Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОРИХ АНГИАС: Хүмүүжигчид “наранд“ гарахад надад ажил олдоно“ гэх итгэл тээн хөдөлмөр эрхэлж байна

Ангилал
 Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
14 минут 59 секунд

"Хэн ч буцаж очоод гайхалтай эхлэлийг бий болгож чадахгүй. Гэхдээ хэн ч одооноос хичээгээд гайхалтай төгсгөлийг бий болгож чадна" гэж хананд нь бичсэн байшинд хөл тавих төдийд оёдлын машины дуу энд тэндээс тачигнатал дуугарна. Өрж тавьсан олон хэрээстэй оёмол бүтээгдэхүүний ард сууж буй эдгээр эмэгтэйчүүд бол хэцүү нэртийн хаалга татсан ч, хөдөлмөрөөр хүмүүжиж буй хүмүүс. Тэд "өчигдөр" рүү буцаж чадахгүй ч "маргааш" алдахгүйн төлөө гэж өөрсдийгөө хатуужуулж басхүү зоригжуулж буй нь илт. Зарим үед сэтгэл санаа тогтворгүй болж, тавгүйрхэнэ. Тэр үед хөдөлмөр л хань болдог гэх.

Магадгүй олон хүнд хэцүү нэртэд хөдөлмөр эрхэлдэг тэр байтугай ар гэрээ хүртэл авсан цалингаараа тэжээдэг хүмүүс байдаг гэвэл гайхах байх. Хэдий нийгмийн харилцаанд оролцох эрхээ хязгаарлуулсан ч тэд энд сурч, хөдөлмөрлөдөг. Басхүү эргэцүүлнэ. Энэ бол өөрсдийгөө завгүй байлгах басхүү хүмүүжих нэг явц нь. Ингэхдээ 20 гаруй насны эмэгтэйчүүдийг гадаах ажилд, өндөр настай болон жирэмсэн эмэгтэйчүүдийг цэвэрлэгээний ажилд, 30 гаруй насны эмэгтэйчүүдийг үйлдвэрт хуваарилдаг аж.

Тэгвэл бид ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хөдөлмөр эрхэлж буй хүмүүжигч нарын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

-ШАГНАЛЫН АРАВ ХОНОГ: Хүмүүжигч нэг сар хөдөлмөр эрхлэхэд эдлэх ялын хугацаанаас арав хоног хасагддаг-

Оёдлын үйлдвэрт 80 гаруй хүмүүжигч ажиллана. Тэд гар дээрээ цалин авахын сацуу дотоод нөхцөл боломжоороо хувийн хэрэгцээгээ хангаж, цалингаасаа өр төлбөрөө ч барагдуулна. Хэдий гэм буруутай үйлдэл хийж, хэцүү нэртийн хаалга татсан ч нэг өдрийн өмнө болтугай гарах хүсэл энэ ангийн булан тохой бүрт сууж байгаа хүмүүжигч нарт бий. Тиймдээ ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 224 дүгээр зүйлд хоригдолд шагналын хоног олгохоор хуульчилсан байдаг бөгөөд 160 цагаас доошгүй тохиолдолд ажлын бүтээмж, чанарыг үндэслэн 1 сард 10 хүртэл хоногийн шагналын хоног олгоно хэмэн заасан байдаг. Тэдний хичээнгүйлэн ажиллаж буй хэдхэн шалтгааны нэг нь энэ.

Товчхондоо, шагналын хоног авах нь тэдний хувьд мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй “цалин” аж.

-Давхардсан тоогоор 948 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, цалинд 100 орчим сая төгрөгийг олгожээ-

Эл ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь залилангийн гэмт хэргээр шүүхээс ял сонссон байдаг. Эл төрлийн гэмт хэрэг нь хохирол өр төлбөрийн хэмжээ өндөр байдаг тул хүмүүжигч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж авсан цалингаараа хохирлоо төлдөг аж. Мэдээж хөдөлмөр эрхлэх ч сайн дурын үндсэн дээр явагдах асуудал. Иймдээ ч одоогийн байдлаар үйлдвэрт ажиллаад хохирлоо барагдуулсан олон хүн бий гэдгийг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл онцолж байлаа.

