Нүүрсний хулгайн хэрэгт улс төрийн дээд албан тушаал хашиж байгаа нэр бүхий хүмүүс холбогдож, эхнээсээ яллагдагчаар татагдаад буй. Тодруулбал, саяхан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан прокурорын байгууллагаас яллагдагчаар татан хилийн хориг тавьсан. Ингээд зогсохгүй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас аль хэдийн прокурорт хүргүүлсэн байдаг.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шалгагдаж ирсэн эл хэрэгт улстөрчид нэр холбогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч иргэдийн арванхоёрдугаар сард хийсэн “Хөрөнгийг нь хураа, хариуцлага тооц” нэртэй жагсаалаас эхтэй дуулианы эздийг шийтгэж чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ.
Товчхондоо, Прокурорын байгууллага нүүрсний хулгайн хэргийг өөр дээрээ чагталж, булуу хурааж байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Зүй нь яллагдагчаар татагдсан болон татах санал ирсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж, хуулийн хамгаалалтаас нь салгах эрх нь Улсын ерөнхий прокурорт бий.
Дээрээс нь Хууль тогтоох дээд байгууллага нь чадамжгүй болсноо иргэддээ таниулж, хулгайн мөртэй хэдэн гишүүдээ нуух хийх газраа олж ядаж арай хийн намрын чуулганаа хааж амжсан. Энэ байдлаараа удвал УИХ, прокурортойгоо хамт энэ хавар иргэдийн “шүүх”-ээр орж, тарахыг шаардсан “лоозон”-той жагсаалд дарагдах биз.
Үүнээс гадна хууль тогтоох байгууллагад гацсан хэрэг гүйцэтгэх засаглалд ч халдварласан. Тодруулбал, Засгийн газрын нэг сайд нь “яллагдагч” автор зүүж, кабинетдаа нус нааж эхэллээ. Угтаа нүүрсний хулгайн хэргийг нийгэмд зарлаж шүгэл үлээсэн нь Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар нүүрсний хулгайд хардагдаж, шалгагдсан нэгний “оромж”, хамгаалалт болох шинжтэй. Тодруулбал, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавин, зарим хүмүүстэй уулзах эрхийг нь хязгаарлаад байна.
Хэдийгээр нүүрсний хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд яллагдагчаар татагдсан нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг биш гэж үзэх ч, яллагдагчаар татах үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шалгагдаж буй гэсэн үг. Тиймээс хулгайтай эвлэрэхгүй гэж сануулдаг Засгийн газар нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан чадамжгүй сайдаа чөлөөлж, шалгуулах ёстой. Эс бөгөөс нүүрсний хулгайтай хийх тэмцэл нь хий хоосон цамнал болж үлдэх нь байна.
Үүгээр зогсохгүй Монголбанкны удирдлагуудтай холбоотой асуудал ч УИХ дээр давхар яригдахаар байна. Учир нь Монголбанкны хоёр толгой болох Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар нь Хөгжлийн банкны асуудлаар яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд буй. Энэ өдрүүдэд болж буй Хөгжлийн банкны хяналтын сонсголын үеэр хоёулаа гэрчээр дуудагдаж, яллагдагч болсноо тайлбарлаад сууж байна. Төрийн мөнгөний бодлогыг барьдаг төв банкны удирдлагуудаар яллагдагч биш хүн тавих чадамж энэ төрд, Г.Занданшатар тэргүүтэй УИХ-д алга уу. Банк санхүүгийн салбар ингэтлээ уруудан доройтож, мэргэжлийн боловсон хүчингүй болчихсон хэрэг үү гэж асуумаар. Бас халагламаар.
Асуудлын гол нь нүүрсний хулгай гэх ганцхан гарчигтай хулгайд хууль тогтоох байгууллага нь, Засгийн газрын гишүүн нь холбогдчихоод байна. Үүнээс илүү хулгай гэж юу байх вэ. Үүнээс илүү хариуцлага нэхэх сэдэв гэж юу байх вэ. Тиймээс Ерөнхий прокурор нь яллагдагчаар татагдсан болон АТГ-аас яллагдагчаар татахаар санал ирүүлсэн бүх УИХ-ын гишүүдийг ээлж дараалан эргүүлэн татах асуудлыг хөндөх. УИХ нь яллагдагч болсон гишүүдээ бүрэн эрхгүй болгож байгаад шалгуулах. Засгийн газар нь нэн яаралтай “хавиргандаа" авсан яллагдагчаасаа салах хэрэгтэй. Үгүй бол хаврын хайлган цагаар засаг ч үгүй, УИХ ч үгүй болов доо.
Б.Мягмарсүрэн