Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мэргэн: Төр иргэдийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй бүтэц мөн л бол цахим орчинд СУГАЛАА зохион байгуулж буй асуудалд анхаарах ёстой

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 4 секунд

Цахим орчинд хувь хүн сугалаа зохион байгуулах дүр зураг түгээмэл ажиглагдах болсон. Сүүлийн өдрүүдэд эл асуудал олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртэж, сошиал сүлжээнд багагүй маргааныг ч өрнүүлээд амжсан. Тэгвэл цахим орчинд зохион байгуулагдаж буй сугалаанд хяналт тавих хууль эрх зүйн орчны талаар хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд сугалаа зохион байгуулж буй иргэдтэй холбоотой шүүмжлэлүүд их гарах боллоо. Энэ төрлийн харилцааг хууль бус гэж үздэг ч хууль эрх зүйн орчин нь ямар байдаг талаар мэдээлэл иргэдэд дутмаг байдаг. Манай улсад эл үйлдлийг нарийвчлан зохицуулж чаддаг уу. Сангийн яамнаас холбогдох тусгай зөвшөөрлийг олгодог гэх юм билээ?

-2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдаж, хонжворт сугалаа явуулахад тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрлийн санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас зөвшөөрөл олгохоор заасан байдаг гэсэн үг. Тухайн хуульд тусгай зөвшөөрөлтэй харилцааг тухайлсан хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл бүрийг хэрхэн олгох вэ гэдэгт тусгай хууль байна гэсэн байдаг юм. Гэтэл тодорхой хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй. Сангийн сайдаас тухайлсан журмыг гарган, хэрэгжүүлж байсан.

Энэ төрлийн харилцаа манайд зохицуулалтгүй, замбараагүй явсаар өдий хүрсэн. Жишээлбэл, сугалаа гэдгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хонжворт сугалаа худалдан авч, тохирол явуулдаг гэх ерөнхий байдлаар хараад байдаг. Гэтэл нарийвчлаад харья л даа. Жишээлбэл, нэг компанийн тодорхой нэг бүтээгдэхүүнийг худалдаж авсан иргэдийн дундаас азтан шалгаруулах ч сугалаа гэдэгт орж ойлгодог. Гэтэл тухайлсан хуультай байсан бол алийг нь сугалаанд хамруулж, хамруулахгүй байх вэ, түүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт нарийвчилсан байдлаар зохицуулж болох байсан байх. Асуудал болгоныг хуулиар зохицуулах боломжгүй гэж үзэж байгаа бол ядахдаа энэ төрлийн харилцааг зохицуулах журмыг батлах эрхийг нь Сангийн сайдад олгох хэрэгтэй. Гэтэл хуулиар Засгийн газрын гишүүнд ямар нэгэн журам батлах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын одоо мөрдөөд байгаа журам нь хүчин төгөлдөр эсэхэд асуудал ярьж таарна.

-Тэгэхээр хуулийн этгээдэд гэж хуульд зааснаас бусдаар хувь хүнд тусгай зөвшөөрөл авах асуудал хамааралгүй болж таарах нь уу?

-Иргэд тусгай зөвшөөрөл авахгүйгээр цахимд төрөл бүрийн сугалаа зохион байгуулж байна. Гэтэл зарим төрийн байгууллагууд нь тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд л олгодог тул зөвшөөрөл авах шаардлагагүй, иргэд хүссэнээрээ сугалаа явуулж болно гэж бодоод байна.

Тухайн үеийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд ч, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд ч хонжворт сугалааны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр олгоно л гэж заасан байгаа. Түүнээс биш хуулийн этгээдэд л олгоно, бусад нь зөвшөөрөлгүй байж болно гэж заагаагүй. Тэгвэл Сангийн яамнаас зөвшөөрөл авахгүйгээр иргэд өөрсдийнхөө нэр дээр сугалаа зохион байгуулж, телевизээр цацаж, азтан шалгаруулаад явж болно гэсэн үг болох юм уу.

Жишээлбэл, ашигт малтмалын зөвшөөрлийг ч ялгаагүй л хуулийн этгээдэд олгодог. Тэгвэл би хуулийн этгээд бус хувь хүнд тусгай зөвшөөрөл олгохгүй, шаардлагагүй гэдэг байдлаар хаа нэг газар очоод ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болох юм байна л даа. Үүнтэй л ялгаагүй тайлбар гэж харж байна.

