Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүчирхийллийг таслан зогсоох ганц шийдэл бол “ТА ӨӨРӨӨ“

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 7 секунд

“Лантуун дохио” ТББ 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй давтахгүй” консепт үзэсгэлэнг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэнд аврал эрсээр одсон хүүхэд, эмэгтэйчүүдийн дотоод хашхираан, тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, дахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зураг, дижитал артаар дамжуулан хүргэх аж.

UBN.mn сайтын сурвалжлах баг Монголын уран зургийн галерейг зорьлоо. Хоёр давхарт гармагц дөрвөн өртөө бүхий үзэсгэлэн угтах бөгөөд зохион байгуулагч угтан авч, хаанаас эхлэн үзэх зөвлөмжийг өглөө. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг хооронд нь улаан утасаар холбосон байх ба тус утсын дагуу үзэсгэлэнгээ үзэх аж.

Бидний эхний орох өртөө бол Статистикийн өртөө

Хана бүрт хүчирхийллээс болж эндсэн хүүхдийн тоо болон ослоос болж нас барсан хүүхдийн зургийг байршуулсан байлаа. Өрөөг улаан өнгийн гэрлээр гэрэлтүүлж, нас барсан, алга болсон хүүхдүүдийн кейсийг чанга яригчаар сонсгон, проектороор дүрс үзүүлэх нь тэр. Өрөөний голд төмөр ор байршуулан улаан утас хаш яаш овоолсон байгааг харахад хүчирхийлэлд өртсөн мянга мянган хүүхдийн цус урсаж буй мэт сэтгэл эмзэглүүлж орхив.

Улсын хэмжээнд ахуйн осол гэмтлээр сүүлийн гурван жилд 157 мянган хүүхэд өртсөн байна. Мөн сүүлийн таван жилд 5152 хүүхэд авто осолд өртсөн гэх судалгаа гарчээ. Түүнээс гадна сүүлийн таван жилд нийт 380157 хүүхэд төрснөөс 2158 нь амьгүй төрөлт байсан бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1525 хүүхэд, гэмт хэргийн улмаас амиа алдсан 446 хүүхэд байгаа талаарх тоон мэдээлэл ч буй.

Бид “Ид шидийн орон” төвийн менежер н.Билгүүндалай-аас уг үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

“Лантуун дохио” ТББ 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй давтахгүй” нэртэй нөлөөллийн ажлыг хийхээр жилийн хугацаанд төлөвлөсөн. Төлөвлөгөөний эхний ажил нь үзэсгэлэн байсан. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар асуудлуудыг хөндсөн, ямар шийдэлийг ирж хайсан, юу бүтээсэн бэ гэдгийг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорисон. Мэдээж нийгэмд маш олон асуудлууд бий.Тэдгээр асуудлыг “асуудал” гэж эвлэрч суулгүйгээр хүн бүр гар бие оролцдог байх нь чухал. Хүн бүр өөрсдийн чадах зүйлээрээ хувь нэмэрээ оролцуулж байж өнөөдрөөс илүү маргаашийг бүтээж чадна гэдэгийг ойлгуулах ач холбогдолтойгоороо онцлог. Түүний нэгэн шийдэл нь өртөөнд “Та шийдэл харж байна” хэмээх бичигтэй толь байрлуулсан.

Мөн бид үзэсгэлэнгээрээ хар бараан мэдээллийн хүмүүст хүргээд, тэднийг айлгаж, хямраахаас илүүтэй нийгэмд ийм асуудал байна, хэцүү байгаа нь үнэн, үнэнтэй нүүр тулья гэсэн зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Энэ хав харанхуй зүйл тэр чигээрээ харанхуй байх ёстой зүйл биш, үүнд гэрэл бий. Хүн бүр тэр гэрэл рүү тэмүүлэх ёстой шүү. Шийдэл, гарц гаргалгаа байгаа, тэр шийдэл нь зөвхөн ТА гэдэг хариултыг дамжуулж өгөхийг хичээсэн.

Үзэсгэлэн үзэгчидийн сэтгэгдэл гэвэл өнөөдрийн нийгэмд болоод байгаа бодит байдал, хүүхдийн эндэгдэл, эрсдэл, болсон үйл явдалуудыг үзээд хүмүүс бараг нүдэндээ ч итгэсэнгүй ээ, энэ үнэн бодит зүйл гэж үү гэдэг сэтгэгдэлтэй гарч ирж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид дөжирчихсөн, хэлгүй, сохор, дүлий мэт байгаад байна. Тиймээс болж байгаа асуудлыг, үнэнтэй тулаад ойлгоё гэж уриалмаар байна.

10 жилийн өмнө л гэхэд гэр хороолол болон алслагдсан дүүргүүдэд хүүхэд хөгжлийн төв байх байтугай хүүхэд тоглох тоглоомын талбай ч байдаггүй байсан шүү дээ. Тэгвэл одоо бид гурван “ид шидийн орон” төвийг бүтээн байгуулчихсан, тухайн гурван төв маань амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэ бол яалтачгүй бодит шийдэл. Та үүнийг нүдээрээ хараад, биеэрээ мэдрээд зогсож байна гэдэг нь энэ хий хоосон бүтэхгүй мөрөөдөл биш юм.

