“Зориг сан”, “Швейцарын хөгжлийн агентлаг” –тай хамтран дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлсэн байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэхээс гадна багт хуваагдан нийгмийн хөгжлийн бичил төсөл хэрэгжүүлдэг аж. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын хамтарсан BrainStorm баг “Дохиот Мэдлэг” төслийг санаачилж дохионы хэл рүү хөрвүүлэгч "Handtalk.mn" Вебсайтыг хийжээ. Уг төслийг санаачилж хэрэгжүүлсэн BrainStorm багийн ахлагч Д.Авирмэдтэй ярилцлаа.
Төслийн санаа хэрхэн бий болсон бэ? Танай төслийн багийн хүмүүсийн дохионы хэлний мэдлэг хэр вэ?
Манай багийнхны хувьд төслийн санаа анх гарахад дохионы хэлний талаар мэдлэг дутмаг, ямар нэгэн байдлаар тэдэнд туслах гэсэн сэтгэл л байсан. Тиймдээ ч холбогдох байгууллага, мэргэжилтнүүд болон дохионы хэлээр ярьдаг хүмүүстэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож, дохионы хэлний талаар мэдээлэл цуглуулж мэдлэгтэй болсон юм. Тухайн хүн төрсөн цагаасаа ахуй амьдрал, нүдний баримжаа, ойлголтоороо орчноо дүрслэн ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хэрэгцээ шаардлагад тулгуурлан, соёл, ахуй амьдралаас урган амьдралын үйл явцад үүсдэг хэл.
Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.
Энэхүү эрхийг хангахын тулд улсын болон хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагууд “Байгууллагын үйлчилгээний стандарт"-ын хэрэгжилтийг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх үндсэн ойлголт өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүйг олгох, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй болгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг байна.
Гэвч дутагдалтай тал нь эдгээр сургалтыг бататгах давтан судлах боломж, хүртээмж хомс байдаг. Дохионы хэлийг сонсголын бэрхшээлтэй иргэд гэлтгүй бусад бүх хүмүүсийг орон зай цаг хугацаа хамааралгүй сурах боломжийг мэдээллийн технологийг ашиглан онлайн хэлбэрээр дохионы хэлний анхан шатны мэдлэгийг авах боломжийг бий болгох нь маш олон давуу талтай гэж үзсэн.
Тус төслийг хийхийн тулд нэлээн дата мэдээлэл цуглуулсан байх. Манай улсад сонсголын бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг вэ?
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай холбогдож мэдээлэл зөвлөгөө авч байсан. Манай улсад Үндэсний статистикийн хорооны 2019 оны судалгаагаар, нийт 107.075 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 8 хувь буюу 8566 нь сонсголын бэрхшээлтэй гэж бүртгэгдсэн гэсэн тоо баримт байдаг юм билээ.
Яагаад дохионы хэлний асуудлыг хөндөж энэ сэдвээр төсөл хийхээр болсон бэ?
Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэхээс гадна багт хуваагдан нийгмийн хөгжлийн бичил төсөл хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрт хамрагдан оюутан залуус хамтран BrainStorm баг “Дохиот Мэдлэг” төслийг санаачилж хэрэгжүүлсэн.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг эх хэл нь дохионы хэл бөгөөд аман хэлтэй ижил төвшинд мэдээлэл хүлээн авах боломжтой юм. Бодит байдал дээр тэд зөвхөн гэр бүл дотроо л харилцаж нийгмийн бусад харилцаанд орж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл бид мэдэхгүй гэдэг шалтгаанаар энэ хүний харилцааг хязгаарлаад байгаа юм.
Төслийн хүрээнд бид зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тэдний гэр бүлийн гишүүдээс гадна дохионы хэл сурахыг хүссэн хүн бүхэн хаанаас ч хэзээ ч сурахад тохиромжтой байдлаар сургалтын веб платформ боловсруулах дохионы хэлийг дэлгэрүүлэх, олон нийтийн дунд мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг зорьсон юм.
Энэхүү вебийнхээ талаар тайлбарлавал? Мөн хэдий хугацаанд дохионы хэлийг сурах боломжтой гэж тооцсон бэ?
Төслөөр бий болгох платформын анхны хувилбарын системийн шинжилгээг хийсэн. Дохионы хэлийг хурууны үсэг болон дохио зангааны хэл гэсэн 2 том бүрэлдэхүүн хэсэгт хувааж үздэг. Бид эхний ээлжид үгийг хурууны үсгээр илэрхийлэх боломжтой дохионы хэл хөрвүүлэгчийг бий болгосон юм.
Энэхүү хөрвүүлэгч нь тухайн өгсөн монгол үгийг үсэг бүрээр нь дохионы хэлрүү хөрвүүлэх боломжтой. Мөн төслийн хүрээнд 20 цуврал видео хичээлийг боловсруулан олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэсэн. Суралцагч тухайн хүн хаанаас ч хэзээ ч чөлөө заваараа хандаад сургалтаа авах боломжтой байдлаар сургалт болон видео хичээлүүдийг оруулах ба сургалт хичээлээ үзсэний дараагаа мэдлэгээ шалгах тест болон шалгалтын хэсгийг оруулахаар төлөвлөөд байгаа.
Цаашид юуг зорьж байна вэ? Энэ төслөө үргэлжлүүлэх үү? Энэ салбар, чиглэлийн зүйл нэмж хийх үү?
Одоогоор үгэн орчуулга хийж байгаа бол цаашид өгөгдсөн үг болон өгүүлбэрийг machine learning болон хиймэл оюун ухаан ашиглан бодит хүн шиг орчуулдаг хиймэл робот болгох зорилготой байгаа.
Энэ нь маш том өөрчлөлтийг авчирна гэж манай баг найдаж байна.
- Энд дарж вэб рүү нэвтэрнэ үү
Б.Жаргалмаа, Н.Золзаяа