Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Цэцгээ: ДАРХАН БЭР цол эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАДАГ хүний эрхийн том зөрчлийн нэг хэлбэр

Ангилал
Бусад  Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 59 секунд

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн эрх сэдвээр ХҮЭК-ийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээтэй ярилцлаа.

-Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр хамгийн их хөндөгддөг. Ганцхан өдрийг цэцгэнд дарагдаж өнгөрүүлдэг эмэгтэйчүүдийн эрхийг ХЭҮК бодитоор хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хүний эрх гэсэн малгай дор яригдах ёстой нэг зүйл бол эмэгтэйчүүдийн эрх. ХЭҮК бүх хүний эрхийг бодитоор эдлүүлэхийн төлөө ажилладаг. Тодруулбал, 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд ХЭҮК хөндлөнгөөс хяналт тавихаас гадна жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл буюу ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдлыг хүлээж авч шийвэрлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Мөн хоёр жил тутамд хүний эрхтэй холбоотой илтгэлийг боловсруулж УИХ-д өргөн барих мандаттай. Өнгөрсөн онд хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Үүний хоёрдугаар бүлэгт жендэрийн эрх тэгш байдлыг тусгасан бөгөөд улстөр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаа зэрэг үндсэн долоон баталгааг авч үзсэн байдаг юм.

"УИХ-ын 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүн бөгөөд дэлхийн дунджаас 7.6 хувь бага байна"

-Жендэрийн тэгш байдал хамгийн их алдагдсан хэсгийг улс төрийн хүрээ гэж үздэг. Ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага байгаа нь судалгаанаас харагддаг. ХЭҮК эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн хүрээний ялгаварлан гадуурхалтыг хэрхэн анхаарч авч үздэг вэ?

-Өнөөдөр УИХ-ын 13 эмэгтэй гишүүн байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр эмэгтэй гишүүн томилогдож байсан удаа бий юу. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байсан.

Тэгвэл аймаг, нийслэлийн засаг даргаар эмэгтэй хүн ажиллаж байсан уу. Оны өмнө зөвхөн Ховд аймгийн Засаг даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдлоо шүү дээ. 2020 оны сонгуулиар УИХ-ын дэд даргаар эмэгтэй хүн томилогдон ажиллаж байгаа нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа байна. Энэ мэт улс төрийн хүрээн дэх эмэгтэйчүүдийн манлайллыг авч үзвэл тун ховор.

УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫН СУДАЛГАА:

УИХ дахь 76 гишүүний 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй гишүүд байгаа нь нийт гишүүдийн 17.1 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна. Харин 1990 оноос өнөөг хүртэл УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй бөгөөд 2020 оноос анх удаа УИХ-ын дэд даргаар эмэгтэй гишүүн томилогдон ажиллаж байна.

Түүнчлэн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 455 нь буюу 75.1 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нийт 1106 төлөөлөгч байгаагаас 80.4 хувь нь эрэгтэй, 19.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

"Дээд боловсрол эзэмших түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхээс өндөр"

-Эдийн засгийн хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо хэрхэн хумигдаж, эрх нь зөрчигдөж байна вэ?

-Энэ нь бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх, цаашлаад өмчлөх эрхтэй холбоотой асуудлууд илүү их яригддаг. Судалгаа хийж харьцуулж үзэхэд, өмчлөх эрхийн дийлэнх нь тухайн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа тал нь ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд хамтран өмчлөгчөөр 18-45 хувийг л эзэлж байна.

Мөн бизнесийн салбарыг судлахад томоохон үйлдвэрүүдийн эзэд нь эрэгтэйчүүд, жижиг дунд үйлдвэрлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байх жишээтэй.Тэгэхээр бизнесийн хүрээнд жендэрийн тэгш байдал хангагдаж байна уу гэдгийг харах л асуудал.

Нөгөө талаараа соёл, боловсролын салбарт эмэгтэйчүүд харьцангуй өндөр боловсрол эзэмшиж байна. Үүнд жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлж байдаг. Монголчууд охин хүүхдийг заавал сургуульд сургаж боловсролтой болгох ёстой гэдэг нийгэмд тогтсон хандлагыг бий болгочихсон. Эндээс эцэг эхийн хандлага, байр суурь боловсролын салбарт эмэгтэйчүүдийн нөлөөллийг маш их өргөж өгдөг.

Эсрэгээрээ эрэгтэйчүүдийн дунд боловсролын түвшин хаягдах магадлал өндөр байдаг учраас дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байна.

-Гэр бүлийн орчин, нийгмийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг шүү дээ. Гэр орныхоо ажлыг хариуцах, хүүхдээ асрахын хажуугаар нийгмийн харилцаанаас хөндийрдөг, хөдөлмөрийн харилцаа алдагддаг гээд хүндрэлүүд их. Энэ нь эргээд нийгэмд төдийгүй, улс төрд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хатуухан хэлэхэд нэг талаас төр өөрөө олон хүүхэдтэй ээжүүдэд одон өгөөд дэмжиж байгаагийн хажуугаар хүүхдээ өсгөх, хөдөлмөрийн харилцаанд саадгүй орох орчин нөхцлийг нь хангаж өгөөгүй. Төр хүн амаа өсгөх бодлого барьж байгаа мөртлөө хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй байлгах, цэцэрлэг сургуулийг хүртээмжтэй байлгах үүргээ хангаж чаддаггүй.