Ямар ч ТББ-ын гол зорилго бол бүх асуудлыг өөрөө шийдэх бус тухайн асуудлыг шийдэх ёстой институт байгууллагуудад шахалт үзүүлэх зорилготой байдаг. Монголд болж байгаа бүх асуудлыг шийдэх биш, энэ асуудлыг ийм аргаар шийдэж болдог юм шүү гэдгийг нийгэмд харуулах, таниулах, нөлөөлөх нь бидний зорилго. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Нүдээ нээ”, “Хүн бай”, “Ид шидийн орон” зэрэг маш олон нөлөөллийн үйл ажиллагаануудыг явуулсан.

"Лантуу дохио” ТББ-ыг байгуулагдахаас өмнө улсын жилийн төсөвөөс хүүхэд хамгааллын салбарт оруулж байгаа төсөв маш бага байсан. Харин одоогоор Монгол улс жилдээ хүүхэд хамгааллын салбарт ойролцоогоор 10 тэрбум төгрөг төсөвлөдөг болсон. Үүнийг яалтачгүй бодит үр дүн гэж харж байна. Анх зүүн салаа дахь “Ид шидийн орон” төв хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг хүүхэд хамгааллын чиглэлээр 5 жилийн туршид үйл ажиллагаа явуулсан. Харин өнгөрөгч оноос хойш хүүхэд хөгжлийн төв болсон байгаа. Өмнө нь хүүхэд хамгааллын байр байх үед тэр том байшинд хамгийн ихдээ 20-30 хүүхдэд л хүрч, үйлчилж чаддаг байсан бол өнөөдөр тэнд 400-500 хүүхэд сургалтанд хамрагдаж байна. Бидний анзаарсан зүйл бол хөгжил гэдэг нь өөрөө шинэ хамгаалал юм байна. Хамгаалал гэдэг тухайн хүүхдийг хамгаалах байранд авчирч ирээд харж, хандахаас илүүтэй хүүхдийг хөгжүүлсэнээрээ, өөрийгөө хамгаалах ойлголт, мэдлэгийг олгоснооор тэр хүүхэд хаана ч, хэзээ ч өөрийгөө хамгаалж чадах юм байна. Бид тухайн хүүхдийг цаг ямагт харж, хандаж чадахгүй учраас өөрөө өөрийгөө хамгаалах, хүчирхэг болгох нь зөв шийдэл юм байна. Тиймээс илүү олон хүүхдийг өөрийгөө хамгаалах боловсролтой, мэдлэгтэй болгоё, хөгжилөөр хангаж өгье гэсэн шийдэлийг санал болгон ажиллаж байна" гэлээ.

Бидний дараагийн зочилсон өртөө бол хүчирхийлэлийг урлагийн хэлээр харуулсан бүтээлүүдийг байршуулсан өртөө байлаа.

Хүчирхийллийг цус нөж, хөх няц байдлаар бус тухайн хохирогчийн сэтгэл зүйг тодотгосон бүтээл байв. Хүний сэтгэл гэдэг цэцэгтэй адил, эмзэг нандин зүйл. Цэцэг амьд байхдаа л үзэсгэлэнтэй, үхсэн хойно нь усалж, арчилахад бүгд оройтсон байх болно. Түүнтэй адил хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хэцүү зүйлийг даван туулж яваа хүүхдүүд, санамсаргүй ослоор бэртсэн хүүхдүүдийн сэтгэл тийм ч амар сэргэхгүй гандсан цэцэг мэт гэсэн утгыг илэрхийлжээ. Бие дээрх шарх аниж болно гэхдээ сэтгэлийн шарх анидаггүй гэдэг ойлголтыг баримтат зургаар дүрслэж байгаа аж.

Тэгвэл тус үзэсгэлэнг үзээд юу ойлгож, мэдэрсэн талаар үзэгчидийн мэдрэмж, сэтгэгдэлээс хуваалцлаа.

Б.Ууганцэцэг “Мартахгүй давтахгүй” зэсгэлэнг үзээд дууслаа. Үнэхээр сэтгэл эмзэглэж , тэр олон мянган хүүхдийн амь насны өмнөөс өр өвдөж байна. Золгүй явдалаар, бусдын гарт хэн нэгэн хүүхэд ахин битгий үрэгдээсэй. Тэд инээж, тоглож, аз жаргалтай амьдрах эрхтэй. Хүчирхийллийг үл тэвчигч байж, хэзээд хүүхдүүдийн хамгааллын төлөө байх болноо” гэлээ.

Харин өөр нэгэн үзэгч,

А.Урангоо “Энэ үзэсгэлэнг үзээд үнэхээр нэг хүний асуудал нийт хүмүүст тулгарч бодлог юм байна. Нэг хүний шийдвэр бусад хүмүүст нөлөөлөх нь чухал юм байна гэдгийг харлаа. Далайд дусал нэмэр гэдэг шиг миний хувь нэмэр ч бас маш чухал юм байна гэдгийг ойголоо” гэв.

Урлаг зөвхөн сайхан гэдэг ойлголтонд бус уран бүтээлчийн, хүний хашгирааныг хамгийн чангаар дамжуулдаг орон зай байдаг. Аврал ирсээр одсон хүүхэд бүрийн чимээгүй хашгирааныг урлагийн хэлээр хүргэх үзэсгэлэнг сонирхож үзээрэй гэж зөвлөж байна. Хүн хүнээсээ энгийн зүйлсийг л хүсдэг. Нэгнээ хайрлах, итгэх, дэмжих, хариуцлагатай байх, анхааралтай байх, араас нь харамсах бус урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Эцсийн эцэст хамгийн том шийдэл бол ТА ӨӨРӨӨ юм.

Д.Дөлгөөн

Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад 1500 сурагч хамрагдлаа
Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад 1500 сурагч хамрагдлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.