Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Чингис хаан“ музей бүх иргэдэд үнэгүй үйлчлээгүй ч олны хөлд дарагджээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 33 секунд

Улс орон даяар “Музейн нээлттэй өдөр”-ийг гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу төрийн болон орон нутгийн өмчит музей үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж, иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчилдэг. Иймд манай сайтын сурвалжлах баг нээлттэй өдрийг тохиолдуулан “Чингис хаан” Үндэсний музейгээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Ийн “Чингис хаан” Үндэсний музейг өдрийн 11:00 цагт зориход тус музейн авто зогсоол дүүрсэн байх нь харагдана. Харин музейн урд талын явган хүний гарц дээр хоёр, гурваараа хэлхэлдэн зогсох ЕБС-ийн сурагчид тус музейг зорьж яваа нь илт. Ингээд 11 мянга гаруй үзмэрээр “эд, эс” – ээ бүрдүүлэн монголчуудын түүх соёлыг иргэдэд таниулахад түлхэц болох музейн хаалгыг нээвэл танхим дүүрэн уламжлалт хувцсаар гоёсон багачууд бужигналдаж байх нь тэр.

Видео тоглоом, гар утсыг л чухалчлах болсон энэ үед нээлттэй өдрийг тохиолдуулан үндэсний өв соёлоо мэдэхээр ирсэн сониучхан багачууд музей тайлбарлагчийн үгийг анхааралтай бас дуулгавартай нь аргагүй сонсож байв.

Мэдээж тэднийг музейгээр аялуулах чухал хүн бол музейн тайлбарлагч. Тайлбарлагчийн хувьд хүүхдүүдийн анхаарлыг хэрхэн татах, яаж ойлголцох тал дээр ихэд туршлагатай харагдана. Тухайлбал, жишээ татах, таавар таалгах, хүүхдүүдийн үзэл бодлыг сонсох зэрэг арга барилаар тайлбарыг хүргэж байсан юм. Тэдгээр 10 настнуудын дунд тэмдэглэлийн дэвтэр, үзэг атган тайлбарлагчийн яриатай уралдан бичих бяцхан үйлчлүүлэгч байсан нь музейгээр үйлчлүүлж буй Солонгос улсын иргэдийн анхаарлыг татав.

Тиймээс тэдгээр хүүхдүүдийг хариуцаж байгаа "Найрамдал" сургуулийн 5-р ангийн багш Г.Баяртулгын сэтгэгдлийг сонсоход,

Хүүхдүүдийн хувьд энгийн нэг зургаас илүүтэй, AR-ийн тусламжтай зургийг хөдөлгөөнтэй, илүү бодитоор харах боломжтой байдал нь таалагдлаа

Тэрбээр “Музейн нээлттэй өдрийг хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болгон сургуулийн бүх хүүхдийг хамруулахаар болсон. Өнөөдрийн хувьд Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн 1-5 буюу бага ангийн хүүхдүүдээ дагуулан үзэж байна. Маргаашаас 6-12-р ангийнхныг хамруулахаар төлөвлөж байгаа. Музейгээс гаргасан хуваарилалтын дагуу 18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй, хариуцан явж буй багш нарын хувьд мөнгөө төлөөд орж ирсэн.

Сургуулийн үйл ажиллагаа гэдэг утгаараа музейтэй тохиролцож, цагийн дараалалтай, тайлбарлагчтайгаар ээлжлэн үйлчлүүлж байна. Зарим үзвэрийн хувьд энгийн нэг зургаас илүүтэй, дэвшилтэт AR төхөөрөмж дээр суурилан зургийг хөдөлгөөнтэй болгон харснаар хүүхдүүдийн хувьд энэ цаг үед ийм зүйл болж байсан гэх байдлаар илүү бодитоор харах боломжтой байдал нь таалагдлаа. Сул талын хувьд үзвэр үйлчилгээ, ачаалал ихтэй байсан учраас зарим тайлбарлагч үзмэрийг шахуу танилцуулах, хурдан ярих тохиолдол байсан. Энэ нь бага насны хүүхдийн хувьд ойлгож сонсох, тогтооход хүндрэлтэй байдал үүсэж болзошгүй санагдсан” хэмээлээ.

