Хөгжлийн банканд орсон хулгайн асуудал олон нийтийн хараанд орсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Нийгэмд тэсэрч орхисон эл асуудалд УИХ-аас Хянан шалгах түр хороог хүртэл байгуулж байв. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Түр хороо өнгөрсөн гурван сарын хугацаанд Хөгжлийн банкны асуудлаарх нотлон баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсголыг хийж, ард нь гарав. Сонсголын гол зорилгыг энгийнээр тайлбарлав, Хөгжлийн банканд яг ямар асуудал болоод өнгөрөв гэдэгт олон нийт цэгцтэй мэдээлэл авах явдал. Харин үүний хажуугаар ноцтой хэд хэдэн агуулга яригдаж болохоор байна.
Нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас шууд болон DBM лизинг компаниар, арилжааны банкуудаар дамжуулан гаргасан зээлүүдэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, салбарын сайд, ТӨҮГ-ын дарга нараас авхуулаад улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбоо хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, эл банкны хулгай төр түшилцэж явсан болон яваа улс төрчидтэй шууд утгаараа холбоотой болж таарах нь.
Хоёрдугаарт, улс төрчдөөс гадна хууль хяналтынхан ч Хөгжлийн банкыг тайван орхисонгүй. Хуулийн байгууллагын удирдлагууд тэр дундаа Тагнуулын Ерөнхий газрын сүүлийн хоёр ч дарга нарын хамаарал сонсголоор ил болов. Энэ нь эргээд Хөгжлийн банк тойрсон хулгайн асуудлууд хууль хяналтын шатанд очоод гацдагтай очиж холбогдох вий гэх хардлагыг ч бий болгож байгаа юм.
Гуравдугаарт, Монголын урдаа барьдаг томоохон бизнес эрхлэгчид өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа Хөгжлийн банкнаас зээл авсан дүр зураг. Энд Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан, Таванбогд Трейд Группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, ХХБ-ны ТУЗ-ийн дарга "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг ч нэрлэж болно.
Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болох томоохон мега төслүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банк нь банк биш ломбард шиг ажиллажээ гэх шүүмжлэлүүд ч Түр хорооны гишүүдийн амнаас унаж харагдсан. Дээрх бүх агуулгуудыг нэгтгээд хэлэхэд, Хөгжлийн банкны хулгай гэх тодотголын цаана улс төрчид, бизнес эрхлэгчид, хууль хяналтынхныг хэрсэн сүлжээ бий бололтой. Ямартай ч зээлийн эргэн төлөлт нь нэг их наяд давж, холбоотой гэгдэх компаниудын хэрэг шүүхийн шатанд яваа энэ эгзэгтэй цаг үед асуудал аль нэг талдаа гарна гэх хүлээлт л бидэнд үлдлээ.
Хөгжлийн банкны асуудлаарх нотлон баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсголоор олон нийтэд ил болсон зээлдэгч нартай холбоо хамааралтай хэмээн танилцуулагдсан улс төрчид, томоохон бизнес эрхлэгчид, хууль хяналтынхны мэдээллийг та бүхэнд хамгийн товчоор бөгөөд байгаа бодит байдлаар нь нэгтгэн хүргэж байна. Харин уншигч та бүхэн эл асуудалд өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
-Хөгжлийн банкны зээлтэй хамаарал бүхий УЛС ТӨРЧИД-
-Хөгжлийн банкны зээлд холбогдсон ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН-
-Хөгжлийн банкны зээлд холбогдсон БИЗНЕС ЭРХЛЭГЧИД-