Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 7-8 дугаар ангийн 3000 сурагчийг Монгол Улсын Их сургуулийн “Экологийн боловсролын төв”-тэй танилцуулах ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон.
Эхний ээлжийн 1500 сурагчид “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль-II” төслийн хүрээнд 2023 оны гуравдугаар сарын 15-24-ны өдрүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн 90 минутын өртөөчилсөн сургалт, аялалд хамрууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын Их сургуулийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын санаачилгаар зохион байгуулсан юм.
Өртөөчилсөн аяллаар сурагчид музейн амьтад, танин мэдэхүйн хүлэмж, ургамал үрээ өөрөөсөө холдуулан, өргөн уудам зайд хэрхэн тараадаг талаар үрийн аялал, Бинокуляраар янз бүрийн өнгө, хэлбэр, бүтэц бүхий навч, цэцгийн дэлбээ гэх мэт энгийн нүдээр тэр бүр харах боломжгүй зүйлсийг томруулан харж, амьд байгалийн үл үзэгдэх гайхамшгуудтай танилцсан юм. Хоёрдугаар ээлжийн аялал ирэх аравдугаар сард зохион байгуулагдаж үлдсэн 1500 сурагч хамрагдах аж.
Д.Дөлгөөн