Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Манай гэрийн БАНШ ажиллагаа

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 10 секунд

“Цагаан сарын бууз, баншаа бэлтгэх ажлаар далимдуулж нэг дор олуулаа уулзацгаана. Урьдын дурсамжаа ярьцгааж, инээлдэх зуурт цаг хугацаа яаж өнгөрснийг ч үл анзаарч, их ажлын ард гарсан байдаг даа” хэмээн ярих “Шуугиурынхан”. Угтаа сар шинийн баярын утга учир, мөн чанарыг хамгийн товчхоноор илэрхийлэх үг бол гэр бүл. Тиймдээ ч Б.Батчулуун гуайн гэр бүлийнхэн сар шинийн гол зоог болох бууз, баншаа хийхээр өнөөдөр цугласан нь энэ аж. Өдгөө 85 насыг зооглож яваа тэрбээр дөрвөн охин, гурван хүүтэй. Үр ач гучуулаа. 60 гаруй жил тээврийн жолооч хийсэн тэрбээр энэ жил нийслэл хотод золгохоор болж, бэлтгэлээ ийн базааж эхэлжээ. Өнөр өтгөн энэ айлд тавгийн зоог бэлтгэх ажил ид буцалж байх үеэр зочлон оров. Энэ оройн уур амьсгал, “шуугиурынхан”-ы хөгтэй хөөртэй дурсамж яриа уншигч таны ой тойнд мартагдаж үлдсэн дурсамжуудыг хөнгөхөн сэдрээнэ гэдэгт итгэлтэй байна.

-Манай Алтайд бууз гэхээсээ илүү БАНШ-ийг гол зоогоо болгодог-

Бууз банш бэлтгэх ажилд Б.Батчулуун гуайн үр хүүхэд, ач зээ нийлсэн 15-аад хүн иржээ. Нутаг нутгийн ёс заншил, дэг жаяг ч өөр байдаг гэлцдэг. Б.Батчулуун гуай Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Тэрбээр сар шинийн идээ шүүс бэлтгэх эл ажилд ач холбогдол өгч, дэг жаягаа мөрдөх ёстойг үр хүүхдэдээ байнга хэлдэг талаараа өгүүлж, бууз, банш хийж эхлэхийн өмнө арц уугиулж, түүнийг нь үр хүүхдүүд тойруулан ариулна. Үүний дараагаар “банш” ажиллагаа эхлэх номтой.

Ихэнх айлуудын сар шинийн гол зоог нь бууз байдаг. Харин Говь-Алтай аймагт банш хийдэг талаар тэд онцлон ярьсан юм. Мөн жил бүр гэр бүлээрээ цуглаж, баншаа хийдэг талаар Б.Батчулуун гуай яриа дэлгэв.

Тэрбээр “Өнөөдөр гурав дахь айлдаа баншаа хийж байна. Ер нь ууцаа чанана, боорцогоо хийнэ. Ер нь манайхан худалдааны юм авдаггүй шахуу улс л даа. Өөрсдөө заавал хийдэг. Хууччуулын ярианаас, сар шинийн бэлтгэл ажлаа гэр бүлээрээ цуглаж өөрсдөө хийх нь сайн байдаг гэдэг юм.

Банш хийвэл баяждаг гэж ярих нь бий. Чимхэлт нь өөр байдаг юм л даа. Одоо бууз хийдэг болчихоод байгаа юм. Дээр үед баншаа усанд чанаж идэцгээдэг байлаа, бид. Амт чанар ч ярих юмгүй сайхан байдаг юм.

Бууз баншаа тоолно. Энэ жил мянга орчим банш хийх болов уу гэж бодож байна. Орон нутагт золгосон бол зочилж ирэх хүмүүсээсээ шалтгаалж, 2 мянга орчим банш хийдэг юм. Банш тоолохтой холбоотой сонирхолтой заншил ч бий. Жишээлбэл, баншаа хийж дууссаны дараагаар хэдэн банш хийсэн бэ гэдэгт таавар тавьж, таалгана. Ийнхүү таасан хүндээ тухайн жилийн од хийморьтой байна хэмээн бэлгэшээж урамшуулдаг” гэлээ.

-Дунд охин Б.Улам-Оргих: Элдүүр, гурилын бандангаа бариад л айл айлаар очиж, орой бүр банш хийхэд оролцдог байлаа, одоо ч хэвээрээ-

Дуутай, хууртай ёстой л тэд удамдаа “шуугиурынхан” нэр авахаас аргагүй аж. Ийн яриа дэлгэн суух зуурт 600 гаруй банш хийсэн байлаа. Ажиллагаа ихтэйн дээр олуул цугласных тэд хоорондоо халуун яриа өрнүүлэн суух аж.

Охид нь “Элдүүр, гурилын бандангаа бариад л айл айлаар орж, орой бүр банш ажиллагаатай байдаг байсан даа” хэмээн багынхаа дурсамжийг ярин инээлдэнэ. Дунд охин Б.Улам-Оргихтой бид сар шинийн баяртай холбоотой дурсамжийнх нь талаар ярилцахад тэрбээр “Яриад суувал их дурсамж бидэнд бий. Манайх гэдэг айл дөрвөн охинтой. Хоёр нь ганжин, гамбанзаа бариад л явдаг байв. Айл айлд ээлжлээд л очиж, банш хийлцэнэ. Одоо бодоход их хөгжилтэй санагддаг. Одоо том болчихсон хэрнээ л ах дүү нарынхаа гэрт цаг заваа зохицуулаад аль болох олуулаа цуглаж баншаа хийхийг боддог” гэв.