Тэрбээр ярихдаа "Шинээр ирсэн хүмүүжигч эмэгтэйчүүдийг хүлээж авсаны дараагаар тодорхой хэмжээний зан байдлын нөхцөл байдлыг үнэлдэг. Үүний дараагаар хөдөлмөрт хуваарилдаг. Хорих ял эдлүүлэх явцад хүмүүжигчдийг хөдөлмөрт хамруулах ажил сайн дурын үндсэн дээр явагддаг. Өнөөдрийн байдлаар тус ангийн хэмжээнд хэд хэдэн төрлийн ажлын байраар хангаж байгаа. Дотоодынхоо оёдлын үйлдвэрт цалинтай ажлын байраар хангагддаг. Үүнээс туслах чиг үүргийн аж ахуйн ажилд хуваарилагддаг.

Мөн ял эдэлж байхдаа хувийн сэтгэл зүй нь тогтворгүй болсон хүмүүжигч хөдөлмөр эрхлэх явцдаа тайвширч, хөдөлмөрт хандах хандлага нь илүү эерэг нөлөөг үзүүлдэг" гэв.

Өнгөрсөн 2022 оны байдлаар давхардсан тоогоор 948 хүмүүжигч цалинтай ажлын байраар хангагджээ. Мөн онд л гэхэд ажлын байраар хангагдсан хүмүүжигч нарын цалинд 100 орчим сая төгрөг олгогдсон. Үүнээс 20 гаруй сая буюу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шилжүүлсэн. Бусад цалингаа хувийн болон ар гэрийн хэрэгцээндээ зарцуулсан гэх тоон мэдээлэл гарчээ.

-ХҮМҮҮЖИГЧ: "Наранд" гарахад надад ажил олдох байх гэж бодож байна-

Хүмүүжигч ...-н хувьд энд ирээд таван жилийн хугацаа өнгөрчээ. Түүний хувьд ирсэн цагаасаа эхлэн үйлдвэрт тасралтгүй таван жил ажилласан бөгөөд эхний хоёр жилийнхээ цалингаасаа хохирлын өр төлбөрөө барагдуулж дууссан талаараа хэлж байлаа. Тэрбээр "Үйлдвэрт гэрийн бүрээс, ажлын хувцас зэрэг төрөл бүрийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Бүх ажил дамжлагын хуваариар явдаг учраас тасралтгүй ажилладаг. Манайд олон талын сургалт ордог. Би л гэхэд оёдлын дамжаанд суугаад шинэ чадвар эзэмшсэн.

Хоёр жил ажиллаад л хохирлоо бүрэн барагдуулсан. Сайн дурын үндсэн дээр төлдөг. Тиймээс цалингийнхаа 70 хувиар хохирлын төлбөртөө суутгуулсаар төлж дуусгасан. Шагналын хоногоо ч тооцуулж авдаг. Нийгмийн даатгалаа сар бүр сайн дураараа төлж байгаа. Ар гэртээ мөнгө явуулахын сацуу өөртөө ч цалингаасаа хуримтлал үүсгэж байгаа. Өнгөрсөн 12 дугаар сард охин маань зүрхний хагалгаанд орсон. Хагалгаанд орох үед нь охиндоо мөнгө явуулж, байнгын холбоотой байсан. Гэм буруутай үйлдэл хийгээд ороод ирсэн юм чинь нийгэмшиж, хүмүүжих ёстой. Тиймдээ ч энд ажиллаж байгаа бусад хүмүүжигч эмэгтэйчүүд маань ч ажил хийж байгаадаа сэтгэл өндөр байдаг. Ажлаа сайн хийгээд шагналынхаа хоногийг аваад гарья, гараад ийм тийм юм хийнэ гээд санаа оноогоо хүртэл ярилцана шүү дээ. Гараад хувиараа хөдөлмөр эрхэлнэ. Би гараад нэг жижиг оёдлын цехэд ажиллая гэхэд эндээс мэргэжлийн үнэмлэхээ авчихана. Надад эндээс гарахад ажил олдоно гэж бодож байна" хэмээн ярилаа.