Харин музейг үзэж, хөөрөлдөх настнууд,

"Чингис хаан" музейг үзэх боломж гарсанд баяртай байна

“Хөлийн улаа эргэтэл явна гэдэг нь л болж байна. Үзэх зүйл ч олон юм. Нэг бүрчлэн харж, үзэж явбал цаг их орох шинжтэй. Цаг зав гарвал музей үзэх дуртай. “Чингис хаан” үндэсний музейг хүүхдүүд маань бүгд үзсэн. Бид хоёр үзэх юм сан гэж их ярьсан үзэх боломж гарсанд баяртай байна. Гадаад жуулчинд үзүүлэх гоё бүтээн байгуулалт болжээ. Залуус, хүүхдүүд ирж түүхийн мэдлэг мэдээлэл авах хэрэгтэй санагдлаа” гэв.

Энэ мэтчилэн тус музейн талаар иргэд ам сайтай байв. Харин тэднийг цухалдуулах ганц зүйл бол төлбөрийн асуудал байв.

Тодруулбал, иргэд улс орон даяар бүх төрийн болон орон нутгийн музейгээр долоо хоногийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой болсон билээ. Гэвч “Чингис хаан” Үндэсний музейн хувьд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийг зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, оюутан болон 18 хүртэлх насны хүүхдэд л олгосон. Энэ нь эцэг эхчүүд болон хөдөлмөрийн насны залуучуудыг бухимдуулж байгаа юм. Ийн тус зохицуулалтын талаар мэдээгүй иргэд “нэгэнт ирсэн юм чинь төлөөд үйлчлүүлье” гэлцэж байлаа.

Нээлтийн өдөртэй холбоотойгоор иргэдийн хөлд дарагдаад буй “Чингис хаан” Үндэсний музейн үйл ажиллагаа, иргэдийн анхаарах зүйл болон алддаг зүйлийн талаар “Чингис хаан” Үндэсний музейн Боловсрол олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Эрдмаагаас тодруулахад,

Иргэд музейн соёлд суралцах хэрэгтэй

“Манай музей нь 2022 оны аравдугаар сарын 12-ний өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Статистик мэдээллээр 750 мянга гаруй үзэгчдэд үйлчилсэн байна. Үүний 45 мянга гаруй нь хүүхэд байсан. Харин өдрийн үзэгчийн тооны хувьд 1200 иргэнээс буугаагүй. Музейг үзэхэд 4-5 цагийг зарцуулдаг тул үзэгчид музейг зорьж ирэхдээ төлөвлөж ирэх хэрэгтэй. Нээлттэй хаалганы өдрүүдэд үндсэн үйл ажиллагаагаа арга хэмжээгээр дамжуулан хүргэхийг зорьж байгаа. Иргэд музейг ойлгосон, ойлгоогүй, тайлбартай, тайлбаргүй үзсээр л байгаа. Манай музейн бусад музейгээс ялгаатай нэг онцлог нь тухайн иргэн AR, VR, QR зэрэг орчин үеийн технологийг ашиглан эрэл хайгуул хийж ойлгох боломжтой. Түүнчлэн, QR дээр НҮБ-ын таван хэлээр орчуулагдсан текстийн мэдээлэл байгаа учир ямар нэг тайлбарлагчийн маршрутаар явахгүй байж болно. Тэгэхээр музей гэхээс илүүтэй боловсролын, шинжлэх ухааны, хүний хөгжлийн төв гэдэг үүднээс харах хэрэгтэй.

