Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Снөүбордын тамирчин Г.Ганзориг: Олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуудуулаад, төрийн далбаагаа өргөөд зогсож байхыг хүсдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
13 минут 1 секунд

АНУ-ын Лейк Плесид хотноо зохион байгуулагдсан дэлхийн оюутны өвлийн Универсиад 30 дугаар наадамд амжилттай оролцож, снөүбордын параллель жиант слаломын төрөлд олон орны тамирчдаас 23 дугаар байрт шалгарч, Монгол Улсынхаа рекордыг эвдсэн шилдэг залуу тамирчин Г.Ганзоригтой снөүбордын спортын онцлог хийгээд тамирчин хүний ур чадварын талаар ярилцлаа.

-Юуны өмнө манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Ганзориг гэдэг. ХААИС-ийн хоёрдугаар курсийн оюутан. Мөн Монголын Үндэсний Цанын шигшээ багийн тамирчин.

-Цанын шигшээ багийн тамирчин гэлээ шүү дээ. Яг ямар төрлөөр нь хичээллэдэг юм бол. Бас энэхүү спортоор хичээллэхийн давуу талыг яг юу гэж боддог вэ?

-Туг сүлждэг төрлөөр гурван жил хичээллэж байна. Өмнө нь би өвлийн улиралд зүгээр л гэртээ хөгжим сонсоод сууж байдаг эсвэл найзуудтайгаа цагийг өнгөрөөдөг байсан бол энэ спортоор хичээллэснээр шинэ зүйл сурч мэдсэн мөн өвлийг маш үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон. Ялангуяа өвлийн улиралд хийх зүйлтэй болсон.

-Яагаад энэхүү спортыг сонгох болов?

-2014 онд Сочигийн өвлийн олимпоор "Snowboard"-ын агаар дээр акробат эргэх бас бусад төрлүүдийг үзэж байсан юм. Тухайн үед үзээд маш их дурлаж байлаа.

Тэгээд энэхүү спортоор хичээллэх боломж төдийлөн олдохгүй явсаар яг гурван жилийн өмнө ах маань төгсөж ирээд бид хоёр хамтдаа гулсаж эхэлж байсан юм. Тухайн үед ах маань БНХАУ-д суралцаж байгаад ирсэн юм.

-Тэгэхээр ах нь бас "Snowboard"-оор хичээллэдэг гэсэн үг үү?

-Тийм. Ах маань надаас өмнө хичээллэж эхэлсэн байсан юм. Ахыг маань Г.Зоригт гэдэг. Маш чадварлаг, ранкаараа ч маш дээгүүрт бичигддэг тамирчин байгаа.

-Ер нь манай улсад бэлтгэл хийх нөхцөл боломж хэр байдаг юм бэ?

-Одоогоор манай улсад ганц байгаа цанын бааз бол "Sky Resort". Бүх тамирчид маань энд л ирж бэлтгэлээ хийдэг. Тиймээс "Sky Resort"-ийнхоо хамт олонд баярлалаа гэж хэлье. Өвлийн спорт тэр дундаа цанын спортыг хөгжүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэх их үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулж буйд нь талархаж явдаг. Мөн Монголын Үндэсний цанын шигшээ багийнхандаа ч мөн баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй байх.

Мөн өдөр ирэх тусам цанын спортоор хичээллэх, сонирхох хүүхэд залуус нэмэгдэж байгаа учраас ирээдүйд улам илүү боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна.

-Таны хувьд энэхүү спортоор хичээллэснээсээ хойш ямар, ямар амжилт гаргав?

-2021-2022 оны шилжих өвөл буюу 12 дугаар сард Улирлын нээлтийн тэмцээний Насанд хүрэгчдийн төрөлд Мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2022-2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль мөн 2022-2023 оны Улирлын нээлтийн тэмцээнд Хүрэл медаль хүртсэн.

Түүнээс гадна АНУ-д зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа мөн ХААИС-иа төлөөлж оролцон Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж хоёр төрөлд 23, 24-р байрыг эзэлсэн. Тухайн тэмцээнд 50 орны 2500 гаруй тамирчин оролцсон маш том тэмцээн болсон.

Анх удаа Монгол Улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь энэ байсан юм. Миний хувьд Монгол Улсынхаа анхны рекордыг эвдсэн. Тиймээс маш их баяртай байгаа.

-Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуудуулаад зогсож байхад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуудуулна гэдэг бол маш их бахархмаар зүйл юм билээ. Олон орны тамирчдын өмнө эх орныхоо нэрийг дуудуулаад зогсож байхад маш их омогшсон бас огшсон.

Зарим орны тамирчид Монгол Улс гэдгийг мэдэхгүй Чингис хаан гэж дуудахаар л маш их гайхаж, биширч хүлээж авч байгаа нь харагдсан. Тэр ч утгаараа Монгол Улсыг зарлахад бүх орны тамирчид маш их бахархалтайгаар хүлээн авч, чин сэтгэлээсээ баяр хүргэж байсан.

-АНУ-ын Оюутны ДАШТ-д маш амжилттай оролцоод ирсэн юм байна. Тэгвэл дараагийн зорилго тань юу вэ?

-Сая бол оюутны дэлхийн аваргад рекорд эвдээд ирсэн шүү дээ. Тиймээс дараа дараагийн жилүүдэд насанд хүрэгчид ч гэдэг юм уу дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцож, өөрийнхөө рекордийг эвдэх, амжилтуудаа ахиулж, медаль авахыг зорьж байгаа.

-Өөрийг тань дэлхийн тавцанд гарахад хамгийн их нөлөөлсөн хүн бол мэдээж дасгалжуулагч нь байх. Тиймээс дасгалжуулагчаа танилцуулахгүй юу?

-Дасгалжуулагчийг маань н.Шинэтөр гэдэг. Дасгалжуулагчаа буюу Шинээ ахыгаа би багаасаа мэднэ. Хүний амьдрал тааварлашгүй гэдэг шиг багаасаа таньдаг байсан ах маань миний дасгалжуулагч болсон. Ийм зүйл болно гэж огт төсөөлж байгаагүй. Гэтэл нэг л өдөр багш, шавь болчихсон байсан. Тандаа маш их баярлалаа гэж хэлье.

-Сая таныг яг гулгаад бууж ирж байхыг харлаа. Маш их адерналин ялгарч байгаа мэт л санагдлаа. Ер нь гулгаж байхад ямар мэдрэмж төрдөг юм бол?

-Гулсаж байх үед маш сайхан мэдрэмж төрдөг. Юугаар ч илэрхийлэхийн аргагүй, зүйрлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авдаг. Мөн хүмүүсийн хажуугаар зүсээд гарахад хүмүүс ч гэсэн маш их гайхаж, биширч хүлээж авдаг. Тэр бүгдээс маш их аз жаргал, таашаал мэдэрдэг.

Мөн өсвөрийн тамирчид гэж бий. Дүү нартаа ч гэсэн аль болох чаддаг зүйлсээ зааж, сургахыг хичээдэг. Маш чадварлаг үе гарч ирж байгаа.

-Манай улсын болон гаднын орны хувьд ялгаа хэр байдаг вэ. Ялангуяа бэлтгэх хийх зам талбай ч гэдэг юм уу?

-Стандартын хувьд тухайн орны цанын баазаас хамаараад харьцангуй өөр, өөр байдаг. Гэхдээ уралдааны замын тогтсон стандарт нь 400-450, 500 метрийн зайтай байдаг. Мөн тугны хувьд 25-с дээш 50 хүртэлх ч гэдэг юм уу өөр, өөр байдаг.

Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зам бол маш хэцүү олон орны тамирчид оролцдог учир маш том талбайтай байдаг. Угтаа Монголдоо бэлтгэлээ хангалттай хийсэн ч гэсэн тухайн орны цанын бааз шал өөр байдаг. Гэхдээ манай Монгол тамирчдад чадвар байгаа. Юуг ч чадна.

-Монгол Улсаа төлөөлөн гадаадын тэмцээн уралдаанд оролцоход саад бэрхшээл тулгардаг уу. Ер нь ямар ямар асуудал тулгардаг вэ?

-Мэдээж хэрэг саад бэрхшээл тулгаралгүй яахав. Хамгийн энгийн жишээ гэхэд хувийн зардал, очоод байрлах байр, хувцас хэрэгсэл зэргээс эхлээд асуудал тулгаралгүй яахав.

-Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Таны хувьд ямар мөрөөдөлтэй вэ?

-Миний хувьд маш том мөрөөдөлтэй. Олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаад, Монголынхоо төрийн далбааг өргөөд энд Монгол хүн зогсож байна, энд би байна гээд бусад орны тамирчдын өмнө эх орноо сурталчлахыг маш их хүсдэг.

