Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй.
Харин О.Мөнхжинг өнгөрсөн лхагва гарагт цагдан хорьсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл ямар учраас цагдан хорьсныг эх сурвалжаас авсан мэдээллээр хүргэж байна.
О.Мөнхжин АНУ руу гарсан тохиолдолд иргэдэд
их хэмжээний хохирол үүсэх байв
Харьяатын тухай хуулиар Монгол Улс Хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй. Харин яллагдагч О.Мөнхжин нь Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшсэн байсан талаар бид мэдээлсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан тохиолдол АНУ-ын иргэн гэж үзэх бөгөөд ингэснээр "Ихбит" ХХК-ийн токенд хөрөнгө оруулсан иргэдэд их хэмжээний хохирол үүсч, нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл үүсэх байжээ. Иймд О.Мөнхжинг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн урьд буюу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорихоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн аж.
Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нар шүүгчээс татгалзсанаар
цагдан хорих хурлыг хойшлуулжээ
Яллагдагч О.Мөнхжин нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад "Deployer" хаягнаасаа гүйлгээ хийж, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нөхцөл үүсгэжээ. Тухайн ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Мөн “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан яллагдагч Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн ч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулаад байна.