Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрхэмбаатар: Олон нийтийн нэгжид инфлүүсэр, иргэдийн төлөөллөөс багтаж, ямар пост, ямар контент устгуулж байгаад хяналт тавих боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 54 секунд

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл"-ийг боловсруулан батлуулсан. Гэвч олон нийт уг хуулийн зарим зүйл заалт нь хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж буй юм. Тиймээс уг хуулийн талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль батлагдсан нь нэлээн шүүмжлэл дагуулж байна. Хүний үг хэлэх, эрх чөлөөнд халдаж байна гэж иргэд бухимдаж байна. Энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүмжлэл байж болно. Олон нийтийн сүлжээ буюу цахим орчинд бид амьдраад хэвшчихлээ. Мэдээлэл солилцох хүртлээ бидний салшгүй хэсэг болсон. Гэтэл тэр орон зай нь нэг нэгнээ доромжилсон, залилдаг, хуурамч анкаунтын цаанаас хүнийг ялгаварлан гадуурхаж, үгээр гутаадаг, дур зоргоороо авирлах зэрэг зөрчил гарч байна. 2019-2020 оны хооронд гэмт хэргийн улмаас 900 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэтэл одоо 2022 оны байдлаар 22 тэрбум төгрөг болж өссөн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, гэмт этгээдүүд энэ орон зайд орж ирээд бусдын нэр төрд хайр гамгүйгээр халдаж байна. Иргэдийн дийлэнх нь "Цахим орчны дайралт хэрээс хэтэрсэн. Тиймээс бид өөрсдийгөө болон үр хүүхдээ энэ халдлагаас хамгаалах ёстой. Энэ орон зайд хяналт алга" хэмээн саналаа хэлсэн. Энэ хуулийн онцлог нь хэн нэгнийг шалгаж, мөрдөөд, барьж илрүүлээд байх зорилгогүй. Мөрдөн шалгах ажиллагаа хуулиараа явна. Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал зөвхөн манай улсад тулгамдаад байгаа юм биш. Улс орнууд эхнээсээ хууль батлаад явж байна. Тиймээс бид бусад улсын жишгээр харьцуулсан судалгаа хийж, зөрчилтэй контент гэж юуг үзэхээ тодорхойлсон. "Хэн нэг албан тушаалтан энэ надад таалагдахгүй байна. Би энийг хүсэхгүй байна. Устга" гээд байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд ингэж явж ирсэн байна. Гэтэл цахим орчин бол хэн нэгний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх орон зай шүү дээ. Зүй бус явдал, албан тушаалтны хийсэн гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг солилцох орон зай заавал байх ёстой. Үүнийг бид хамгаалах ёстой.

Зөрчилтэй контентын агуулгаа тодорхойлоод, зөвхөн эдгээр үйлдлийг хийхийг хориглоно гэсэн агуулгаар үйлчилнэ. Ингэхдээ мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийг сурталчлах, шашин шүтлэг зан байдал, хүйс, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхсан, нэр төрийг нь гутаан доромжилсон зэрэг үйлдлийг зөрчилтэй контент гэж үзнэ. Хуулийн 6-д 12 зүйлийг тодорхойлоод биччихсэн байгаа. Энэ мэдээлэлтэй холбоотой, агуулгатай пост ороод ирвэл иргэн санаачилгаараа гомдол гаргаж болно. Энэ гомдлыг Олон нийтийн төв хүлээж аваад ногоон сувгаараа дамжуулж үйлчилгээ эрхлэгчдэдээ зөрчилтэй контентын агуулгаа танилцуулаад хуудас бөглөөд цаашаа явуулснаар хуулийн үйлчлэл дуусна.

Тодруулбал, ирсэн хүсэлтийг хүлээж аваад хэлбэр агуулга, мэдээлэлд судалгаа хийгээд, шаардлагатай бол шинжээч томилж, ХЭҮК-оос дүгнэлт гаргуулаад улмаар үйлчилгээ эрхэлж буй МЕТА, ФБ, Инстаграм, твиттер рүү илгээнэ. Хязгаарлах эсэхийг эдгээр үйлчилгээ эрхэлж буй газрууд шийднэ. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтан, Засгийн газрын дур зоргоор пост устгаад байна гэдэг бол ташаа мэдээлэл. Ийм боломж ч байхгүй. Өнөөдрийн байдлаар хүсэлт шийдвэрлэх явц 24-35 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, зөрчилтэй постыг ХХЗХ-ноос явуулсаар л ирсэн. 35 хувийг нь л хүлээж авч шийдэж ирсэн. Бусад улсад 65 хувьтай байдаг. Энэ нь хууль байхгүй буюу хэн нэгэн албан тушаалтан хүсэлт илгээгээд хүний эрхэд халдаад байна уу гэж ФБ үздэг байсан.

-ХХЗХ, ЦЕГ-ын Кибер аюулгүй байдалтай тэмцэх хэлтэс өнгөрсөн хугацаанд юу хийж ирсэн бэ. Эдгээр байгууллагын ажлыг яам өөр дээрээ авч ажиллаад байгаа юм шиг харагдаад байна. Энэ газрууд юу хийх ёстой юм бэ?

-Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ТЕГ, АТГ, ЦЕГ гэдэг ч юм уу эдгээр байгууллага сошиал орчинд тавигдсан постын араас хөөцөлдөх чиг үүрэгтэй газар биш. Иргэн миний нэр төртэй холбоотой асуудал байна гээд гомдол гаргавал цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд л шалгах ажиллагаа явагдана. Энэ нь 1-2.2 жилийн хугацаанд шалгагддаг хүнд процесс. Эцсийн дүндээ нөгөө этгээдийг олж илрүүлсэн ч аль хэдийнээ тухайн хүний нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон пост тарчихсан байдаг. Иргэний нэр төр дахин сэргээгдэх боломжгүйгээр хохирсон байдаг. Тухайн үед үүнийг мөрдөгч гэмт үйлдэл гэж үзвэл таслан зогсоох зорилгоор хүсэлтээ ХХЗХ-нд өгдөг. ХХЗХ-ноос ФБ рүү хуульд үндэслэж биш, тодорхой хэмжээний харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өгдөг байж. Тэгэхээр энэ нь хугацаа ордог, шийдвэрлэгддэггүй. Ямар шалгуураар хандах, ямрыг нь зөрчилтэй гэж үзэх юм гээд эрх зүйн зохицуулалтгүй байсан учир зайлшгүй хууль батлах шаардлага үүссэн. Хүний эрхтэй холбоотой асуудлыг журмаар биш хуулиар зохицуулах ёстой.

-Шинээр байгуулагдах Олон нийтийн нэгж нь иргэн бүрийн постыг хянаад байж чадах уу. Өмнө нь хуулийн хугацаанд 1-2.2 жилийн хугацаанд шалгадаг тул хүний нэр төр сэргээгдэхгүйгээр хохирсон байдаг гэлээ. Тэгвэл шинээр батлагдсан хуулиар 72 цаг гэхээр ялгаагүй л хугацаа алдах бишүү. Ер нь сошиал шүүх ажиллах гээд байгаа юм уу?

-Пост бүрийг хянахгүй. Хууль хяналтын байгууллага иргэний ирсэн гомдлыг хүлээж аваад гомдлын дагуу шалгах ажиллагаа хийгээд цаад этгээдийг олж тогтооно. Тэгээд гэм буруутай гэж үзвэл прокурорт хүргүүлнэ. Прокурор даалгавар бичиж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Таны ФБ халдлагад өртөөд хэн нэгэн таны чатаар мөнгө гуйгаад байж болно. Тэгвэл та 5000 найз бүр рүүгээ хаягаа алдчихлаа гээд чат бичих хүндрэлтэй. Тиймээс үүнийг нэн даруй таслан зогсоох шаардлага үүсч байгаа. Тэгвэл энэ ажлыг энэ хууль хийх юм. Өөрөөр хэлбэл, та гомдлоо гаргана. Үүнийг 72 цагийн дотор ФБ-т хүсэлт илгээж хаягийг нь хаалгана. Улмаар ФБ-ээс хэн гэдэг этгээд хаанаас ороод байгааг тогтоолгоно. Энэ мэдээлэл бидэнд ч, цагдаад ч байдаггүй. Харин ФБ-д бол байдаг. Өөрөөр хэлбэл, нотлох баримт ирлээ. Үүнийг хууль хяналтын байгууллагад өгнө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг бэрхшээл байдаг нь энэ хаягны цаана хэн байгааг мэдэх боломжгүй байдаг. Хүн байна уу, Гадны халдлага уу, хакер уу, гаж донтон уу гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг, энэ хүнийг олох, гэмт үйлдлийг нь таслан зогсоох шаардлагатай нотлох баримтыг ФБ-ээс өгөх боломжтой. Бид хүсэлтээ тавина. Хүсэлтийн дагуу нотлох баримт ирвэл бид хуулийн байгууллагад өгч, иргэний эрх ашгийг хамгаалахаар цагдаагийн байгууллага ажиллана.

-Зөрчилтэй контентод яг юу багтаад байгаа юм бол?

-Жишээ нь, төрийн бэлэг тэмдгийг гутаан доромжлох гэх агуулгатай контент буюу пост. Цахим сүлжээ ашиглаад залилж болохгүй. Хүүхдийн бие махбодь, сэтгэл санаанд дарамт учруулсан, амиа хорлоход хүргэсэн, дарамт шахалтад оруулсан пост, контент. Хүчирхийлэл, садар самуун сурталчлах, эм бэлдмэлийн талаар. Мөн террорист үйл ажиллагааг сурталчилсан. Гэмт хэрэг үйлдэх сэдэл өгсөн. Зааварчилсан. Оюуны өмчийн зөрчил гэх мэт. Эдгээр нь ердийн хуулиар ч хориотой. Бид соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй.

-Заавал бие даасан хууль гаргалгүйгээр энгийн хуулиудаараа шийдээд, иргэдэд репорт хийх зэрэг аргачлалыг нь зааж өгч болохгүй байсан уу. Заавал олон нийтийн нэгж гэсэн данхар бүтэц байгуулах шаардлага байсан уу гэж иргэд шүүмжилж байна?

-Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа Олон нийтийн төв угаасаа байгаа. Энэ байгууллага дээр нэгж үүссэн. Энэ нэгж их онцлогтой үйл ажиллагаагаа явуулна. Журмыг ХЭҮК-оос баталж буюу ХЭҮК-ын оролцоотой хийгдэнэ. Тэдний төлөөлөл орж ажиллана гэсэн үг. Иргэдийн, хэвлэл мэдээллийн байгууллага, шаардлагатай бол инфлүүсэрүүдийн төлөөлөл ч оролцож болно. Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагын байгууллага. Ингэснээрээ бид нээлттэй ил тод, иргэдийн одоогийн шүүмжилж байгаа асуудлаас ангид явж байгааг харуулах боломжтой. Ямар пост, ямар агуулгатай контент устгаж байгааг хүний эрхийг зөрчихгүй ил тод харуулах боломжтой гэсэн үг юм.

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг ирэх сарын 10 хүртэл хойшлууллаа
Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг ирэх сарын 10 хүртэл хойшлууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.