Шашин шүтэх, эсэх шүтэх нь хувь хүний эрхээс гадна дотоод сэтгэлийн асуудал. Харин шашны тэргүүний асуудал бол манайх шиг жижиг дээр нь газар зүйн асар том онцлогтой байршилд оршдог улсын хувьд хүссэнээрээ тонгочоод байдаг сэдэв биш болсоор удлаа. Дээр нь элдэв бурхны нэртэй улс төрийн фракц оролцоод эхэлбэл асуудал бүр ч дэмий зүйл болно.
Энэ сарын эхээр X Богдын талаарх мэдээлэл нийтэд ил болж, Дарамсалагаас түгсэн мэдээлэл тун ч их өндрийг авсан. Далай лам 2016 онд хэл ам дагуулан байж Монголд ирсэн гол зорилго нь Богдын дараагийн дүр Монголд тодорсон шинж тэмдэгийг лавшруулж, хүүг өөрийн биеэр харж таних гэсэн үйлдэл байв. Гэвч энэ үйлдэл нь урд хөршийн таалалд нийцээгүй бөгөөд нэг хэсэгтээ л хилээ хааж, манайтай яригдаж байсан томоохон төслүүдээ учир битүүлгээр хойшлуулж, баахан хясаж боож, гацаасан удаатай.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар X Богдыг Дарамсалад зарласанд Хятадууд урдын адил дургүйцэж ойрын хугацаанд хилээ хааж магадгүй байгаа гэнэ. Мөн Богд нийтэд зарлагдаж, үйл явц өрнөж байхад мэдээллээр хангаагүй, манай талтай уг асуудлаар ярилцаагүй гэх агуулгаар Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруй болон Эрээний консул нарыг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах асуудлыг ирэх өдрүүдэд шийдэж магадгүй байгаа гэнэ.
Энэ бол Хятадын дотоод асуудал. Харин тэдний эмзэглэл эргээд бидний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь туйлын хортой асуудал. Тиймээс төр засаг, олон нийт ч гэсэн улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд тавьж асуудлынхаа эрэмбэ дараагаа тогтоох нь зүйтэй болж байна. Мэдээж Богд тодрох, шашны тэргүүнтэй байх нь бидний хувьд сайн зүйл мөн үү гэвэл мөн.
Эдийн засгийн хувьд оны эхээр бага ч гэсэн тодорхой хувиар өсөлт үзүүлсэн. Гол нөлөө нь нүүрс тээврийн хулгайг цэгцэлж, экспортын гарцыг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Мөн цагаан сарын өмнөхөн Эрээний хил нээгдэж бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн хэмжээнд хүрээд байна. Хэрвээ цар тахлын дараах сэхэл авах энэ агшинд Хятадын тал шашны асуудлаас үүдэж хил, гаалиа хаавал бид ихээхэн хохирол амсах болно.
Түүгээр ч барахгүй X Богдын асуудлаас үүдсэн битүүхэн үл ойлголцлын улмаас урд хөршид хийгдэх байсан Ерөнхий сайдын айлчлалын тов хүртэл тодорхойгүй нөхцөл байдлаар хүлээгдээд буй аж. Уг нь 3-5 дугаар сарын аль нэг өдрүүдэд айлчлалын товыг тогтохоор урьдчилсан байдлаар хоёр тал ойлголцоод байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хоногийн өмнө БНХАУ-ын Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзсан нь цаанаа дипломат учир шалтгаантай. Хил гааль болон айлчлал, өнгөрсөн жил тохирсон төмөр замын хил холбох асуудал, Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц зэрэг томоохон төслүүдээ үргэлжлүүлэхийг хүсч, найрсаг харилцаагаа улам бүр өргөжүүлж ажиллахыг хүссэн уг үйлдэл нь ерөнхийдөө урд хөршдөө тал засч, эерүүлэх гэсэн оролдлого гэж харж болохоор байна.