-"Хүмүүжигчдийн гар дээр авч буй цалин 20-40 хувиар нэмэгдсэн. 700-800 мянган төгрөгийн цалин авдаг ч хүмүүжигч бий-

407-р нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын технологич М.Сувдмаа үйлдвэрт ажиллаж буй хүмүүжигч эмэгтэйчүүдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүсийн нэг. Зааж зөвлөхөөс авхуулаад зарим үед эгчийн хувиар ярилцах үе олон байдаг талаар тэрбээр ярьж байлаа. Тэрбээр "Одоогийн байдлаар үйлдвэрт 90 орчим хүмүүжигч ажиллаж байна. Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул ажлын гарц гүйцэтгэл чухал байдаг. Нийт хүмүүжигчийн 35-40 хувь нь ажлын байраар хангагддаж гэж ойлгож болно. Урьд онуудтай харьцуулахад хүмүүжигчийн гар дээр авч буй цалин 20-40 хувиар нэмэгдсэн. 700-800 мянган төгрөгийн цалин авдаг ч хүмүүжигч байна. 40-50 мянган төгрөгийн цалин авдаг нь ч бий. Үүнээсээ гэм хорын төлбөрөө барагдуулчихсан хүмүүс ч бий. Хугацаанаас нь өмнө суллах магадланд орохын тулд өр төлбөргүй байхыг шаарддаг. Энэ утгаараа хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрөө барагдуулаад магадланд орж буй хүмүүжигч бий. Энд ажиллаж буй хүмүүжигч нар нэг хоногийг ч алдалгүй ажиллаж гэр бүлдээ хурдан очихын хүслэн байгаа шүү дээ" гэлээ.

-ХҮМҮҮЖИГЧ: Шагналын арав хоног гэдэг бол хугацаанаасаа өмнө суллагдаж, нэг өдрийн өмнө ч болтугай гэртээ харих маш том боломж-

Харин бидний ярилцсан дараагийн хүмүүжигч эмэгтэйн үйлдвэрийн сав баглаа боодол хэсэгт ажилладаг гэнэ. Оёмол бүтээгдэхүүний бэлдэцийг нэг бүрчлэн нямбайлан эвхэж, дараагийн дамжлага руу шилжүүлэх нь түүний үүрэг.

Тэрбээр ажлаа хийх зуураа "Шүүхээр таслагдсанаас хойш гурван жил хоёр сар, 407-р ангид ирээд хоёр жил найман сар болж байна. Анх ангийн арга зүйн зөвлөлөөр ороод үйлдвэрт гар оёдолчингоор ажиллаж эхэлж байсан. Сар бүр шагналын 10 хоногоо авдаг. Шагналын арав хоног гэдэг бол хугацаанаасаа өмнө суллагдаж гэртээ нэг өдрийн өмнө ч болтугай очих маш том боломж учраас хичээнгүйлэн ажилладаг. Мөн цалингаасаа хувийн хэрэгцээгээ хангана, хуримтлал ч үүсгэдэг. Би л гэхэд сарынхаа цалингаас ээж рүүгээ мөнгө явуулдаг, хохирол төлбөрөө төлдөг. Өдөр хэрхэн өнгөрч байгааг ч мэдэлгүй өнгөрүүлж байна даа. Бодож, хямарч цаг байхгүй. Би зүү ороох оёдлыг их сонирхож сурсан. Тиймээс гар урлалаар дагнаж юм хийнэ гэж бодож байгаа. Маш их сэтгэлийн тайвшралыг өгдөг л дөө. Зүү орооход хэзээ ч муу юм бодож болдоггүй. Үргэлж сайн сайхан зүйл бодож, маань уншиж ороодог учраас сэтгэлзүйн хувьд их амар амгаланг өгдөг гэж боддог юм" гэлээ.

-ХҮМҮҮЖИГЧ: Хөдөлмөр эрхлэснээр сэтгэл санаа тайван байж, цаг хугацаа ч хурдан өнгөрч байгаа юм шиг санагдаж байна-

Гарч явах зуурт гадаах ажилд ажилладаг хүмүүжигч эмэгтэйтэй багахан яриа өрнүүлэв. Түүний хувьд үйлдвэрт ажиллахгүй байгаа ч бусдаас ялгаагүй л үүрэгт ажлаа гүйцэтгээд, шагналын арав хоногоо тооцуулж авдаг талаараа ярьж байлаа.

