Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 15-ны өдөр товлогдсон. Уг хэрэгт нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан татсан. Тэгвэл уг асуудлаар мөн урьдчилсан хэлэлцүүлгийн үе шат, процессын талаар МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор Т.Золбоотой ярилцлаа.
-Гэмт хэрэг бүртгэгдээд шийдвэрлүүлэх хүртэл ямар, ямар процесс дамжих вэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүнийг зохицуулдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үе шат явсны дараа прокурорын хяналтад орж, түүний дараа шүүх рүү шилжиж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Ийм гурван үе шаттайгаар процесс явагддаг.
-Тэгвэл шүүхэд очсон хэрэг яг ямар шат дарааллаар дамжих вэ?
-Талууд хүсэлт гаргавал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явна. Ингэснээр анхан шатны шүүхээр орно. Түүний дараа давж заалдах шатны шүүхэд шилжинэ. Мөн хяналтын шатны шүүхээр дамжина. Ийм гурван шатыг дамждаг.
-Урьдчилсан хэлэлцүүлгээр эцсийн шүүхийн шийдвэр гарах уу?
-Урьдчилсан хэлэлүүлгээр эцсийн шүүхийн шийдвэр гарахгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг нь тухайн хэргийг шийдвэрлэх хэмжээнд очсон эсэхийг шийдэж байгаа гэсэн үг юм. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан.
Мөн хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг ярихгүй гэж заасан байдаг.
-Урьдчилсан хэлэлцүүлгийн ач холбогдол нь юу вэ?
-Урьдчилсан хэлэлцүүлгийг товчоор тодорхойлоход хэрэг гэм буруугийн хуралд бэлэн болсон эсэхийг нягталж байгаа хэлбэр юм. Уг хэрэг нь гэм буруугийн шүүх хуралд орох шаардлагыг хангасан эсэх мөн өмгөөлөгчид нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх санал хүсэлтээ шүүхэд гаргах эрхийг хангасан үйл явц.
-Урьдчилсан хэлэлцүүлгийн гол онцлог юу вэ. Шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчид бүрэлдэхүүнээрээ байх шаардлагатай юу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-т урьдчилсан хэлэлцүүлгийн тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг талаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргана. Тэрхүү хүсэлтийг шийдвэрлэж байгаа хэлбэр юм. Хэрэв хэргийн оролцогч тодорхой хүсэлт, гаргаагүй бол байхгүй байж болно.
-Хөгжлийн банкны хэргийг 84 оролцогчтойгоор шүүхэд ирүүлэх нь шүүхийн процессын хувьд хэр хүндрэлтэй вэ?
-Ерөнхийдөө оролцогч гэдэг нь тухайн хэрэгт хамааралтай этгээдийг нэрлэж байгаа юм. Хөгжлийн банкны хэрэгт хамааралтай 84 оролцогч байна гэж үзвэл шүүхийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэхээс илүүтэй хамтран оролцогч байгаа эсэхийг чухалчилж үзнэ. Түүнээс биш шүүхийн үйл ажиллагааг хүндрүүлэх гэсэн агуулга тийм ч чухал биш байх.
Д.Дөлгөөн