-Тусгай зөвшөөрлийг хяналт тавих боломж гэж харж болох юм?

-Тийм ээ. Тусгай зөвшөөрлөөр дамжуулж төрийн байгууллагаас хяналт тавина л гэсэн үг шүү дээ. Сугалаа нь бодитой эсэх, залилан хийж иргэдийг хохироогоод байгаа юм уу, татвар мөнгөө төлж байгаа юм уу гэх мэтэд ч төр хяналт тавьж байх ёстой шүү дээ. Заавал тусгай зөвшөөрлөөр хяналт тавьдаггүй юм аа гэхэд өөр байдлаар хянаж болно. Тусгай зөвшөөрөл авч байж хяналт тавих системд орох тогтолцоог бий болгочихсон юм хойно. Үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь орлогын албан татвараа төлж байгаа юу гэх асуудал ч урган гарна. Жишээлбэл, хонжворын азтан өөрөө ч татвар төлөх ёстой шүү дээ. Тухайн татварын мөнгийг хонжворын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа этгээд өөрөө суутган авах ёстой. Түүнээс биш азтаны татвараа төлөх эсэх нь миний асуудал биш гээд орхиж болохгүй. Энэ татварын мөнгө нь эргээд улсын төсөвт орох ёстой. Хэрэв татвараа төлөхгүй байгаа бол татвараас зайлсхийсэн зүйл болно. Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуульд ч татвараас зайлсхийх явдлыг хуульчилсан байгаа. Хуулийн хяналтад байх ёстой. Иргэд сугалаа явуулж болно гээд орхиж болохгүй л гэж харж байгаа.

-Өнөөдрийн нөхцөлд цахим орчинд явуулж буй сугалаанд тухайлсан хууль байхгүйгээс эрсдлүүд гарч ирж байна гэж ойлголоо. Тэгвэл энэ нөхцөлд тусгай зөвшөөрлөөс өөр ямар байдлаар төр хяналт тавьж болох вэ?

-Заавал тусгай зөвшөөрөл өгч байж хяналт тогтооно гэсэн зүйл биш л дээ. Чиглэл чиглэлийн хариуцсан байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд төрийн хяналт шалгалтаа хийх ном журмаараа хяналтаа тавиад явах боломжтой. Жишээлбэл, миний сонссоноор Татварын байгууллагад татвараа тайлагнаагүй мөртлөө нийтэд ил тод үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа хүмүүсийг бүртгэдэг тусгай албан тушаалтнууд байдаг гэсэн. Тэгвэл тухайн албан тушаалтнууд энэ төрлийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явах хэрэгтэй. Түүнээс биш тусгай зөвшөөрөл авсанд нь л хяналт тавих ёстой гэсэн зүйл биш.

-Цахим орчинд хяналтгүйгээр сугалаа явуулж байгаа энэ харилцаа хэт өргөжих нь эргээд ямар эрсдэл дагуулна гэж та харж байна вэ?

-Төр иргэдийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй бүтэц. Хяналтгүй явж байгаа энэ харилцаанд иргэд л хохирох вий, залилуулах вий гэдэг асуудал байна. Сэргэлэн нь хожиж, хуулиа биелүүлж байгаа нь хяналтгүй яваад байж болно гэсэн үг биш шүү дээ. Бүгд л хуулийн дор амьдарч байгаа тул тэгш эрхтэй байх ёстой.

-Хариуцлагын тухайд?

-Эрх зүйн зохицуулалтууд дутмаг байна. Баталж буй хууль бүрт хариуцлагын асуудлыг дагалдах хуулиар зохицуулж өгсөн байдаг. Жишээлбэл "Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэсэн байдаг. Ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь хуульд тусгагдсан байх ёстой. Гэтэл зарим төрлийн харилцаанууд дээр хуульд хариуцлагын зохицуулалт байхгүй тохиолдол ч байна. Үүнтэй адилаар тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авахгүйгээр эрхэлж болохгүй гэсэн мөртлөө түүнд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэхээр зохицуулалт нь байхгүй. Хариуцлага хүлээлгэх хуулийн санкц байхгүй. Ерөнхий зохицуулалт дээрээ тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлбэл үйл ажиллагааг нь зогсооно л гэсэн заалт байна.

-Ярилцсанд баярлалаа.

НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +3 хэм дулаан байна
НАРЛАГ ӨДӨР: Улаанбаатарт +3 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.