Тэрбээр ярихдаа "Хорих ангид ирээд нэг жил хоёр сар болж байна. Дөрвөн жил зургаан сарын хорих ялаар шийтгэгдсэн. Гадна заалтын ажил /аж ахуйн ажил/ гэж байдаг. Одоогоор 10 гаруй хүн ажиллаж байгаагийн нэг нь би л дээ. Би гадна заалтад ажиллаж байгаа ч бусад хүмүүжигч нарын адилаар шагналын арав хоногоо тооцуулан авдаг. Хүн өөрөө л хичээх ёстой юм болов уу гэж бодож байгаа. Нэгэнт алдаад энд ороод ирчихсэн учраас цагийг хий дэмий өнгөрүүлэхгүйгээр өөрийгөө хөгжүүлье гэвэл энд олон төрлийн сургалт явагддаг, сурах боломж ч бий. Аравдугаар ангийн шалгалтыг өгч байгаа хүмүүжигч ч байгаа. Мэдээж хөдөлмөр бол биднийг хүмүүжүүлж байгаа арга барилын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хөдөлмөр эрхлээд арав хоног авч байна, сэтгэл санааны хувьд ч тайван байдаг. Цаг хугацаа ч хурдан өнгөрдөг. Эндээс гараад дахин алдахгүй юм шүү гэх зорилготой. Түүнийхээ төлөө ч хичээнэ" гэсэн юм.

-СУДАЛГАА: "Ажил хийснээр хорих ялаас хоног хасаж чадах учраас хорих ангид хөдөлмөр эрхэлдэг" гэжээ-

ХЭҮК "Монгол Улс дахь хоригдлын ажил, хөдөлмөрийн нөхцөл байдал тодорхойлох судалгаа"-нд долоон хорих ангийн 996 хоригдлыг хамруулсан байдаг. Судалгаанд хамрагдсан нийт хоригдлуудын 93.1 хувь нь хорих ангид хөдөлмөр эрхэлж байгаа талаараа хариулсан бөгөөд "Яагаад хөдөлмөр эрхэлдэг вэ?" хэмээн асуухад дараах байдлаар хариулжээ.

-ХЭҮК: Бүх насаараа хорих ялтай хүмүүжигч хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдахгүй байна-

ХЭҮК-ээс өнгөрөгч онд хийсэн эл судалгаанд дурдагдсан өөр нэг агуулга нь бүх насаар хоригдож буй хоригдлууд хөдөлмөр эрхлэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдахгүй байгаа явдал юм. Энэ тал дээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ХЭҮК хэрхэн ажиллаж байгаа талаар ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс тодруулахад "Бүх насаар нь хорих ялтай хүнийг яваандаа тухайн нөхцөлд нь хөдөлмөрлөх боломжоор хангахгүй бол хүн байх боломжийг нь хааж байна уу гэх дүгнэлтийг судалгааны баг хийсэн. Тиймээс цаашид энэ асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцсан мэргэжилтнүүдэд танилцуулсан. Бүх насаараа хорих ял авсан хоригдлыг ганцаарчлан тусгаарлан хорих өрөөнд нь ажил хийлгэх боломжийг судалж байна гэх хариуг өгсөн" гэлээ.

Энд бас нэг хөндөх асуудал нь хүмүүжигч нарын "наранд" гарсаны дараах хөдөлмөр эрхлэлт. Олон хүмүүжигч эмэгтэйчүүд "Алдаагаа давтахгүйн тулд энд хийж сурсан зүйлээ хөгжүүлээд ажиллана даа" хэмээн ярьж байна. Харин хэцүү нэртийн хаалга татсан л бол нийгмийн харилцаанд эргээд оролцоход зарим талаараа хүлээж авдаггүй хандлага одоо ч нийгэмд "амьдарсаар л". Харин энэ асуудлын гарцыг хэн нэгэн дарга албан тушаалтнаас хайхаас илүүтэйгээр хувь хүн бүрийн ухамсарт даатгах нь зүйтэй. Тэд "өчигдөрт" л алдсан. Олны дунд чин сэтгэлээсээ ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой нь ч бий гэдгийг энд онцлоё.

О.Цэцэнцэнгэл дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж эхэллээ
О.Цэцэнцэнгэл дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж эхэллээ
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.