Уг нь орчин нөхцлийг нь бүрдүүлж байж тухайн ээж төрүүлсэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд санаа амар хөдөлмөрлөх боломж нь бүрдэж карьераа өсгөхөд анхаарна шүү дээ. Цаашлаад улс төрийн шийдвэр гаргах түвшинд ч гэсэн оролцох боломжийг нь нээж өгөх ёстой. Үүнийг төр зайлшгүй цаашид анхаарч ажиллах шаардлагатай.

"Эмэгтэйчүүд ихэнхдээ газар хэлтсийн дарга, баг, хорооны засаг даргаас хэтрэхгүй байгаа нь Монголчуудын хэвшмэл ойлголттой холбоотой"

-Төрийн алба хаших түвшинд жендэрийн тэгш байдал хэрхэн алдагдсан гэж харж байгаа вэ?

-Эмэгтэйчүүд ихэвчлэн төрийн захиргаа болоод төрийн үйлчилгээний албанд зонхилон ажиллаж байна. Учир нь Боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс илүү өндөр байх тусам энэ шатанд байр сууриа илүү олсон байдаг. Шийдвэр гаргах түвшинд голдуу баг хорооны засаг дарга, төрийн захиргааны байгууллагад алба, хэлтсийн даргаар ажиллаж байгаа нь судалгаанаас харагддаг.

Гэтэл яамны төрийн нарийн бичгийн даргаас авахуулаад эмэгтэйчүүд алба хаших эрх байдаг хэдий ч нөгөө л нэг нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос болоод илүү бага байдаг. Эрэгтэй хүн л удирдах ёстой гэсэн хандлага нэг талаас эмэгтэйчүүдийн ажил, карьерт шууд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг даа.

-Хүний эрхийн ноцтой зөрчлийн нэг бол ялгаварлан гадуурхалтад өртөх явдал шүү дээ. ХЭҮК уг асуудлаар ирсэн иргэний гомдлыг шууд хянан шийдвэрлэх үүрэгтэй байдгийн хувьд тодорхой тохиолдсон жишээ дээр тулгуурлаж ярьвал?

-Ялгаварлан гадуурхалт олон хэлбэрээр хөндөгддөг. Тухайн хүний нас, хүйс, албан тушаал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэрэг хэлбэрүүдэд ихэвчлэн илэрч байна. Уг нь Монгол Улсын үндсэн хуульд дээрх бүгдийг хориглоно гээд заачихсан байдаг. Мөн 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар:

14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ"

гэсэн байдаг. Үүнээс гадна уг хуулийн 14.2-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх зүйлүүдээр хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан бол тухайн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг оруулсан байдаг.

Тэгэхээр ялгаварлан гадуурхалт нь цаашилбал гэмт хэрэгт тооцогдоно гэсэн үг. Нэг бодит жишээ дурдахад, аймаг, сумын засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж "Дархан бэр" гэж эмэгтэйчүүдийг цоллож нэр алдар өгдөг асуудал үүссэн. Энэ нь маш том ялгаварлан гадуурхалт. Түүнд нь болзолууд бий. Тухайн эмэгтэй гурав ба түүнээс дээш эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол "Дархан бэр"-ын болзол хангана гээд заачихсан. Гэтэл энэ нь цаагуураа эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр шүү дээ.

Хөдөлмөрийн харилцаанд ч мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдол бий. Жишээ нь зарим банк өөрийн дотоод журамдаа зохицуулалт хийхдээ ажилд авах эмэгтэйчүүдийг хоёр жилийн хугацаанд жирэмслэж хүүхэд төрүүлэхгүй байх. Хэрвээ энэ хугацаанд жирэмслэх юм бол ажлаас халагдах өргөдлөө өгөөд яваарай гэсэн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаж байсан ААН-үүд байна.

Тэгэхээр энэ нь өөрөө Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн төдийгүй Олон Улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг ч мөн зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс бид өдөр тутмын харилцааны жаахан хэсгээс л хүний эрхийн зөрчлийг харж болно.

Хамгийн гол нь нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг хүн бүр алхам тутамдаа санаж, тэр тусмаа хамгийн түгээмэл зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг нэг өдрийн тэмдэглэлт баяр болгоод өнгөрөх биш, насан туршдаа эрхийг нь хамгаалж, хүндэтгэх ёстой хүмүүс гэдгийг санах хэрэгтэй.

Эрэгтэйчүүд ч мөн адил тэгш эрхээр хангагдах, эрхээ эдлэх эрхтэй хүмүүс учраас жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал үргэлж яригдаж ирсэн.

Ярилцсанд баярлалаа

ШҮҮХ: “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан Ч.Маралмаад 3 жил жолоодох эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарласан
ШҮҮХ: “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан Ч.Маралмаад 3 жил жолоодох эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарласан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.