Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн цахилгаан станцын тендерийг хоёр удаа зарлаад амжилтгүй болчихсон. Энэ мэт ажил хийгээгүй сайдуудад хариуцлага тооцох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 24 секунд

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

"ЗГ-ын зарим гишүүд төсөвт багтахааргүй төлөвлөгөө оруулж батлуулаад дараа нь санхүүжилт байгаагүй гэж гацаадаг "

-Юуны түрүүнд анхаарал татах болсон нэг асуудлаас яриагаа эхэлье. Өнгөрсөн мягмар гарагт ТББХ, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаан болсон. Хуралдааны үеэр та Засгийн газрын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 39.3 хувьтай буюу хангалтгүй дүн мэдээтэй байгааг танилцуулсан. Үүнд, хамгийн муу ажилласан гэх таван сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Яг хэн хэн гэдэг сайдад, ямар хариуцлага хүлээлгэхээр яригдаж байгаа юм бэ?

-Асуудал юунаас үүсэв гэдгийг эхэлж ярих нь зүйтэй байх. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар Засгийн газар ирэх жилдээ хийх ажлынхаа төлөвлөгөөг УИХ-д өргөн барьж батлуулдаг. УИХ төлөвлөгөөг нь баталсны дараа тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвийг баталдаг зохицуулалттай. Төлөвлөгөө хэлэлцэх үед үүссэн нэг зүйл нь аль болох их ажил суулгах ёстой гэсэн байдлаар УИХ-д оруулж ирсэн. Гэтэл Монгол Улсын төсөв хязгаарлагдмал.

Санаж байгаа бол 2023 оны төсвийг өргөн мэдүүлж байх үед гадаад томоохон өрүүдэд “дефолт” болох эрсдэл үүсэж болохоор асуудал яригдаж байсан шүү дээ. Тухайн үед төгрөгийн ханш суларч, валютын ханш уналттай хүнд нөхцөл байдалтай байсан учраас зарим зардлуудыг санхүүжүүлж чадаагүй танасан байдаг.

Гэтэл төлөвлөгөөнд туссан мөртлөө санхүүжүүлэх эх үүсвэргүй нэлээд олон арга хэмжээнүүд байгаа. Тэдгээр нь биелээгүй учраас гүйцэтгэлээр нь харахаар хэрэгжээгүй гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Нөгөө талаас хэрэгжүүлж болох ажлууд ч байсан нь гол асуудал дагуулж байгаа юм.

Тухайлбал, зарим төлөвлөгөөг санхүүжүүлэх эх үүсвэр нь байсаар байтал хэрэгжээгүй. Одоо яригдах ёстой гол асуудал нь цаашид төлөвлөгөөгөө оруулахдаа хариуцлагатайгаар боловсруулж, яамдууд батлуулсан төлөвлөгөөгөө зайлшгүй биелүүлдэг байх ёстой гэсэн шаардлагыг хатуу мөрдөх хэрэгтэй. Хэрэв биелэлт хангалтгүй байх юм бол тааруу ажилласан гэж үзэн тухайн ажлыг хийсэн сайд нарт хариуцлага тооцдог болох юм.

Хариуцлага тооцох асуудлыг шууд сайдаас чөлөөлөх гэдэг агуулгаар ойлгож болохгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцож болох олон арга хэлбэр бий. Одоогийн байдлаар гүйцэтгэл хангалтгүй үнэлэгдсэн сайдуудыг нэрлэх боломжгүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авагдана гэж найдаж байгаа.

Ер нь хийх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээрээ муу үнэлэгдсэн яамдыг нэлээд нухацтай авч үзэх шаардлагатай. Сайдууд нь янз бүрийн л шалтгаан хэлдэг.

Зарим нь тендерээ зарлачихаад гүйцэтгэгчээ шалгаруулж чадаагүй. Тавантолгойн цахилгаан станцын тендерийг хоёр удаа зарлаад аль аль нь амжилтгүй болчихсон байх жишээтэй.Үүнд бас л буруу ажилласан гэж харагдаж байгаа.

"2023 оны хагас жилд багтаан инфляцын түвшнийг нэг оронтой тоо руу оруулна"

-Та Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Инфляцын түвшинг энэ онд нэг оронтой тоо руу орно гэсэн төлөвлөгөөг танилцуулж байсан шүү дээ. Зорилт хэзээ биеллээ олно гэж харж байгаа вэ?

-Инфляцын түвшин өнөөдрийн байдлаар 12 хувьтай байна. Түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн нь 2022 оны зургаадугаар сард буюу 16 хувьд хүрч байсан. Ингээд аажимдаа буурч оны өмнө 13 хувьтай байсан инфляц 12 хувьд хүрсэн нь багагүй амжилт юм. Цаашид инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ цааш үргэлжлүүлж явна.

Төсвийн бодлогод авч үзвэл үндсэн тэнцэл гэж бий. Энэ нь нэмэхтэй гарч байгаа буюу Монгол Улсын олж байгаа мөнгө нь их, зарцуулж байгаа нь бага гэсэн үг. Тэгэхээр төлбөрийн тэнцэл эерэг байгаа учраас инфляцыг эргээд өдөөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Тиймээс оны эхний хагаст багтаад инфляц нэг оронтой тоо руу орно гэсэн хүлээлттэй гэж хэлж болно.

-Инфляцыг бууруулж, зохистой түвшинд барих нэг арга нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байна. Мөнгөний дээрх бодлого нь Төсвийн бодлоготойгоо яаж уялдаж байгаа вэ?

