Оюутнууд тусгайлан заасан журмын дагуу цэргийн бүртгэлд өнөөдрөөс эхлэн хамрагдана. Тодруулбал, энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 6-10-ны хооронд И-Монголиагаар дамжуулан цахимаар явагдах юм. Цахим бүртгэл явагдсаны дараа шаардлага хангасан оюутнууд гуравдугаар сарын 14-ны өдрөөс сургуулийнхаа харьяа дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.
Харин дараа нь гуравдугаар сарын 20-ноос эрүүл мэндийн эмнэлгийн үзлэгт орж биеийн тамирын шалгалт давхар өгөх юм. Гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа онолын сургалтад хамрагдах эрхээ олж авна. Онолын сургалтыг амралтын өдрүүдэд хоёр сарын хугацаанд зохион байгуулна хэмээн Батлан хамгаалахын яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Оюутан цэрэг хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд зургадугаар сарын 15-наас эхлээд хоёр сарын хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад явж хугацаа дуусмагц цэргийн тангаргаа өргөснөөр нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэх юм.
Оюутан цэрэгт элсүүлэх журам:
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой.