгуулж болно. Үүнийг шалгуулах  эрх нь хүн болгонд бий. Одоо Баянзүрх дүүргийн 24-р хороонд хийгдэж буй энэ үерийн ус тогтоох байгууламжийг 2017 оноос эхэлж хийсэн. Баянзүрх дүүргийн 24-р хорооны хэмжээнд ийм байгууламж 3 байгаа. Одоо 4 дэх байгууламжийг хийж байна.  Энэ үерийн ус тогтоогч нь уулын амнаас бууж ирж байгаа усыг уулын амны жалганд нь тогтоогоод тэрийгээ хөрсөнд нь шингээдэг зүйл. 

Баянзүрх дүүргийн  уулын бүсэд байрладаг 1, 2, 3, 21, 27, 22,19 гээд маш их хороод байдаг. Эдгээр уулын бүсэд 200 гаруй том жалга байгаа. Энэ болгон дээр үерийн ус тогтоох байгууламжийг хийж, тогтоох хэрэгтэй. Ингэснээр авто зам руу ус орох, айлууд үерт автах зэрэг зохих хэмжээгээр багасна.  Өмнө хийгдсэн үерийн ус тогтоох байгууламж үр дүнгээ өгч байгаа учраас дахин хийж байна. Үүнийг цаашид ч хийх хэрэгтэй. Энийг нийслэлийн бодлого, төлөвлөгөөнд оруулаад явах ёстой. Харин зураг төсөл, инженер тооцооллын талаар нийслэлийн захирагчийн ажлын албанаас асуу” гэв. 

Үүний дагуу нийслэлийн захирагчийн ажлын алба руу залгахад хариуцагч хүний утас нь холбогдсонгүй. 

Шүүмжлэл дагуулсан үерийн ус тогтоох байгууламжийг Баянзүрх дүүргийн 9, 24-р хороонуудад хийж байгаа аж. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн 50 сая төгрөгийн өртөгтэй үер тогтоогч байгууламжийн жинхэнэ үр шим тэнд буй айлуудад хүрэх учиртай. Иймд манай сурвалжлах багынхан Баянзүрх дүүргийн 24-р хороонд хийгдэж буй тус байгууламжийг зорьлоо. 

Биднийг очиход ажлыг гүйцэтгэгч компанийн хүмүүс байхгүй байв.Иймд ойр хавьд буй айлуудаас үерийн ус тогтоогчийн талаар тодрууллаа. 

/БЗД-ийн 24-р хороо/ Үерийн ус тогтоох байгууламжийн баруун талын айлын Иргэн Б.Баатархүү:  Сар гарны өмнө энэ үерийн ус тогтоогчийг хийж эхэлсэн. Гэхдээ гайхаж байна. Энэ үерийн усыг тогтоох юм уу. Харин ч ус нь эндээ хуримтлагдсаар байгаад таарах байх.  Энэ хавийн айлууд жаахан хүүхдүүд ихтэй. Хүүхдүүд хааяа хашаа руу нь  авирчихсан байж байгаа харагддаг. Уначих гээд л байдаг юм. 

/БЗД-ийн 24-р хороо/ Үерийн ус тогтоох байгууламжийн зүүн талын айлын Иргэн Д: Ус нь хуримтлагдаад үлдэх юм уу. Ерөөсөө ойлгохгүй л байгаа. Их бороо орвол ус нь шингэхгүй шүү дээ. Шингэсэн юм байхгүй баахан ногоон нуур тогтоно. Энэ хавьд нээх үерт автаад байдаг айл байхгүй. Энд их хэмжээний ус ерөөсөө урсдаггүй газар. Баахан ус тогтоод хүүхэд уначихвий дээ гэж л бодож байна.

/БЗД-ийн 24-р хороо/ Үерийн ус тогтоох байгууламжийн зүүн хойд талын айлын Иргэн А: Энийг хараад энд ус бөөгнөрнө гэсэн ойлголттой л байж байна. Тэр усаа яахын бүү мэд. Энд нуур үүсгэх гээд байгаа юмуу мэдэхгүй л байна. Ямар хүмүүс хаанаас ирээд юу хийгээд байгааг нь асуухаар мэдэхгүй, мэдэхгүй л гэдэг. Үерийн далан л гэсэн. Миний харж байгаагаар энд нуур тогтоно л гэсэн үг. Доор нь бетондоод, цемент цутгаад хаячихсан байна лээ. Тэгэхээр газарт шингэхгүй л гэсэн үг. Их үер буулаа гэхэд энэ хэсэг нь дүүрээд хоёр талаар нь хальж урсаж л таараа. Үерийн ус тогтоож байгаа нэрийдлээр энэ хоёр талын зам, ойр хавийн айлууд л байхгүй болох байх даа. Манайх энд 19 жил амьдарч байна. Энэ хугацаанд нээх тэгэж үерт автаж байсан зүйл байхгүй” хэмээн ярьлаа. 

Тэдний хэлсэнлчэн “энд тогтсон усыг дараа нь яах,  эндээ шингээх үү эсвэл соруулж авах уу,  Үерийн усыг цааш аюулгүй газарт зөөвөрлөх дамжлага суваг байгаа эсэх, хэдий хугацаанд хийх, дууссан эсэх, тус байгууламжийн хоёр талаар нэмэлт хамгаалалт хийх эсэх” гэх зэрэг олон асуултын хариултыг авахаар тус ажлыг гүйцэтгэгч “Шинэ цагийн зам” компанитай холбогдов. 

Гэвч тэд “Яагаад энэ талаар асууж байгаа юм. Энэ ажил дуусах болоогүй, сүлжээ чинь тасраад байна гэх шалтгаанаар утсаа таслав. Эргээд залгахад утас нь холбогдох боломжгүй болсон юм.

Албаны хүмүүс нь хийж буй ажлаа мэдээлэхдээ энэхүү байгууламж баригдаж дууссанаар үерт автдаг олон өрх аюулгүй болно гээд байгаа. Гэвч бодит байдал дээр  тус байгууламжаар хамгаалагдах айлууд нь шал өөр байр суурьтай байгаа нь албаныхан энэ байгууламжийг хийхдээ бодит судалгаа, тооцоолол хийгээгүй, наад зах нь үер буухад энд байгаа хэдэн айл үерт автдаг талаарх мэдээлэл байхгүй байгаа нь  харагдаж байгаа юм. 

Б.Жаргалмаа, Н.Золзаяа

Гал түймрийн улсын хяналтын байцаагч мэдэгдэл хүргүүлжээ
Гал түймрийн улсын хяналтын байцаагч мэдэгдэл хүргүүлжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.