Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнэбатын баривчилгаа ба МАН-д зохиогүй МАТРЫН НУЛИМС

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 10 секунд


Ж.Эрдэнэбатыг бариад хийчихлээ. Юун гишүүний бүрэх эрх, юун хууль. Ядаж ямар хуулийн үндэслэлээр хэн гэж шүүгч захирамж гаргасныг ч мэдэх юм алга. Ард түмнээс сонгогдсон их хурлын гишүүнийг захирамжаар хорьсон анхны тохиолдол. Өмнө нь 2003 онд Л.Гүндалайг албадан саатуулаад бантсандаа буцаагаад гаргасан явдал бол бий. Гэхдээ 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхээгүй, шүүгч захирамж гаргаагүй. Харин өнөөдөр зарим нэг шүүгч УИХ-ын гишүүнийг цагдан хорих хүртлээ том толгойлох болсон гэнэ үү. Хэрэв тийм бол улс төрчдийн өөрсдийнх л хохь. Үгүй бол үүнийг захиалагч нь нэлээд өндөр дэвтэй эрхэм гэдэг нь тодорхой. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүнээр зоог захиалах боломж Улсын гурван нөхөрт л бий. Хоёрдугаар нөхөр өөрөө нис нис гэж нисгэчихээд араас нь далавчийг нь хайчлах гээд гүйх гэж үү? Гуравдугаар бол хоёрдугаарын үгнээс гарахгүй. Ингэхээр Эрдэнэбаттай хуурга захиалсан хүн нэгдүгээр болж таараад байгаа юм.

МАН-ынхан шоконд оржээ. Ж.Эрдэнэбатыг өмгөөлөхгүй бол намд нь бугласан гал гэрийг нь ч шатааж мэднэ. Өмгөөлөөд улсын нэгдүгээртэй үзэлцээд эхэлбэл дараагийн хуургаа тэр захиалаад эхэлнэ. Улсын нэгдүгээрийн дэгээнд гогдуулах дараагийн загас намын даргын хавиас тодорвол аюул нүүрлэнэ. Тийм болохоор нэгдүгээртэй зодолдох нь ухаалаг сонголт биш. Дом төдий ч болтугай дугарах шаардлага гарч МАН-ынхан мэдэгдэл гаргаж, хэвлэлийн хурал хийж матрын нулимс унагав. Гэхдээ Генсек нь биш, газрын хэлтсийн дарга нь биш, тэр хол гуравдугаар эгнээний хэвлэлийн төлөөлөгчөө Ж.Эрдэнэбатын танхимд байсан ганц нэг хүнтэй хамт тайзанд гаргав. Үүгээрээ улсын нэгдүгээртэй үзэлцэх хүсэл нэг их алга гэдгээ эвтэйхэн илэрхийлсэн бололтой юм.  

Үе үеийн нэгдүгээрүүд сонгуульд хоёр намыг тарамдуулж, ойролцоо хайнаатай орж ирээсэй гэж хүсдэг. Н.Энхбаярыг эд мандаж явахад Н.Багабанди “шинэ сонголтын жил” гэж хэлээд “будаа болгосон.” Н.Энхбаяр ч өөрийн намаа самрахаар нэг болж М.Энхболдын засгийг огцруулж, С.Баярын хүчийг нь тарамдуулсан. Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийн засгийн газрыг унагахад оройлон оролцсон гээд ерөөс нэгүүд парламентдаа тэр дундаа сонгож гаргаад ирсэн намдаа харшилтай болчихдог нь гэм биш зүй тогтол болжээ. Энэ жишгээр одоогийн нэгдүгээр аль аль намыг нь хагалан бутаргаж, дотор нь зодоон үүсгэх тоглолтоо хийсээр л байна. Ардчилсан намын тойрог бүр дээр ардчилсан бие даагч илгээж хагалсан бол ардын намд экс ерөнхий сайдыг нь хорьж сюрприз барилаа.

Үнэндээ нэгдүгээр жокерийн хоёр нүүрт тоглоомыг хорлонтой, хязгааргүй болгоод өгсөн хүмүүс нь МАН-ынхан өөрсдөө юм шүү дээ.

Тэгэхээр матрын нулимс унагах нь даанч зохихгүй. Ердөө жилийн өмнө Улсын гурав нийлж зохицоод шүүгч, прокурор, АТГ-ын даргыг шууд солих эрхтэй болоод авсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нэрийдэлтэй боловч үндсэндээ гурван улс төрчийн тохироогоор хуулийн байгууллагыг яаж бол яаж залах мэдэлтэй болгоход МАН-ын 40-өөд гишүүн хуралд сууж 35 орчим нь дэмжиж кноп дарсан. Эрүүдэн шүүлтээр халхавч хийсэн жүжгийн ард өөрсдийг нь өөрсдийнх нь хуруугаар “гөлөг” болгох ажиллагаа явагдаж байгааг тухайн үед цөөнгүй хүн хэлж байсан ч тоогоогүй.

