Баасан гараг... Залуусын “балайг” нь авдаг өдөр. Энд тэндхийн хурал цуглаан, уулзалт, төрсөн өдөрт нэгдэж “ганц нэг татдаг” орой. Гэвч маргааш нь дотор эвгүйрхсэн, мөнгө дууссан, эд хөрөнгөөрөө хохирч магадгүй, хэн нэгэнд халдсан, хохироосон, эрхээ хасуулсан зэрэг хүндхэн асуудал угтдаг. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчидтай баасан гарагийн 22 цагаас 02 цаг хүртэл замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сурвалжиллаа. Энхтайваны гүүрнээс Гурвалжингийн гүүр хүртэл, Чингүнжавын хөшөөнөөс хорооллын эцэс хүртэл гээд нийслэлийн хэмжээнд нийт 66 цэгт цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийв.
Оройн 22 цагт. Шалгалт эхлэх үед төв замын хөдөлгөөн их байлаа. Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа нар жолооч нарыг үлээлгэн, бичиг баримтыг нь шалгаж байв. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 55 мянган зөрчил өнгөрсөн онд 55 мянган зөрчил илэрч, 1210 авто замын осол гарч үүнээс 123 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт гарчээ. Он гарснаас хойш долоо хоног бүр “Уусан бол бүү жолоод” сэдэвчилсэн хяналт шалгалтаар 1828 зөрчил илрүүлсэн байна. Уг арга хэмжээний үеэр хоногт улсын хэмжээнд нийт 500 гаруй зөрчил илэрдэг гэнэ.
Үүнээс харахад хот хөдөөгүй бүгд л адил. Шалтаг тоочсон дүрэм зөрчсөн жолооч нар.
“Амссан төдий” гэж биеэ хаацайлах ч согтолтын хэмжээ 1,43 промиль байдаг. 0,20 промилиэс дээш согтолттой бол зохих арга хэмжээ авдаг аж. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.3 зүйл зааснаар жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог. Хэрэв жолоодох эрхгүй бол 7-30 хоногийн хугацаанд баривчилдаг байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал ч мөн зам тээврийн ослоос сэргийлэх чухал асуудал билээ.
Шөнийн 23 цагт. Яндангийн дуу намсгагчгүй тээврийн хэрэгслийг хуулийн дагуу журамлах ёстой болжээ. Эрээн мяраан болтол чимэглэсэн спорт машины эзэд машинаа авч үлдэх арга чарга хайн цагдаа хаашаа эргэнэ хойноос нь дагаж гуйж гувшин сүүлдээ бүр хэрүүл ч хийж үзэв. Тавьсан шаардлага эсэргүүцэх асуудал байдаг л зүйл мэт болжээ. “Согтуу хүн л хэцүү дээ. Уурлаад эсэргүүцээд байдаг юм. Эрүүл байвал гайгүй шүү дээ, яриад ойлголцчихно” гэж ажлаа хийх явцад учирдаг хүндрэлийн талаар цагдаа нар ярьж байлаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч “Дуудлагын жолооч дуудаад ирэхгүй байсан болохоор ойрхон юм чинь гээд гарсан чинь зогсоочихлоо. Болохгүй гэдгийг мэддэг ч торгууль, хууль дүрмийг нь нарийн сайн мэдэхгүй. Ойрхон газар юм чинь гээд л ганцаараа явж байсан” гэв.
Өнгөрсөн оны Март-8 баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд 270 илэрсэн.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэлмэн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Арга хэмжээний үеэр өнөөдрийн/ баасан гараг/ хувьд согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 148, жолоодох эрхийн үнэмлэхгүй 78, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй дөрвөн хүн, гэмт хэргийн шинжтэй дөрвөн үйлдэл илрүүлж таслан зогсоогоод байна. Өнгөрсөн оны “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон Цэргийн баяраар улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 270 зөрчил илрүүлсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажил эрчимжүүлээд байна. Өнөөдрийн хяналт шалгалтын ажлыг нийслэлийн 5 дүүрэг, улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэрт явуулж байна” гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 270 гаруй уулзвар, 3000 орчим орц, гарц байдгаас гуравны нэг нь цагдаагийн алба хаагчийн хяналтад байдаг. Үүнээс шалтгаалан алслагдсан гэр хорооллын замуудад хурд хэтрүүлэхээс эхлэн олон зөрчил илэрдэг байна.
Саваагүй зан хэнэггүй бодлоо эцэслэе. Та “Гайгүй биз дээ” гэж бодон халамцуу жолооны ард суухад өөрийн болон бусад жолооч нарын хайртай дотны хүний өмнө хариуцлага хүлээж байдгаа ухамсарлаж машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хадөлгөөнд дүрэм журмын дагуу соёлтой оролцохыг нийт жолооч нартаа уриалъя.
Э.Ариунтуяа