Засгийн газраас зохион байгуулж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Сөүл-Инчеоны онгоцоор авч ирлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"АТГ-аас энэхүү ажиллагаанд оролцлоо. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенцэд нэгдэн орсон бүхий л улс орон мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бусад орнууддаа туслах нягт хамтран ажиллах үүргийг хүлээдэг.
Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенцэд 191 орон нэгдэн орсон. Тиймээс энэ хэмжээний улсуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэрээгүйгээр харилцах боломжтой байдаг.
Мөн оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгож бусад улс орныг дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хааж, дамжин өнгөрсөн тохиолдолд саатуулах боломж бүрддэг. Түүнээс гадна цагаачлалын байгууллагуудтай хамтран ажиллах эрх зүйн орчинтой.
Өнөөдөр бид Т.Бадамжунайг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч, Монгол Улсад авч ирэх ажиллагааг зохион байгуулсан. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд гэмт хэрэгт сэрдэгдэн гаднын улс оронд оргон зайлсан ч Монгол Улсын иргэн тул эрхийг нь хамгаалах хүрээнд буцаан авах үйл ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулсан байгаа.
Түүнчлэн тэрбээр Филиппин улсын цагаачлалын хууль, тогтоомжийг зөрчсөн бол олон сараар баривчлагдах эрсдэл байсан тул газар дээр нь зохицуулж, Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирлээ" гэв.