Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвнамжил: Залуучуудын цусаа бэлэглэх хандлага нэмэгдэж байгаад баяртай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 16 секунд

2020 оны ХАМГИЙН ЗАЛУУ “Хүндэт донор” болсон МУИС-ийн IV түвшний оюутан Б.Пүрэвнамжилтай ярилцлаа. Тэрээр нийт 36 удаа цусаа бэлэглэж 108 хүний амь аварсан юм.

-Хамгийн анх хэдэн онд цусаа бэлэглэж байсан бэ? Хэрхэн энэ талаар мэдээлэл авч байв?

-Оюутан болоод нэгдүгээр курсдээ МУИС дээр ирсэн явуулын цус цуглуулалтыг хараад анх удаа үүний талаар мэдлэгтэй болсон. Цусаа өгч байгаа хүн өмнөх шөнө нь зургаагаас илүү цаг унтсан байх шаардлагатай байсан. Гэвч би урьд шөнө нь бие даалтаа хийгээд бага цаг унтсан байсан учраас яг тэр үедээ өгч чадаагүй. 
Хүнд цусаа бэлэглэх нь хүний амь аварч буй буянтай үйл хэмээн бодсон учир тэр өдрөөс 10 хоногийн дараа буюу 2016 оны арван хоёрдугаар сарын 6-нд өөрөө Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр очин цусаа өгч байсан. Уг төв дээр очин мэдээллүүдээс харахад цусаа тогтмол өгдөг хүмүүсийн хэрэгцээ ойлгосон. Мөн цусаа бэлэглэх нь  хүний амь авардаг чухал эмчилгээний салбар хэмээн харсан учир цусаа тогтмол бэлэглэхээр шийдсэн. Үүнээс хойш бараг 4 жилийн хугацаанд 36 удаа цусаа бэлэглэсэн байна.

-Гэр бүл найз нөхдөөс тань цусаа тогтмол бэлэглэдэг хүн байгаа юу?

 -Миний нэг сайн найз өнгөрсөн жил “Хүндэт донор” болж байсан. Мөн цусаа тогтмол бэлэглэдэг хэд хэдэн их сургуулийн найзууд маань байдаг.

-Тамхи татах гэх мэт буруу зуршилтай хүмүүс цусаа бэлэглэж болдог уу? Мөн цусаа бэлэглэхэд анхаарах зүйлс юу байдаг вэ?

-Яг зуршил дээр тулгуурлан хориглох зүйлс байдаггүй. Тамхи татдаг хүн цусаа өгч болохгүй гэсэн зүйл байхгүй ч тухайн хүн цусаа бэлэглэхээс 3-аас 7 хоногийн өмнө тиймэрхүү зүйлсээ хэрэглээгүй байхад л ямар нэгэн асуудал гарахгүй. Харин цусаа бэлэглэхээс өмнөх 3 хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн байж болохгүй. Мөн вирусын гаралтай шар өвчин тусч байсан хүмүүс өгч болохгүй.

-Ихэвчлэн ямар насны хүмүүс цусаа бэлэглэдэг вэ?

-17-60 настай хүмүүс цусаа бэлэглэх боломжтой. Харин миний харж буйгаар бүхий л насны хүмүүс цусаа өгч байдаг ч ер нь бол залуу хүмүүсийн оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг нь илт харагддаг. Мөн сүүлийн үед усаа өгөгч хүмүүс харьцангуй залуужиж байгаа гэсэн таатай мэдээлэл сонссон.  

-Таны цусны бүлэг хэд вэ? Мөн ямар нэгэн цусны бүлэг эрэлттэй байх тохиолдол байдаг уу?

-A буюу II бүлгийн цустай. Нэгдүгээр бүлгийн цус бусад бүлгээ бодвол бага зэрэг их байдаг ч ихэвчлэн нөхцөл байдлаас шалтгаалдаг. Мөн зөвхөн тийм бүлгийн цустай хүн хэрэгтэй байдаг гэсэн ойлголт бол байхгүй, бүхий л бүлгийн цус хэрэгтэй. Харин ховор бүлгийн цус эрэлттэй байдаг гэсэн сонссон.

-Цусаа өгөх хугацаа тань тогтмол байдаг уу? Ямар давтамжтайгаар явагддаг вэ?

