Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт хүрээлэн дэх усан оргилуурын ажлын явц. Зургадугаар сарын 8-ны өдрийн 13 цагийн байдлаар. UBN.mn
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа билээ. Иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байсан тус усан оргилуурыг энэ сарын 1-ны өдөр буюу ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ашиглалтад оруулна хэмээн Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний албаны дарга Ш.ГАНЧУЛУУН мэдээлж байсан юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл усан оргилуур нээлтээ хийгээгүй байгаа тул бид холбогдох хүмүүсээс энэ талаар тодрууллаа.
3,2 тэрбум төгрөгийн төсөв бүхий, 85 метрийн урттай, 14 метрийн өргөнтэй, хөгжмийн аялгуутай усан оргилуурын зураг төсөл.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Хишигбуянаас тодруулахад:
"Зургадугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж ярьсан талаар би мэдэхгүй байна. Энэ бол манай захирагчийн ажлын албанаас хийж байгаа ажил биш. Хот тохижилтын газар хариуцаж байгаа. Би бол энэ сарын 10-н хавьцаа ашиглалтад орох байх гэж бодож байна. Гэхдээ энэ талаар Хот тохижилтын газраас тодруулсан нь дээр” гэсэн юм.
Үүний дагуу бид “Хот тохижилтын газар”-ын авто баазын дарга Г.Эрдэнэбаатараас тодруулахад:
"Зургадугаар сарын 1-нд биш, 5-нд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн байсан. Одоо ерөнхийдөө усан сангийн ажил маань дуусаад бусад жижиг, ойр зуурын ажлуудаа хийж байна. Тухайлбал, усан сангийнхаа дүүргэлтийг хийх, турших зэрэг ажлууд яг одоо хийгдэж байна. Хашаа, хороогоо аваад өнөө, маргаашгүй нээхэд бэлэн” гэсэн юм.