Дээхэн үед донтолт гэдгийг архинаас хамааралтай хүн гэсэн ойлголтоос хэтэрдэггүй байв. Тэр үеэс наашилбал компьютер тоглоомд хүүхэд, өсвөр насныхан гэлтгүй 20-30 насны залуус донтдог болохыг мэдэж авцгаасан. Хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гэхдээ донтолт гэдэг үүгээр зогсохгүй. Нийгэм байгаа цагт янз бүрийн донтолт шинээр гарч ирсээр байна. Харин манай нийгэмд газар аваад, түүнээсээ их хэмжээний мөнгөн хохирол үзсэн донтолт хэдийнээ бий болчихжээ. Бид анзаарахгүй байна. Энэ бол “криптовалют худалдан авах” дон юм. Манайд одоогоор үүнийг донтолт гэж хүлээж авахгүй байгаа. Гэхдээ зарим улсад криптовалютад донтогчдод зориулсан сувилал бий болжээ. Тэгэхээр криптовалютын донтолт гэж чухам юу вэ.
-Криптовалютын донтолт бол зан үйлийн донтолт-
Хүн аливаа зүйлд донтохдоо амархан байдаг. Нэг л мэдэхэд донтчихдог. Хэн нэгэн ойрын хүн тань ажлаа хийгээд явж байгааг мундаг хүн гэж харж болох ч тэрбээр донтолтод өртсөн байж болно. Мөн өдөр бүр фитнест явж, эрүүл мэнддээ анхаарч байгаа мэт харагдавч үнэндээ бас л нэг төрлийн донтох байдал руу орчихсон ч юм билүү. Тэгэхээр зарим тохиолдолд донтолт нь тухайн хүнийг хөгжүүлж, цаашид амьдрах итгэлийг төрүүлдэг. Гэтэл өөр тохиолдолд бодит амьдралаас зугтаах, ганцаардлын мэдрэмж авахгүйн тулд ийм үйлдэл гаргадаг байна. Ийм төрлийн донтолтыг зан үйлийн донтолт гэж үздэг. Криптовалют худалдаж авах нь зан үйлийн донтолтын нэг хэлбэр юм. Донтолтын өөр нэг хэлбэр байдаг нь бодисоос хамааралтай байдаг. Үүнд архи, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис зэрэг ордог.
BBC агентлаг крипто донтолтын талаар нийтлэл оруулжээ. Манай нийгэмд үүсээд байгаа асуудал гадаад улс оронд ч адилхан болж байна. Гэхдээ цагдаа, шүүх дээрээ тулаагүй. Харин донтолт гэсэн утгаар явж байна. Нөгөө талаас коин худалдаж авах нь мөнгөтэй хүмүүсийн үйлдэл аж. Яг л мөрийтэй тоглоомын газар хэн ордог вэ гэдэгтэй ижилхэн гэх үү. Тус нийтлэлд Дон хэмээх залуу гарах бөгөөд тэрбээр криптовалютын арилжаанд 7 хоногт 200,000 мянган доллар хийдэг үе ч байсан аж. Харин 2022 оноос тэрбээр өөртөө итгэлгүй болж, сэтгэл гутралд аажим орж байгаагаа ойлгон сувилалд явахаар шийджээ. Дон Испанийн Майорка арал дээр байрлах, 28 хоногийн, доод тал нь 75 мянган ам.доллароос эхэлдэг The Balance-д эмчлүүлэхээр очсон байна. Ийм төрлийн донтолтыг эмчлэх сувиллууд цар тахлын дараагаас эрэлттэй болжээ.
- Эмчилгээний хөтөлбөр 4-6 долоо хоног байдаг -
Криптовалютын худалдаанд оролцож, түүнээс хамааралтай болох нь бусад зан үйлийн донтолтоос ялгарахгүй гэж судлаачид үзэж байна. Хэрэв криптовалютын донтолтод өртсөн бол бусад донтолттой төстэй эмчилгээ хийлгэдэг байна. Энэ талаар Ратгерсийн төвийн захирал, доктор Лиа Новер хэлэхдээ “Крипто арилжаа хийх, тэмцээн, уралдаанд бооцоо тавих, сугалаа сугалахад донтсон бол эмчилгээний арга барил бараг ижилхэн байдаг” гэжээ. Тус нийтлэлд, крипто арилжааны тогтворгүй байдал нь цар тахлын хөл хориотой нийлж галзууралд хүргэсэн тухай өгүүлжээ. Энэ нь манай улсад цахим луйвар ихэссэнтэй яг таарч байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Цагдаагийн байгууллагаас виртуал хөрөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Нарийвчлаад үзвэл, 2020 онд ердөө 9 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо хоёрхон жилийн дотор 370 болтлоо өссөн байна. Он гараад сарын хугацаа өнгөрч байхад хэдийн 8 хэрэг бүртгэгджээ.
Нийтлэлд гарах өөр нэг донтсон хүн бол Жэйн. Жэйн анх хэдэн мянгыг крипто арилжаанд хөрөнгө оруулалт хийж, яваандаа хэдэн зуун мянгыг оруулах болжээ. Энэ нь донтолтыг нэг хэлбэр болгон үзэхэд хүргэж байгаа юм. Түр зуурын баяр баясал авахын тулд, урамшихын тулд аажим эхэлдэг. Ингээд өмнөхөөсөө илүүг зарцуулж эхэлнэ. Үүнийг эмчлэхийн тулд донтуулдаг зүйлээс нь хол байлгадаг байна. Криптовалютын худалдан авах донтолтоос үүдсэн эмчилгээний хөтөлбөр 4-6 долоо хоног байдаг ажээ. Мөн цахим эмчилгээ ч зарим төвүүд санал болгожээ. Стэнфордын Их сургуулийн профессор Анна Лембкегийн үзэж буйгаар биопсихосоциал өвчин гэж оношилж байгаа аж. Биопсихосоциал гэдэг нь биологийн, сэтгэл зүйн, нийгмийн гэсэн гурван байдлыг тэнцвэртэй байлгаснаар бие, сэтгэцийн эрүүл мэндээ эрүүл байлгаж чаддаг байна. Хэрэв аль нэг нь, жишээ нь сэтгэл зүйн болон нийгмийн тэнцвэрт байдал алдагдвал сэтгэлийн шарх, сэтгэл зүйн гэмтэлтэй болох, гэр бүлийн харилцаанд асуудал үүсдэг ажээ. Тиймээс энэ дагуу эмийн эмчилгээ, эсвэл ганцаарчилсан болон бүлгийн сэтгэлзүйн эмчилгээ, дадал зуршил, хүрээлэн буй орчныг өөрчлөх зэрэг эмчилгээ хийдэг байна.
Хүн хаана байна, тэнд сэтгэл зүйн асуудал үүсдэг. Ялангуяа цар тахал, хөл хориог давж гарсны дараа бидэнд тулгарч байдаг асуудлууд эрс өөрчлөгдсөн. Асуудал өөрчлөгдөхийн хэрээр сэтгэл зүйч өөрчлөгдсөн. Тэр утгаар инфляц бол зөвхөн биологийн асуудал. Гэтэл бид сэтгэл зүйн, нийгмийн асуудал байгааг олж харахгүй байна.
Үүний хамгийн том жишээ бол крипто худалдаанд мөнгөө алдсан хүмүүсийг хэрүүлийн сэдэв болгон тэднийг ойлгохгүй хүсэхгүй байгаа юм. Бидний зарим нь донтолтод өртжээ. Түүнийг мэдэхгүй байна. Тэрийг тайлбарлах мэргэжилтнүүд ч алга.