Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Алтанзул: Нийслэлийн хүн амын өсөлт ч агаарын бохирдол нэмэгдэх шалтгаануудын нэг болж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 25 секунд

Сүүлийн өдрүүдэд агаар орчны бохирдол, түүний шалтгаантай холбоотой асуудлууд олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажил болон сайжруулсан шахмал түлшинд хийх технологийн өөрчлөлт зэргийн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа.

-Анх сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэх үед агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан. Энэ жилээс буцаад утаа нэмэгдэх болсон нь иргэдийн сайжруулсан шахмал түлшинд итгэх итгэл эргэлзээ төрүүлж эхлээд байна. Үйлдвэрлэлийн стандартад алдаа гарсан зүйл байгаа юм уу?

-Тоон мэдээлэлд анализ хийгээд л яваад байгаа. Бидэнд харагдаж байгаа стандарт хэмжээ зарим үед хэвийн гэсэн үзүүлэлттэй гарч ирээд байгаа нь тоосонцортой холбоотой. Зарим тохиолдолд сааралтаад ирж байгаа нь хуурайшилтаас үүдэж тоосонцор нэмэгдэж байгаа юм. Иргэд өмхий үнэртээд байна гэдэг. Гэтэл бидний хэрэглэж буй шахмал түлшийн миддлинг 1-1.3 хувийн хүхэртэй агуулагддаг буюу үндсэн түүхий эд нь. Үүнийг нунтаглаад барьцалдуулагчтай холиод хэвлээд түлш болгож буй юм. Тэгэхээр үндсэн хүхрийг буулгаж чадахгүйгээр галлагаанд хийхээр хүхрээ агаарт ялгаруулж буй хэлбэр. Мөн дутуу шаталт ч үүнд нөлөөлдөг. Хэдий чинээ сайн зуух байна бүрэн шаталт төдий чинээ явна. Бүрэн шаталт явагдана гэдэг нь тэр чинээгээр агаар дах тоосонцрын хэмжээг багасгана гэсэн үг. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн инженер ажилчидтай бид хамтран хүхрийг бууруулах технологид зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр шохойн чулууны орцтой хольцийг шахмал түлшинд оруулах шаардлагатай юм байна гэж үзсэн.

Бид өнгөрсөн 10 дугаар сараас хойш буюу галлагааны улирал эхлэхэд бүх Тавантолгой түлш компанийн шугамууд дээрээс дээж авсан. Үүнд 14 хоног тутам Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар ажиллаад явж байгаа. Шалгалтын дүнг харахад, 2022 онд баталсан 42*92 гээд стандарт нь өмнөх стандартаас чангаруулсан зохицуулалттай байдаг. Тухайлбал, чийглэгийн хэмжээг 10 байсныг шинэ стандартаар 6 болгосон. Чийглэгийн хэмжээг багасгах тусам уугих хэмжээ нь багасч байна гэсэн үг.

-Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч түүхий нүүрсийг нийслэлд түлэхийг хориглосон. Гэтэл эргээд нийслэлийн Засаг даргын тамгын газраас сургууль цэцэрлэгүүдийг гал алдуулахгүйн тулд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн, нам даралтын 170 гаруй зуух ийм байдлаар ажиллаж байгаа гэх мэдээллийг та байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлсэн?

-Бодитой бус мэдээлэл өгөх шаардлага надад байхгүй. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд нам даралтын зуухнууд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрт 20 тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн 68 байршил дахь 173 зуухны үйл ажиллагааг зогсоосон байсан. Бид шаардлагаа тухайн ААН-үүдэд болон Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлж ажилласан. Ажиллагааны явцад тухайн зуухнуудыг галладаг ААН-үүд маань технологийн өөрчлөлтүүдээ хийж амжаагүй. Энэ байдалд нь албан шаардлага хүргүүлэхээр захын гэр хорооллууд дунд байршилтай сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг халаадаг жижиг зуухууд байсан. Эдгээр нь гал алдах эрсдэл байна хэмээн санал манайд ирүүлснийг хэлэлцэж үзээд дэмжих боломжгүй гэдэг саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн.

-Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол ч нэмэгдэж байна гэсэн үг-

-Агаарын бохирдол нэмэгдэж буй гол шалтгаан, нөлөөллийг та юу гэж харж байгаа юм бэ?

-Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж байгаа түлш маань өөрөө үндсэн түүхий эд нь миддлинг буюу угаасан нүүрсний үлдэгдэл шүү дээ. Энэ нь уугих нөхцлийг бий болгоод байгаа учраас агаарын бохирдлыг нэмэгдүүлээд байгаа юм. Нөгөө талаас шаталтыг бүрэн авч чадахгүй байгаа учраас 20-25 минутад уугиж байна. Уугиж буй энэ хугацаа агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хүн амыг өмнөх онуудтай харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэн. Хэрэглээ нэмэгдэж байгаа учраас бохирдол нэмэгдэж байна л гэсэн үг. Яндангийн тоо нэмэгдэж байна шүү дээ. Бид хэчнээн олон жил иргэдийг орон сууцжуулж, яндангийн тоог бууруулсан ч түүнээс давсан механик өсөлт бий болоод байгаа учраас зогсоох боломжгүй болчихоод байгаа юм.

