Ардын намын эмэгтэйчүүдийн байгууллага өнөөдөр хуралдана. Энэ хурлыг МАН дотор өрнөж буй эрх мэдлийн төлөөх тулааны нэгээхэн хэсэг. Дотоод зөрчил нь дахин ил цагаандаа гарч буй томоохон үйл явц гэж ойлгох учиртай. Д.Сарангэрэлийг авч хаяна гэдэг бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй ах нартаа залуучууд нь “май” гэж хэлж байгаа хэлбэр.
Н.Учралын гэх автортай ч Засгийн газраас зүтгүүлсэн бөөн хэл амтай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавих болсноо өнгөрсөн баасан гарагт зарласан. Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж хоригоо танилцуулна. Тэгвэл яг Ерөнхийлөгчийг хориг тавих өдөртэй нь зэрэгцүүлэн НАМЭХ-ны хурлыг гэнэтхэн хийхээр болсон нь зүгээр нэг давхцал огт биш.
Өөрөөр хэлбэл, Ардын намыг ирээдүйд хэн удирдах вэ гэсэн 70, 80-аад оны төлөөллүүдийн тэмцэл эрчийг авч буйн илрэл юм. Мэдээж энэ тулаанд нэг талаас Ерөнхийлөгч, нөгөө талаас Ерөнхий сайд болон генсек нар оролцож буй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эвтэй байгаа гэж буй боловч үнэн хэрэгтэй тийм биш байна. Сүүлд гурван сайд томилохдоо л чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агуулгаараа Ерөнхийлөгчийн институт руу хатгасан үгийг хүртэл хэлж байв.
Ерөнхийлөгч нийгмийн шахалт нэрийн дор “хүүгийнхээ” хуульд хориг тавьсан ч үнэн хэрэгтээ Засгийн газрын бодлогыг л унагах үйлдлийг хийсэн. Тэнэг хүн шиг ширлэж, арай хийх батлуулсан хууль дээр нь хориг тавьчихаар УИХ, Засгийн газар хамтдаа зэлтэрийн гацаанд орчихож байгаа юм. Магадгүй Ерөнхийлөгчийн институтийн цаад санаархал нь тэднийг нэг талдаа тэнэг байдалд оруулж, бодлогыг нь унагах. Нөгөө талдаа хориг тавьж массын хүлээлтийг биелүүлэх байсан биз.
Ямар ч байсан хаврын галтай улс төрийн эхэнд Н.Учралын батлуулсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ гэдэг бол гал дээр тос асгахаас ч халуухан юм болно. Тиймээс маш олон гишүүд зугтана, худлаа мурина. Эсрэгээрээ дарамтлуулна, бас шахуулна. Бараг хаврыг хүлээж байснаас ээлжит бус чуулган зарлаад эртхэн учрыг нь олсон нь дээр байх.
Тэгвэл өнөөдрийн гол сэдэв болох НАМЭХ-ны хурлаар хоёр үндсэн асуудал хэлэлцэх байх. Эхнийх нь холбооныхоо нэрийг Социал демократ эмэгтэйчүүд болгож өөрчилнө. Хоёрдугаарт, тэргүүнээ сонгоно. Одоогийн тэргүүн Д.Сарангэрэл гишүүн суудлаа алдахгүйн тулд хурлын төлөөлөгчид дээрээ сүрхий ажиллаж байгаа сурагтай. Түүний чин хүсэл бол эмэгтэйчүүдийн холбоогоо удирдаж 2024 оны сонгуульд орох юм. Хэрэв тэгж чадвал намын жагсаалтын айргын тавд бичигдэнэ. Ерөнхийдөө гишүүнээр дахин ажилланаа л гэсэн үг. ҮНХӨ, холимог тогтолцоо байхгүй болвол ядаж л сонгуулийн дараа сайд суудал зулгаах гэж үзнэ. Тиймээс Д.Сарангэрэлийн хувьд өндөр ач холбогдолтой юм. Түүний гол дэмжлэг бол У.Хүрэлсүх учраас залуучууд нь Д.Сарангэрэлийг авч хаях гээд зүтгээд эхэлсэн хэрэг.
Харин тэргүүний төлөө түүнтэй өрсөлдөх хэд хэдэн хүн байна. Өмнө Соёлын сайд Ч.Номингийн нэр сонсогдож байсан ч өнөөдөр бол төдийлөн дуулдахгүй байна. 12 дугаар сард Ч.Номин хурлын баахан төлөөлөгчийг 100 орчим эмэгтэйчүүдийн хурлаас өмнө Герман руу дагуулж явж, лоббидох гэж байсан нь гэрэл цохиж, үйл ажиллагаагаа цуцалсан. Тэгээд ч намын гишүүд нь тооно, тотгоор орж ирсэн хүнийг дэмжихгүй гээд ширүүхэн юм болсон.
Харин сүүлд шинэ сайд Х.Булгантуяагийн нэр хүчтэй яригдаж эхэллээ. Эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллагыг ихэвчлэн гишүүд л тэргүүлдэг байсан. Тэр утгаараа Д.Сарангэрэлийн оронд М.Оюунчимэг болон Х.Булгантуяа нарын нэр яригдаж байна. Ялангуяа Х.Булгантуяа сайдыг намын генсек болон намын удирдлагын зүгээс бодлогоор зүтгүүлж байгаа гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Ийнхүү өнөөдөр бид МАН доторх эрх мэдлийн төлөөх тулааны нэгээхэн хэсэг, онц сонирхолтой үзүүлбэрийн нэг хэсгийн гэрч нь болно. Харин Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Ч.Номин гурвын хэн нь тэргүүн болж томрох вэ гэдэг л сонин байна. Үйл явц, өнгө аясыг ажиглахад бараг л Х.Булгантуяа нь илүү хол явах магадлал ажиглагдаж байна.
Ямар ч байсан МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг 70-аад оны төлөөллүүдээс авч 80-аад оны төлөөлөлд өгч үеэ солих үйл явц өрнөх нь баталгаатай.
Г.Лхагвадорж