Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Хичээлийн үеэр өмдөндөө бие зассан хүүхдүүд өөрсдийгөө сургууль, нийгмийн орчноос тусгаарлаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 41 секунд

Цэцэрлэгийн бяцхан жаалаас сурагчийн ширээнд шилжиж буй бага ангийн хүүхэд багачууд дунд хичээлийн үеэр өмдөндөө бие зассан тохиолдол их гардаг болсон яриаг олон нийт сонсож байсан нь лавтай. Харин үүний шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлах нь бий. Ихэнх тохиолдолд анги удирдсан багшийн хандлага, хичээллэх нөхцөл байдалтай холбон тайлбарлах хүн байхад нөгөө талд эцэг, эх, сурагчийн хувийн зохион байгуулалт, хүүхэд өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаатай холбох нь ч бий. Жижиг мэт санагдавч энэ асуудал нь бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд хүндээр тусч, хичээлдээ явах хүсэлгүй болж улмаар сургуулийн орчинд дасан зохицох байтугай АЙХ хандлагатай болдог гэдгийг зарим эцэг, эхчүүд ярьж байна.

Эл асуудлын бодит кейсийг уншигч танд хүргэе. Нэр бүхий хоёр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид багшаасаа айснаасаа болж өмдөндөө хүндэрсэн гэх. Тухайн өдөр багш нь хичээлийн дундуур нэг л удаа завсарлах хугацаа олгож, түүнээс бусад үед сурагчдаа битгий ариун цэврийн өрөө гүйгээд байгаарай гэж анхааруулсан байна.

"АНГИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД "ӨМДӨНДӨӨ ШЭЭДЭГ" ГЭЖ ШООЛДОГ БОЛСНООС БОЛЖ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ДУРГҮЙ БОЛСОН-

ТЦА: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртсэн

/Эх сурвалжийн хүсэлт, тэдний эрхийг хүндэтгэж тухайн сурагч болон эцэг, эхийн нэрийг нууцаллаа/

Тэд ярихдаа “Манай хүүхэд өмдөндөө шээж, баах хэмжээний гэж бодохгүй байна. Би өглөөдөө хоол ундыг нь тааруулж өгөөд хичээлд нь явуулдаг. Мэдээж хүн юм чинь бие засмаар санагдаж л таараа. Гэтэл түүнийг нь багш хааж хорино гэдэг юу гэсэн үг вэ. Энэ байдлаас шалтгаалж, манай хүүхэд хичээлдээ явах дургүй болсон. Ангийнх нь хүүхдүүд өмдөндөө шээдэг гээд шоолж байна. Өөр сургуульд шилжүүлье гэхээр харьяалал ярих байх. Сэтгэл зүй нь маш муу байна” гэлээ. Тэрбээр өмнө нь бас хүүхэд нь багшаасаа айж хичээлээсээ давсаг нь хагарах дөхөн сандарч гарч ирж байсан удаатай гэдгийг ч хэлэв.

Харин өөр нэгэн ээж яриандаа “Өмдөндөө хүндэртлээ тэвчинэ гэдэг их л айсны шинж. Одоо ангийнхан нь шоолно гээд хичээлдээ явахгүй гэсэн. Чөлөө авсан. Цаашдаа яахыг мэдэхгүй байна” хэмээн ярив.

-АНГИЙН БАГШ: ХҮҮХДҮҮД БИЕ ЗАСМААР БАЙГААГАА ХЭЛЭЛГҮЙ ТЭСЧИХДЭГ ТОХИОЛДОЛ БИЙ-

Харин бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс ангийн багшаас нь мэдээллийг тодруулсан юм. Тэрбээр “Хүүхэд өмдөндөө бие заслаа гэх асуудалд шууд л багш руу дайрахыг буруу гэж бодож байна. Багшид хэлбэл загнах учраас гээд тэсчихдэг тохиолдол байдаг. Гэтэл бид тэгж хүүхэд загнаад байх хүмүүс биш. Энэ нь эцэг, эхийн хүмүүжилтэй шууд холбоотой гэж боддог. Хүүхдээ хаалттай, дотогшоо хүн болгож хүмүүжүүлснээс болж ийм явдал тохиолдох нь бий. Нөгөө талаараа зарим хүүхдүүд нэгнээ дагаж бие заслаа гэж худлаа хэлэх гээд байх үе ч гарна. Бид тэр бүхэнтэй зохицоод л ажиллаж буй. Гэтэл юм л болохоор хойд талын хар овоохой гэдэг шиг багш, эмч нарыг буруутгадаг хандлагаа болих хэрэгтэй. Тэр ч бүү хэл бид чинь сурагчдынхаа бөгсийг хүртэл арчаад л сууж байдаг хүмүүс шүү дээ. "Чи бие засаж болохгүй" гээд учиргүй загинаад суух багш гэж одоо үед байхгүй гэж бодож байна. Эргээд яам нь хүртэл бидэнд л хариуцлага тооцуулж, буруутан болдог энэ үйл явц багш нарыг ажил хийхэд үнэхээр саад болдог” хэмээн ярьсан юм.

