Койн, токентой холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, "Ард бит" ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж буй билээ. Түүнчлэн нэр бүхий койнуудад их хэмжээний хөрөнгө, мөнгөө алдсан гэх иргэдийн төлөөлөл хэд хэдэн удаа хэвлэлд хандаж хохирсон асуудлаа ил болгосон юм. Тэгвэл койны хохирогчид тус тусдаа групп нээж өмгөөлөгч авч ажиллаж эхэлжээ. Тухайлбал, телеграммаар "IHC ХОХИРОГЧИД" нэртэй групп бий болсон байх бөгөөд одоогоор 300 гаруй хүн нэгдсэн нь харагдаж байгаа юм.