Байгаль цаг уурын хүчин зүйл ч байгаа. Энэ нөлөөллүүд өөрөө 50, 50 хувьтай байгаа гэж хэлж болно. Тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдол ч үүнд нөлөөлж байна.

-Та үнэнийг хэлээч. Хяналтаа алдчихсан байгаа юм биш үү?

-Би үүний эсрэг бодолтой байна.

-Та шүдэнд зурах төдийд асдаг түлшийг нэвтрүүлнэ гэх мэдээллийг өгсөн байсан?

-Туршилтын хувьд дэлхийн хамгийн номер нэг гэгддэг ХБНГУ-ын нүүрсний технологи байна л даа. Германы технологи өөрөө нүүрсний чиглэлээр номер нэг юм, бусад улсуудаар явбал зөвхөн хуулбарыг авах нөхцөл байна. Тухайн институтээс технологийг нь захиалаад хйилгүүлж авбал эхээр нь авах боломж байна гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр заавал хуулбарыг биш манай нүүрсний шинж чанарт тохирсон түлшийг бий болгоё гэдэг зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд иргэдээ сайн чанарын беркитин түлшээр хангавал агаарын бохирдлоос салах боломжтой гэх гарцыг л яриад байгаа хэрэг.

Улс орнууд өөрийн орны нүүрсний шинж чанарт тохирсон технологи гаргуулж авах гэж их захиалга өгдөг юм байна. Өнгөрсөн жилийн өдийгөөс өнөөдрийг хүртэл тухайн газартай холбоо барьж, технологийн асуудлыг хэлэлцсэний эцэст энэ оны есдүгээр сард гэрээгээ үзэглэх боломжтой гээд явж байгаа.

Танихгүй газрын юм оруулж ирээд хийх гээд байгаа зүйл биш. Өөрт байгаа нүүрсэнд тохирсон технологийг гаргуулан авч иргэдэд хэрэглүүлье гэж байгаа юм.

-Таны хэлснээр сайжруулсан шахмал түлш шаардлага хангахгүй байгаа юм байна, тийм үү?

-Яг өнөөдрийн нөхцөлд шахмал түлш шаардлага хангахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр шаардлага хангасан технологийг олох гарц шийдлийг л бид хайгаад байгаа юм. Түүнээс биш шахмал түлээ л сайжруулна гээд байж болохгүй. Өөрчлөх шаардлага байгаа.

-Сайжруулсан шахмал түлшний технологид өөрчлөлт оруулсан зүйл байгаа юм уу?

-Өнгөрсөн жил шахмал түлшний нөөц ч бага байсан. Бүрэн хаталт авч чадаагүй байхдаа үйлдвэрээсээ шууд хэрэглэгчийн гарт хүрч байсан. Иймээс чийгтэй гарч байсан учраас уугилт их байсан. Энэ жил тухайн технологийг өөрчлүүлсэн. Стандартаа шинэчлүүлж, чийглэгийн хэмжээг бууруулсан нь дараа дараагийн боломжуудыг бий болгосон. Ямар нэгэн байдлаар технологид өөрчлөлт хийсэн.

-Заавал нүүрсээ тойроод шийдэл хайхаас илүүтэй яндангийн тоог бууруулахаас авхуулаад өөр бодит шийдэл хайж байгаа зүйл бий юу?

-Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах, зарим боломжтой дэд бүтцийн төвүүдийг түшиглэн цхаилгаанаар, хийгээр халаадаг боломжийг бид судалж байна. Тухайлбал, оны зааг дээр ЭХЯ-нд 43 мянган айлыг цахилгаанаар халаах төслийг боловсруулж өгсөн. Мөн цахилгааны эх үүсвэр байхгүй бол сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгоод түүнийгээ хадгалаад оргил цаг буюу 17-22, 06-09 цагийн хооронд иргэдээ хямд үнэтэй цахилгаан нийлүүлэх төслүүдийг нэгтгээд хэрэгжүүлэхэд бэлтгэж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

О.Цогтгэрэл: Маргаашийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын даргыг СОНГОХГҮЙ
О.Цогтгэрэл: Маргаашийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын даргыг СОНГОХГҮЙ
 
Л.Энх-Амгалан: 2010 онд ҮАБ-ын үзэл баримтлалаас ШУ технологийн аюулгүй байдлыг хассан асуудалд гадны нөлөөлөл орсон эсэхийг шалгах ёстой
Л.Энх-Амгалан: 2010 онд ҮАБ-ын үзэл баримтлалаас ШУ технологийн аюулгүй байдлыг хассан асуудалд гадны нөлөөлөл орсон эсэхийг шалгах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.