-Мэдээж хэрэг тогтмол байдаг. Нэг удаа цусаа өгөөд эрэгтэй хүн 2 сар, эмэгтэй хүн 3 сар цусаа нөхөн төлжүүлж амардаг. Монгол улсад цусан бүтээгдэхүүнийг гурван төрлөөр авч байгаа. Нэгдүгээрт бүхэл цус ба энэ нь 350-400гр цус байдаг. Үүгээр гурван хүний амийг аврах боломжтой. 
Хоёрдугаарт цусны шингэн эс буюу сийвэн юм. Үүнийг 2 сарын дотор 14 хоногийн хугацаатайгаар 4 удаа авдаг. Сийвэнг нэг удаа авахдаа 600 граммаар таны цуснаас ялгаж авдаг.
Гуравдугаарт цусны улаан эс бөгөөд үүнийг мөн тусгай төхөөрөмжөөр цуснаас ялган  авдаг. Яаралтай хагалгааны үед захиалгаар ирсэн донороос 250-300гр орчмыг авдаг. Ерөнхийдөө миний хувьд цусаа өгөөд 2 сар амраад сийвэн өгөөд 1 сар амраад цусаа өгөөд 2 амардаг гэсэн үг юм. 

-Ямар нэгэн тохиолдлоор таны цусыг авч байсан хүнтэй уулзаж байсан уу?

-Тэр зүйл нь нууцлалын шинжтэй байдаг гэж ойлгосон. Харин нэг удаа би улаан эсийг нэг яаралтай хагалгааны өмнө өгч байсан, маргааш нь мэдээгээр Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж өндөрлөлөө гэхийг сонсож байсан. Магадгүй миний өгсөн улаан эс тэрхүү хагалгаанд ашиглагдсан байх. Гэхдээ яг үнэнийг нь бол тодорхой мэдэхгүй.

-“Хүндэт донор”-ууддаа Монгол улсаас ямар хөнгөлөлтүүдийг үзүүлдэг вэ?

-Хэд, хэдэн зүйл байгаа. Жилд нэг удаа магадлан итгэмжлэгдсэн сувилалд үнэгүй амрах. Яаралтай тохиолдолд улсын эмнэлгээр дараалалгүй үйлчлүүлнэ. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан хөнгөлөлт нь автобусанд сард 60 удаагийн эрхтэй картаар үйлчлүүлэх гэх мэт.

-Цусаа бэлэглэснээр давуу болон сул талууд нь юу вэ?

-Сул гэхээсээ илүүтэйгээр давуу тал их. Цусаа өгсөн өдрөө бага зэрэг ядардаг, тиймдээ ч яг цусаа өгснийхөө дараа амрах хэрэгтэй байдаг, кофе уух гэх мэт. Харин буруу ойлголтуудаас болж гэр бүлийн эсэргүүцэл бага зэрэг байдаг. Цусаа өгснөөр өөрийн чинь цус нөхөгдөхгүй гэх мэт. Эсрэгээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбаруудаас харахад тогтмол цусаа өгөх нь цус нөхөн төлжих чадвар сайжрах, биеэс хор гадагшлах зэрэг давуу талууд байгаа. Мөн цусаа тогтмол өгөх нь зургаан төрлийн цусны шинжилгээ, В,С вирус, ХДХВ гэх мэтчилэн олон төрлийн шинжилгээнд давхар хамрагдаж байгаа юм.
Дараагийн том давуу тал бол кареераа бүтээхийн тулд явж байгаа оюутан бид ямар нэгэн тэтгэлэгт материалаа бүрдүүлэхэд “Хүндэт донор” байх нь их нөлөө үзүүлдэг. Би өөрөө 2, 3 удаа тэтгэлэгт хамрагдаж мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг хүртэхдээ ч CV дотроо тогтмол донор хэмээн оруулж байсан, энэ нь нийгмийн сайн сайхны төлөөх оролцоо учраас материалд маань чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн боддог.

-Сүүлийн жилүүдэд их сургуулийн оюутнууд цусаа бэлэглэх аянд идэвхитэй оролцож байгаа нь ажиглагдсан. Энэ талаар юу гэж бодож байна вэ? мөн юу гэж уриалах вэ?

-2018 оны дөрөвдүгээр сард МУИС дээр Оюутан, төгсөгчийн хэлтэс, BEST клуб гэх мэт хэдэн газрууд хамтран Цусаа бэлэглэх 4 өдрийн аянг зохион байгуулж байхад би зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэр үед залуучуудын хандлага их эерэг байсан ба боломж нь байвал цусаа бэлэглэх хүсэлтэй байгаа нь тод харагдсан. Гэвч одоо энэ хөл хорионы үед цусаа бэлэглэх хандлага буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнтэй холбогдуулж залуусдаа цусаа бэлэглээрэй хэмээн уриалж байна.

А.Содномдаржаа

Хоёр өөр өнгийн нүдтэй хүү өөртэйгээ ижил нүдтэй мууртай болжээ
Хоёр өөр өнгийн нүдтэй хүү өөртэйгээ ижил нүдтэй мууртай болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.