-2022 онд Монголбанк бодлогын хүүгээ 5 удаа, нийт долоон нэгжээр нэмэгдүүлсэн. Сүүлд бодлогын хүүг 13 хувьд хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргасан. Ихэнх улс орнууд бодлогын хүүгээ өсгөсөн байна. Монгол Улсын хувьд ч мөн ялгаагүй нөхцөл байдалд бий.

Төсвийн бодлогыг аваад үзэхэд үндсэн баланс буюу үндсэн тэнцэл гэдэг үзүүлэлт бий. Энэ нь Монгол Улсын хувьд эерэг гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгө олж байгаа нь их, зарцуулж байгаа нь бага гэсэн үг. Ингэхээр энэ байдал инфляцыг хөөрөгдүүлэхгүй байлгах боломжийг бүрдүүлж байна гэж ойлгож болно.

Мөн манай хөрш орнуудын инфляцын түвшинд буурч байгаа судалгаа гарсан. БНХАУ гэхэд нэг хувьтай байхад ОХУ-д 11 хувьтай байна. БНСУ-д 4.8 хувьтай гэх мэт худалдааны голлох орнуудын инфляц бууж байгаа учраас манай улсынх нь мөн буурна. Хамгийн гол нь эдийн засагт хориг саад тавьдаг. Хүнд суртал нэмэгдсэн чирэгдэлгүй л бол байвал эерэг үзүүлэлт гарах юм.

-Сүүлийн 2-3 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал, Орос-Украины дайны байдал зэрэг хүндрэлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал энэ оноос сайжирна гэж эдийн засагчид үзэж байна. Ялангуяа хилийн боомтуудаар экспортод гарах ачаа, тээвэр, нүүрсний нийлүүлэлт харьцангуй нэмэгдсэн нь бодит алдагдлыг бууруулах боломжтой болсон гэж ойлгох уу?

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайн байгаа. Зөвхөн эхний хоёр сарын байдлаар авч үзэхэд 9 сая тонн нүүрс экспортод гарсан байна. Хэрвээ энэ эрчээрээ явбал оны төгсгөлд 50 гаран сая тонн нүүрс нийлүүлэхээр тооцоологдож байна. Өмнөх онд 31.6 сая тонн нүүрс экспортод гарсан.

Төсөвт бид төлөвлөхдөө 36.5 сая тонн нүүрс олборлоно гэж үзэж байсан бол түүнээс илүү гарах хандлагатай байгаа нь сайшаалтай. Мөн гадаад худалдааны тэнцэл ашигтай болж ирж байна. Төсөв ч мөн адил. Тэгэхээр бидний тооцоолсон эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зөв харьцаагаа олж явж чадаж байна гэж ойлгож байна. Тиймээс миний хувьд 2023 оны эдийн засгийн төлөвт эерэг үзүүлэлт гарна гэдэгт итгэл төгс байгаа.

-Оюутолгойн гүний уурхайн олборлолт хийгдэж эхэлснээр 2023 он эдийн засгийн хувьд онцлог жил болж байна гэж үзэх. Гэтэл Монголчуудын бодитоор үр өгөөж хүртэх хугацааг 2028 гэж ярьж байгаа. Ойрын хугацаандаа эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ?

-Оюутолгойн баялгийн үндсэн нөөцийн 80 хувь нь гүний уурхайдаа байгаа. Тиймээс үндсэн үйлдвэрлэл саяхнаас эхэлчихлээ. Тогтмол үйл ажиллагаанд орлоо. Энэ бол Монголын эдийн засагт маш сайн мэдээг авчирсан. Мэдээж маш том хөрөнгө оруулалт учраас өнөөдрийнхөө түвшнийг урьдчилаад тооцоолсон байсан.

Манай яамны зүгээс хийсэн эдийн засгийн тооцоо Оюу толгойн хөрөнгө оруулагч талын гаргасан тооцоотой нийцэж байгаа. Иймээс заавал 2028 он гэлтгүй, наана нь эерэг нөлөөлөл үзүүлээд явна. 2028 оноос цэвэр зэсээр тооцвол 500 мянган тонн зэс үйлдвэрлэх юм.

-Энэ онд төлөгдөх ёстой Засгийн газрын болон ААН-үүдийн авсан гадаад өрийн асуудал яаж шийдэгдэж байгаа вэ. Тухайлбал, Хөгжлийн банкны авсан Евро бонд, Самурай бондын зээлийн эргэн төлөлтүүд үе шаттай хийгдэхээр байгаа шүү дээ?

-Засгийн газрын бондууд бүгд шийдэгдсэн байгаа. Одоо ганцхан ирэх аравдугаар сард Хөгжлийн банкны төлөх 500 сая ам.долларын Евро бондын өр байгаа. Мөн 12 сард 30 тэрбум иенийн Самурай бондын төлбөрүүд хийгдэх ёстой. Хөгжлийн банкны хувьд Самурай бондоо өөрийн эх үүсвэрээр төлөх боломжтой.

Харин Евро бондын тухайд Засгийн газрын оролцоо, туслалцаа хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэ асуудлаар Сангийн яам ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.

Б.Мягмарсүрэн

ТАНИЛЦ: ХБ-ны зээлд нэр холбогдсон улс төрчид, хууль хяналтынхан, бизнесменүүд
ТАНИЛЦ: ХБ-ны зээлд нэр холбогдсон улс төрчид, хууль хяналтынхан, бизнесменүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.