Өмнө нь өчнөөн завхрал гардаг байсан ч эрх биш хуулийн рамандаа захирагдаад  “за энэ арай хэтэрнээ”-тэйгээ байсан шүүгч нар өнөөдөр цэвэр тушаал дагах болсон. Ийм л зүйлрүү оруулаад өгчихсөн хүмүүс нь шударга таван гишүүн тэргүүтэй МАН-ынхан өөрсдөө юм шүү дээ. Одоо харин өөрсдийнх нь бүтээсэн машин өөрсдийнх нь гар хөлийг огтлоод эхлэхтэй зэрэгцэн “хонгилын шүүгч”-д гомдож эхэлж гэнээ. Улсын гурвын хоёр нь МАН-ынх учраас нэгдүгээртэйгээ зохицоод ямар хоол захиалахаа шийдээд явна гэж тэд тооцоолсон шиг байгаа юм. Гэвч тэр нь ёстой лөлө болно. Нэгдүгээр нь өөрөө аюулгүй зөвлөлийн дарга бөгөөд нэг хийсэн томилгоо бандан тас гээд новшироход нөгөө хоёр нь яаж ч чадахгүй. Хамгийн аюултай нь алх цохин тасалдаг шүүгч нар улсын нэгдүгээрийн хашаанд багтах тул зөрүүлж хонгилдох барьц мэх МАН-д үлдээгүй. Үсрээд Ерөнхий сайдынхаа хашаа хавиар байдаг тагнуул, цагдаагаар илгээмж явуулж болох ч шүүгчийн алхгүй бол юу ч дөнгөхгүй. Хонгилыг өөрсдөө бүтээгээд хамт эзэмшинэ гэж тохирсон улсын хоёр, гуравдугаарууд хулхидуулжээ.

МАН ялсан ч дотроо шазуур хорсол дүүрсэн гишүүдтэй нэг танхимд сууцгаах суудлыг улсын нэгдүгээр бэлдэж өглөө. Өргөстэй энэ сандал дээр улсын хоёрдугаар хэр удаан тэсч суухыг харах л үлдэв бололтой. Нөгөөтэйгээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулахтай зэрэгцээд улсын нэгдүгээр илүү олон хоол захиалах өнгө харагдаад эхэллээ. Энхсайхантай шөл, Эрдэнэбаттай хуурганаас гадна хоолонд нь МАН-ын даргын гал тогооноос ч хольц, салат захиалж мэдэх юм. Одоо МАН-ынханд С.Эрдэнийн хэлсэн “та нар ёстой хэн ч биш болно, бүгдээрээ бөлдөгдүүлнэ” гэдэг үг оройд нь орно доо.

Улсын гурван нөхөр нийлж шүүх, прокуророо томилдог хуулийг гаргаснаар манай улсын шүүхийн хараат бус байдлын индекс 137 орноос 110-т ортолоо ухарсан. Өмнө нь бид 90 хавиар сүүлэрч явсан бол өдгөө зуугаас хойш гараад нэг мөр сайхан заваарсан л даа. НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах нөхцөл байдлын талаархи тусгай илтгэгч Мичел Форст Монгол Улсад 2019 онд айлчилсан. Тэрбээр “шинэ хууль нь шударга ёсыг шаардаж, авлигын эсрэг тэмцэж буй хүмүүсийг айлган сүрдүүлэх зорилготой болох нь илт харагдаж байна” хэмээн илтгэлдээ дурдсан байдаг. Гэлээ гээд яадаг юм. Бид өөрсдөө шударга ёс тогтоож байна, Тэр шүүхийн индекс НҮБ МҮБ ямар хамаа байна. Ёстой чипухаа түй май гэсээр өдийг хүрсэн. Одоо чипухаа хэнийг ч нулимаад авч магадгүй болсонд МАН-ынхан оройтсон гэсэн матрын нулимс унагаж гарлаа. Гэвч зохихгүй гэж жигтэйхэн юм.  

Жич: Ойрмогхон улсын гуравдугаар хоолой нь бүдүүрч хоёрдугаарынхаа үгийг сонсохгүй даналзаж эхэлсэн сураг бий. Гуравдугаар нь улсын нэгдүгээртэй нутаг гарал нэг бөгөөд жалгаар нийлсэн шинэ тоглолт өрнөөд эхэлсэн бол бид шинэ сериалаа үзэхэд ойртож байгаа нь тэр.

"The Voice of Mongolia" шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.