Төлбөрийн үнэтэй, хямдхан гэдэг ойлголт тухайн үзэгчийн үнэлэмжээс хамаарч үүсээд байгаа юм. Төрөл бүрийн арга хэмжээг үнэ төлбөргүй болгож байна гэдэг нь музей маш олон зүйлийг зохион байгуулан иргэдэд хүргэх гэсэн зоригтой ажил юм. Тиймээс үүнийг билетийн төдий зүйл гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Ард түмэн ойлгох хэрэгтэй.

Харин зураг авч, үзмэрт хүрэх гэдгийн хувьд музей үзэх соёлын л эсрэг нэг хэсэг. Манай улсад сүүлийн 10, 20, 30 жилд том музей байгуулагдаагүй удсан байна. Тэгэхээр үзэгчид ирэхээсээ өмнө музейг үзэхдээ хэрхэн биеэ зөв авч явах талаар зааврыг манай сошиал хаягуудаас авчих хэрэгтэй. Ундаатай, устай ордог юм уу, хоол идэж болдог юм уу, хүүхдүүдээ хамаагүй гүйлгэж болдог юм уу, чанга дуугаар ярьж болдог юм уу, ямар төлбөрт үйлчилгээнүүдтэй юм гээд судалчихаар аяллын маршрут тодорхой болчхож байгаа юм. Ингэж тодорхой төлөвшчихсөн үзэгч алдаа гаргахгүй шүү дээ. Энэ зүйл дээр гадаадын музейд заавар зөвлөгөө өгөхөөс гадна, насны онцлогт тохируулан ажлын хуудас гаргасан байдаг. Үзэгчид өөрсдөө зорилготой үзмэрийг судлах гэж ажлын хуудас дээр тэмдэглэгээ хийн тэр хааны титэм хаана байсан бэ гэдэг ч юм уу. Ийм байдлаар зөв ойлгож судалсан бол тамга дарж музей үзсэн гэдэг нотолгоо болдог музейн соёл бий. Тодорхой түүх соёлын талаар ойлголтыг зөв авч гарж байгаа нь музей үзэх соёлын нэг сегмент болж байгаа юм. Музейд бид соёлтой үйлчлүүлж суръя, дан ганц надаас өөр маш олон хүн үзэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Ганцаараа явж байгаа юм шиг аашилж болохгүй" хэмээн үйлчлүүлэгч иргэдийг музейн соёлд суралцаж, үзмэрт хүндэтгэлтэй хандахыг зөвлөсөн юм.

Түүнчлэн, 20.5 ам.метр талбайтай, нийт талбайн хэмжээгээрээ Ази тивдээ дээгүүрт орох тус музей талбайн хэмжээнээс гадна хүний эрхийн мэдрэмжээр ч дутахааргүй байв. Энгийн жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тэргэнцэртэй ороход асуудал үүсэхээргүй өргөн ариун цэврийн өрөө, хэрэгсэл, хүүхдэд зориулсан жижиг угаалтуур зэрэг нь бусад музей, үзвэрийн газруудаас онцлог байв.

Сонирхуулахад, Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Чингис хаан Үндэсний музей” хоёр ангит баримтат кино, контентууд, “Монгол төрийн Тэргүүнүүдэд бэлэглэсэн бэлэг дурсгал” нээлттэй сан хөмрөг, “Чингис хаан Үндэсний музейн түүх”, “Хүннүгийн эзэнт Улсын хаад, язгууртны дурсгал дахь амьтны загварт урлаг” зэрэг эрдэм шинжилгээний лекцүүд, бүх насныханд зориулсан боловсролын хөтөлбөрүүдээс толилуулж, CHINGGIS KHAAN NATIONAL MUSEUM SHOP-ийн албан ёсны нээлт, “Үнэт эрдэнийн чулуу” маркийн үзэсгэлэнгийн нээлт болох аж.

Д.Дөлгөөн

Өнөөдөр Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал болно
Өнөөдөр Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал болно
 
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Хүний эрхийг хангах, авлигатай тэмцэхэд “World justice project”-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.