Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Тэгвэл сар шинийн баярыг тохиолдуулан хоёр болон гуравдугаар сарын мөнгөн тэтгэмжийг Сар шинийн баяр өдрүүдэд олгосон билээ. Гэвч бүртгэлийн асуудлаас үүдэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээ одоог хүртэл авч чадаагүй хүүхдүүд байна. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэнгээс тодрууллаа.
-Хүүхдийн мөнгө олгох эрх үүссэн хэчнээн хүүхэд байгаа вэ. Одоогоор хэдэн хүүхдээс хэдэн хувьд нь хүүхдийн мөнгийг олгосон бэ?
-2023 оны хоёрдугаар сарын байдлаар 0-18 насны 1,265,000 хүүхэд бүртгэлтэй байна. Үүний 91 хувь болох 1,151,000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагаа явуулж байна. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд байгаа зарим асуудлаас үүдэн хэсэг бүлэг хүүхдүүдийн мөнгө хараахан олгогдоогүй.
Эдгээр хүүхдийн мөнгийг тухайн харьяа өрхийн бүртгэлд байгаа насанд хүрсэн иргэний мэдээлэл засагдаж, залруулагдсаны дараа олгоно. Тухайлбал, ирэх гуравдугаар сард нөхөн олгох ажлыг зохион байгуулах юм.
-Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхтэй холбоотойгоор иргэдийн дунд мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд буй. Энэ асуудал дээр мэдээлэл өгнө үү?
-Энэхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн тухай хуульд оруулсан байдаг. Нийгмийн халамжийн тухай хуульд оруулснаараа бид хүүхдийн мөнгийг 91, 9 хувь гэж хоёр хуваан олгож байгаа юм. 91 хувьд нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан буюу үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд байх, хүн ам өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд байгаа мөн баг хорооны засаг даргын хөтлөн явуулдаг мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн бүртгэлд үндэслэж, хүүхдийн мөнгийг олгодог.
Энд өрхийн мэдээллийн санг онцолж байгаагийн учир нь хүүхдийн мөнгө олголтыг өрхийн бүртгэлд суурилан хийж байгаа учраас хамгийн түрүүнд тухайн санд бүртгэлтэй байгаа иргэнээ зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, манай өрхийн бүртгэлд энэ иргэн байна уу, хэдэн хүүхэд байна, насанд хүрсэн хүн хэд байна гэдгээ зөв, оновчтой тодорхойлон мэдээллийн сангаа бий болгох ёстой.
Уг мэдээллийн сан нь зөв бүтэцтэй байснаараа тухайн өрхөд бүртгэлтэй насанд хүрсэн иргэний захиргааны мэдээлэлд үндэслэн хүүхдийн мөнгийг олгох болно. Тиймээс өрхөд бүртгэлтэй насанд хүрсэн иргэнийхээ захиргааны мэдээллийг баталгаажуулдаг байх нь зүйтэй. Түүнээс гадна тухайн иргэний эзэмшлийн автомашины бүртгэл, үл хөдлөхийн мэдээлэл, малын тоо зэрэг алдаатай мэдээлэл байвал үүнийгээ залруулах бүрэн боломж бий.
-Зөрүүтэй мэдээллээ залруулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой юу?
-Мэдээж мэдээллээ залруулаад баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд хүүхдийн мөнгө олгох боломжтой. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгодог. Жишээ нь, иргэн А нэгдүгээр сард E-mongolia-аар хүсэлтээ гаргаад, гуравдугаар сард мэдээллээ залруулж баталгаажуулсан бол гуравдугаар сардаа нэг хоёрдугаар сарынхаа мөнгийг нөхөн авах боломжтой. Харин гуравдугаар сардаа анх удаа хүсэлтээ гаргаж байгаа тохиолдолд тухайн сараасаа л бодогдож эхэлнэ гэсэн үг.
-Бүртгэлээс үүдэн өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжээ аваагүй байгаа хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдийн мөнгө авах эрхээ хэрхэн үүсгэх боломжтой юм бэ?
-Хүүхдийн мөнгөний хувьд E-mongolia, E-halamj гэсэн цахим хаягаар мэдээлэл гаргуулах хүсэлтийг хүлээн авч байгаа. Мөн цахимаар хүсэлт гаргах боломжгүй иргэд харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаад хүсэлтээ гаргах бүрэн боломжтой.
-Нэг болон хоёр, гуравдугаар сарынхаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хараахан авч чадаагүй байгаа хүүхдүүдийн 100 мянган төгрөгийг хэзээнээс олгох вэ. Хугацаа товлосон уу?
-Бидний зүгээс нийгмийн халамжийн тухай хуулийнхаа хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг сар болгон олгодог. Гуравдугаар сар гараагүй байгаа учраас хараахан хуваарь гараагүй байна. Тухайн хүний мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай болсны дараа баталгаажуулалт хийгдэж, хүүхдийн мөнгө авах боломж нь нээгдэнэ гэж хэлж болно. Тиймээс нэг, хоёрдугаар сард залруулга, баталгаажуулалт хийсэн иргэдийн мэдээллийг харгалзан үзээд хүүхдийн мөнгө олгоход нээлттэй.
Сануулахад, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 71 дүгээр тогтоол, Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон.
Д.Дөлгөөн