-СЭТГЭЛЗҮЙЧ У.ЧАНЦАЛДУЛАМ: БАГШИД Ч, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД Ч БУРУУ БАЙНА-

Дээр дурдагдсан кейсүүд бол нэгдүгээр ангийн сурагчдад тохиолдсон энэ төрлийн асуудлын олон жишээнүүдийн ердөө нэг хэсэг нь. Тэгвэл багш нарын сурагчидтайгаа харилцах буруу хандлага нөгөө талдаа эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ ярилцдаггүй байдал нь бүрэг ичимхий болгоход нөлөөлж буй зэргээс шалтгаалж хүүхэд сургуулийн орчинд анги танхимдаа санамсаргүйгээр бие засах, үе тэнгийнхэн дундаа гадуурхагдах нөхцөл бий болж буйг сэтгэлзүйч У.Чанцалдулам ярьж байна. Түүний хувьд Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах явцад энэ мэт тохиолдол гарч байсан талаар ярьж байлаа.

Тэрбээр "Бүх орчин, бүх сургуульд л ийм асуудал гарч байдаг. Үүнийг би зоригтой хэлнэ. Миний хувьд сургуулиудад очиж ажиллаж байсан. Орчин үед багш ажилчдын зүгээс хүүхэдтэй ажиллах арга зүйдээ өөрчлөлт хийж, тэдэнтэй хэрхэн яаж харилцах ёстой юм бэ гэдэгт боловсролын шинэ арга зүйг нэвтрүүлэх нь зүйтэй.

Суу, бос, хий гэж захирч харьцдаг хуучны арга барилыг өөрчилж хүүхэдтэй ярилцах, хамгийн гол нь бага насны хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгох нь багш нарын нэн тэргүүний эзэмших чадвар юм. Гэтэл манай боловсролын салбарт багш нар бага насны хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгож харилцах нь дутмаг байна.

Бага ангийн сурагчдын боловсролын хөтөлбөрийг өөрчлөх ёстой л гэж яриад байна. Гэтэл тухайн сургалтын хөтөлбөрт хүүхэдтэй яаж харилцах вэ гэдэг нь хүүхдийн сэтгэл зүй дээр суурилж яригдах ёстой асуудал. Ийм ур чадварыг багш нар эзэмших ёстой болчихоод байна.

"Үсгээ сурах ёстой, цэх гэгч нь жимбийтэл суух ёстой, багш үг хэлвэл би хариулах ёстой, номхон суу" гэх мэтээр харилцдаг хандлага боловсролын системд их удаан явж ирсэн. Одоо ч энэ байдал өөрчлөгдөж эхлээгүй байна. Энэ хэвээр цаашид үргэлжилбэл хүүхэд хөгжихгүй. Ялангуяа сэтгэл зүйн хувьд. Харин ч сэтгэлзүйн гэмтэл авахад хүргэдэг. Хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авсан болохоо зан үйлээрээ илэрхийлдэг. Тухайн зан үйлээ илэрхийлж байгаа хэлбэрүүд нь орондоо шээх эсвэл дотогшоогоо болж хүмүүстэй ярихгүй болох гэх мэт байдлаар илэрч болдог.

Бид даруухан хүүхэд, үймүүлдэггүй хүүхэд гэж ярьдаг. Гэтэл тэр хүүхдэд сэтгэл зүйн эмгэг аль хэдийнэ эхэлчихсэн байдаг. Үүнийг ялангуяа бага ангийн багш нар өндөр мэдрэмжтэй ойлгож, мэддэг байх чадварт суралцах шаардлагатай" гэлээ.

-ӨМДӨНДӨӨ БИЕ ЗАССАН ХҮҮХДЭД СЭТГЭЛ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙХГҮЙ Л БОЛ ИРЭЭДҮЙД ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ, СУЛ ДОРОЙ НЭГЭН БОЛОХ МАГАДЛАЛТАЙ-

Тэрбээр үргэлжлүүлэн "Асуудлын цаад шалтгаан хэнд ч байсан энэ нөхцөлд эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Бие зассанаас шалтгаалсан олон сөрөг үр дагавар тэр дундаа үе тэнгийнхэн, найз нөхдөөрөө шоолуулах, шоовдорлуулах улмаар сэтгэл зүйн хүчтэй гэмтэл авах магадлал нь өндөр. Цаашилбал, энэ нь таны бяцхан хүүхдийн ирээдүйн амьдралын чанарт нь нөлөөлнө гэдгийг ч та бид ойлгох хэрэгтэй.

Нөгөө талдаа эцэг, эхчүүд хүүхдээ "хашраах" гэж байна гэдэг нэрэндээ багш нарыг хавчуулж, "Багшид чинь хэлж загнуулна шүү" гэх мэт байдлаар тэднийг хатуу чанга, муу хүн мэт ойлгуулдаг нь цаашид гарах үр дагаврыг өөрсдөө бий болгож буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ байдалд хүүхдүүд багш загинана гэх ойлголттой болж, хичээлийн үеэр багшид хэлэх гэснээ хэлж чадахгүй нуух асуудал болж өгдөг байна. Тиймээс хэн хэн нь л анхаарах нь зүйтэй юм болов уу” гэлээ.

Таны, миний, бидний анзаардаггүй сөрөг хандлагууд үр хүүхдэд маань олон асуудлын эхлэлийг бий болгоход нөлөөлдөг хүчин зүйл байж болзошгүй гэдэг нь энэ асуудлаар харагдаж байна. Иймээс эцэг, эхчүүд ч, сурган хүмүүжүүлэгчид ч хүний эрхийн мэдрэмжтэй, зөв харилцаа хандлагатай байя.

Б.Ариунболд: “Bravo Circus-2”-т Монголд сүүлийн 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр зэрэг шилдэг номерууд багтсан
Б.Ариунболд: “Bravo Circus-2”-т Монголд сүүлийн 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр зэрэг шилдэг номерууд багтсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.