-Одоо 19 настай юм байна шүү дээ. Цаашид ч энэхүү спортоороо хичээллэсээр байх уу?

-Би Механик инженер мэргэжлээр суралцдаг. Гэхдээ энэхүү спорттой салшгүй холбоотой, яг л нэгэн цул болчихсон гэсэн үг. Цаашид ч хичээллэсээр байх болно.

-Энэ асуултыг бүх л тамирчдаас асуух хэрэгтэй юм шиг санагддаг юм. Ялангуяа манай улсад өвлийн спорт саяхнаас л хөгжиж байгаа шүү дээ. Ер нь манай улсын төр засгаас дэмждэг, тусалдаг зүйл бий юу?

-Ерөнхийдөө аль ч спортоор хичээллэж буй тамирчин ямар ч тэмцээн уралдаанд оролцсон өөрийнхөө хувиас хөрөнгө, мөнгө гаргадаг. Ялангуяа гэр бүл нь хамгийн их дэмжиж тусалдаг. Гэхдээ улсаас, төр засгаас бага ч болов дэмжвэл үзүүлэх амжилт нь илүү нэмэгдэнэ, урам авна гэж боддог.

Олимп, тив дэлхийд гарах мундаг тамирчин бэлтгэхийн тулд нэгдүгээрт тамирчин өөрөө хичээдэг, хийдэг, чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт гэр бүл, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй байх хэрэгтэй. Тийм ч учраас тамирчныг илүү хол явж, улам илүү амжилт үзүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл бол яах аргагүй тусламж, дэмжлэг байх. Бүх тамирчид үүнийг хэлэх байх гэж бодож байна.

-Мөн ар гэр, төр засаг гэхээс илүүтэй хамтарч ажилладаг, дэмжин ажиллах спонсор байгууллагууд байвал мөн илүү амжилт үзүүлэх юм болов уу гэж миний зүгээс харж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Зөв шүү. Ар гэр, дэмжиж туслах хүмүүс бүгд байж байж тамирчин хүн амжилтад хүрнэ. Тамирчин ч мөн амжилтынхаа төлөө өдөр бүр тэмцэж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Амжилтаар нь ч тухайн тамирчинг үнэлнэ шүү дээ.

Ер нь тамирчин хүний амжилтын нууц бол бусдын дэмжлэг, тусламж. Сэтгэлийн дэм, урмын үг магадгүй санхүүгийн дэмжлэг тусламж ч үүнд багтах байх.

-Таны хувьд өмнө нь Монгол тамирчдад маш их чадвар бий гэж хэлж байсан шүү дээ. Ер нь манай тамирчдын хувьд юугаараа илүү онцлогтой вэ?

-Дан ганц тамирчнаар ярих зүйл биш гэж ойлгож байна. Монгол Улсаар ярих нь зүйтэй байх. Учир нь манай улсын байгаль цаг уурын онцлог, хүмүүсийн оюуны чадвар, аливааг хүлээж авах, ойлгох чадвар энэ бүгд бусад улс орны иргэдээс огт өөр.

Анх удаагаа гулгаж байгаа хүүхдэд л ингэж гулгана гээд хэлээд өгөхөд л маш хурдан ойлгоод хүлээгээд авчихдаг. Үүнээс яг юу харагддаг вэ гэхээр Монгол хүний аливааг хүлээн авч өөрийн болгох чадвар маш хурдан юм байна. Эхлэлийг нь тавиад өгөхөд л улам хөгжүүлээд явах чадвар бий. Тиймээс Монголчууд бид бие биенээ маш сайн дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь дэмжлэг.

-Таны амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?

-Миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрүүл мэнд. Тамирчин хүний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол эрүүл мэнд. Өвдөж болохгүй, гэмтэж болохгүй гэж боддог юм.

Хоёрдугаарт, гэр бүл. Аав, ээж, ах, эгч нар маань.

Гуравдугаарт, спорт. Учир нь миний ард бат зогсож намайг үргэлж чиглүүлдэг зүйл бол миний гэр бүл. Тиймээс би хоёрдугаарт гэр бүлээ, гуравдугаарт спортыг нэрлэж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Монголын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн 3x3 тэмцээний Азийн аварга боллоо
Монголын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн 3x3 тэмцээний Азийн аварга боллоо
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.