Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Пүрэвдулам: Бариа гэдэг бол нэг ёсны механик фитнесс

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 57 секунд

"Түүний тухай" булангийн удаах зочин бол "Халуун гар" ХХК-ны үүсгэн байгуулагч Х.Пүрэвдулам юм. Түүнийг хүмүүс Бүжээ хэмээн дууддаг. Зарим нь бүр "Бүжээгийн тамлан зовоох массажны газар" групп, "Халуун гар" пэйжийн админ, бариач гэдгээр нь сайн танина.

Зургаа, долоохон настай жаахан охин байхдаа бариа, массаж гэдэг зүйлтэй танилцаж өнөөдрийг хүртэл хамт, тууштай байгаа нь энэ. Гэхдээ тухайн үед аав нь түүний нуруунд бариа хийж өгөхөд маш их өвдсөн тул эхэндээ өөрийг нь зодчихлоо хэмээн гайхаж байсан гэх. Тийм ч учраас ааваасаа яагаад өөрийг нь зодсоныг асуутал "зодох биш ээ бариа шүү дээ" хэмээн тайлбарлаж өгч байсан гэнэ.

Тухайн үед зодуулсан мэт мэдрэмж авсан ч төд удалгүй бие нь хөнгөрөх шиг санагдсан тул хүн бүрийн толгой гарыг барьж гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн хувьд мундаг бариач хэмээн цоллуулж байж. Бариа, заслын үндсэн барилтыг мэдэхгүй ч тэрүүхэн тэндээ л толгой, хүзүү, хөл, гар барьдаг байв.

Нас нэмэхийн хэрээр хүн барих ямар гайхалтайг мэдэр ч нэг л өдөр аав, ээждээ ажил хийхээ дуулгахдаа дөнгөж 15 настай байжээ. Тухайн үед бариа заслаар үнэ төлбөргүй сургаж, ажлын байраар зуучилна хэмээх зарыг олж харснаар өөрийгөө чадна хэмээн итгэж очсон ч бүх бариа өөр өөрийн гэсэн арга техниктэй байсан гэнэ. Анх багшийнхаа хэлсэн зүйл, заасан бүхнийг сурахад хэцүү байсан ч багын их шартай, хэрсүү хүүхэд байсан тул "шарандаа" сурсан гэдгээ ч инээмсэглэн ярина. Энэ бол түүнд олдсон хамгийн эхний боломж юм.

Ийнхүү тэрбээр бариаг нэг бүрчлэн сурч бас дээр нь ажлын байранд гарчээ. 15-хан настай охины хувьд маш хүнд ажил хэдий ч тойроод биш дайрч гараад, улмаар их сургуульд сурч мэргэжлийн дипломтой ч болж. "Ёстой л нөгөө бүтэх ёстой зүйл ямар ч саадгүй бүтдэг" гэдэг шиг бас түүнд заяасан хувь заяа өөрийг нь хөтлөөд явсан нь тэр байв.

Их сургуулиа төгсөөд нэг сарын турш ямар ч цалингүй нэгэн эмнэлэгт бариа заслын эмч хийсэн ч түүнийг жинхлээгүй гэнэ. Харин түүний дараа Хоёрдугаар эмнэлэгт тэнцэж багагүй хугацаанд бариа засалч хийжээ. Эмч байхдаа "Би "ХАЛУУН ГАР" гэдэг хувийн салон байгуулна" гээд л бариа хийж буй хүн бүртээ хэлж, амьдралын тухай ярилцдаг байж. Аз таарч нэгэн ах, эгч хоёр түүнийг компанийх нь нэр бүртгэлтэй байгаа эсэхийг шалгуулахыг зөвлөсөн тул юун түрүүнд улсын бүртгэл орж, нэрээ хайлгасан аж. Гэтэл хамгийн сайхан мэдээ нь түүний мөрөөдлийн нэр бүртгэлгүй байсан нь эргэлт буцалтгүй компани байгуулах их үйлсийн эхлэл болжээ.

"Халуун гар" гэсэн бичигтэй цаасыг энгэртээ тэврээд нүдэнд үзэгдэхгүй ч сэтгэлд харагдах мөрөөдлөө тээн ахаасаа мөнгө зээлж, нэрээ худалдан авч, компаниа үүсгэн байгуулсан түүхтэй аж.

Ингээд л тэрбээр ажлаасаа гарч хувийн бизнестээ хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд мэргэжлийнхээ салбарт ажиллаад 10 жилийн дараа өөртөө хөрөнгө оруулалт хийсэн нь дэндүү урт хугацааны дараах зоримог шийдвэр байсан тухайгаа ч учирлав. Учир нь эмчийн цалингаар өдөр хоногоо өнгөрөөж, өвчтэй хүн бүрийг эрүүлжүүлэхийн төлөө нэг л бариа хийдэг байсан нь тийм ч таатай санагддаггүй байсан гэв. Тэрбээр,

"Цалин хүнийг хоосон байлгахаас хамгаалдаг ч баяжихаас сэргийлдэг. Сарын цалиндаа хэт баригдвал түүнээс илүү сэтгэхээ болино" хэмээсэн юм. Түүний хувьд энэ үгийг өөрийн яс маханд шингэтэл ойлгож, өнөөдрийн "Халуун гар" салон бий болжээ.

Тэрбээр, салоныхоо бүхий л эд зүйлсийг нэг нэгээр бий болгосон гэнэ. Анх хоёр ширхэг сандал, нэг шар шкафтайгаар ажлаа эхэлж, хүмүүсийн толгойг тавхан мянган төгрөгөөр барьж эхэлж байсан ч өнөөдөр олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн чамгүй ажилттай салон болсон аж. Хаалгаар орж ирэх төдийд л "Алдаг, талдаг бариа" хэмээн бичсэн нь хүмүүсийн сэтгэлзүйг бэлтгэх зорилготой гэнэ.

Учир нь бариа, массаж гэдэг бол нэг ёсны механик фитнесс. Тийм ч учраас хөдөлгөөнгүй удсан хүний цусны эргэлтийг гараар тарааж иллэг хийж буй явдал юм. Тиймээс хүмүүсийн бие бариа хийлгэсний дараа улайх, хөхрөх, булгарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг талаар ч багахан хуучлав.

Энэ мэт сонирхолтой яриа өрнүүлсэн багахан дурсамжийг дараах нэвтрүүлгээс үзээрэй.

Улаанбаатарт +5 хэм дулаан байна
Улаанбаатарт +5 хэм дулаан байна
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.