-“Цаг завгүй энэ үед сар шинийн баншаа хийх үеэр л нэг дор цуглаж, дурсамжуудаа ярьж инээлддэг-

Тэрбээр үргэлжлүүлэн “Өмнө хэлсэнчлэн манайхныг “шуугиурын удам” гэдэг. Банш жижигхэн учраас ажиллагаа ихтэй. Манай аав Алтай нутагтаа байвал 2 мянга орчим банш хийнэ. Манай ах дүү нар маш олуулаа. Тиймээс өнөр өтгөн ам бүлээрээ цуглаж, баншаа хийх шиг сайхан зүйл байдаггүй.

Заримдаа нэлээн аажуудана. Баншаа хийхийн хажуугаар ярьж хөөрөлдсөөр байгаад цаг ч хэрхэн өнгөрч байгааг мэдэхээ больчихдог. Уулзаагүй удсан болохоор ярих зүйл ч ихтэй. Ядарснаа ч мэдэхгүйгээр нэг мэдэхэд дуусгачихсан байдаг шүү” хэмээн ярив.

-“Өнөөдөр банш тоолж байгаа ч ирээдүйд сансрын нисгэгч болно”-

Бууз баншаа хийхэд та яг ямар ажилд хуваарилагддаг байсан бэ гэвэл хүн бүр “хадагдсан” нэг местээ хэлэх байх. Элдэгч, өрөгч, чимхэгчээс гадна тоолох, буузаа гадагш гаргаж хөлдөөх тэр байтугай манах ажил бий. Зарим айлд ажилсаг нэртэй “зальтай” амтлагч нар ч байдаг. Б.Батчулуун гуайн банш ажиллагаанд оролцохоор ирсэн үр хүүхдүүд нь ч тус тусын сурч, дадсан ажилдаа хуваарилагджээ.

Өнөөдрийн ажилд хамгийн завгүй үүрэг рольтой нь дөнгөж нэг ой шүргэж яваа У.Дөлгөөн байлаа. Тэр сахилгагүйтэж, гарт дайралдаж, нүдэнд харагдсан бүхнээ сониучирхан харна. Бүр нямбайлан чимхсэн баншнуудыг бяцхан гараараа “хөөрхөн” хэлбэртэй болгож базах ажилтай.

Бяцхануудын дэггүйтлийн хажуугаар энэ жилээс бууз тоолох ажилд шинээр хуваарилагдсан хүү бол Б.Батсуурь байв. Тэр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 43 дугаар дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч. Банш өрөх аль эсвэл элдэх гурил дарж өгөх ажилд хуваарилагддаг байсан тэр энэ жил тоо, хүрдээ сайн цээжилсэн хэмээн бууз тоолох ажилд хуваарилагдсан нь энэ аж. Тав дахь айлынхаа баншийг тоолж байна хэмээн хэвлүүлэн ярих түүнтэй их ажлын хажуугаар багахан яриа өрнүүлэв.

-Чи өнөөдөр баншаа тоолж байгаа юм байна шүү дээ. Одоогийн байдлаар хэчнээн банш чимхэж гаргасан байна?

-Тийм ээ. Одоогийн байдлаар 641 банш гаргасан байна.

-Чи хэд дэх айлынхаа баншийг тоолж байна?

-Тав дахь айлынхаа баншийг тоолж байна.

-Хэр туршлагажиж байна. Тоолоход хэцүү юм байна уу?

-Туршлагажиж байна. Тоолоход тийм ч их хэцүү биш. Энэ жилээс тоолж байгаа.

-Чи үеийнхээ найзуудад зөвлөөч. Тоолоход юу чухал юм шиг санагдаж байна?

-Өрж тавьсан баншнуудаа мөр, баганаар нь тоолно. Тэгээд түүнийгээ хооронд нь үржүүлнэ. Зөв тоолох хэрэгтэй байдаг. Өрөх бас чухал. Зөв тоолохгүй бол буруу тоо гарна.

-Чамайг тоолох ажилд хуваарилсныг бодоход чи тоондоо сайн бололтой. Ямар хичээлдээ дуртай вэ. Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна?

-Математикийн хичээлдээ дуртай. Би өнөөдөр банш тоолж байгаа ч ирээдүйд сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй. Одон орон надад сонирхолтой санагддаг.

Өнөөдрийн ажилсаг багачуудын нэг бол н.Баянзаяа. Ганган дааншинзтай охин банш хийлцэхээр ирсэн зочдод өөрийн гараар жимс хэрчин, таваглаж үйлчилнэ. Хажуугаар нь банш хийлцэж мөн сахилгагүй бяцхануудыг харж хандах том үүрэг түүнд өнөөдөр хуваарилагдсан нь энэ.

-Халуун яриа, дурсамжаар “хачирласан” банш “ажиллагаа”-

Ийнхүү халуун яриа дэлгэж, хол ойрын дурсамжаар “хачирласан” банш ажиллагаа дуусаж, "шуугиурынхан" амталгаагаа хийлээ. “Энэ жилийн баншны амт хачин сайхан болжээ” хэмээн гэр дүүрэн хүмүүс ажлын үр дүндээ урамшиж, удахгүй болох баярын өдрүүдээр уулзалдахаа ярьсаар үлдэв.

Халуун ам бүлээрээ цуглаж, бууз баншаа хийнэ гэдэг ч угтаа сар шинийн баяр бол гэр бүлийн баяр гэх энгийн боловч хамгийн эрхэм агуулгыг илтгэх үйл явдал мөн болохыг энэ удаагийн сурвалжилгаараа бэлтгэн хүргэлээ.

Т.Золбоо: Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй
Т.Золбоо: Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр гарахгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.