Бидний мэддэгчлэн хууль бус нийгмийн нүд, чих болж ажиллах ёстой байгууллага бол АТГ. Тэгвэл авлигачдын арга нарийсч, энгийн ард иргэдийн боломжийг хулгайлах болсон энэ цаг үед АТГ мөрдөн шалгах чиг үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ гэдэг асуултад бид хариулт хайхаар визуал тойм булангаа "АТГ-аар юу байна" сэдвээр цувралаар бэлтгэн хүргэж байна.
Хуульд зааснаар АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага хэмээн тодотголтой. Тэгвэл өнгөрсөн 2 жилд АТГ мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн ажилласан бэ.
-Авлигын гэмт хэргээс 5 их наяд төгрөгийн хохирол учирсан-
2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянга 317 төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлт юм.
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлжээ-
АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлсэн дүн өмнөх жилийнхээс эрс өссөн байна.
2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж байсан бол 2022 онд 2.3 их наяд төгрөг болж, бараг 25 дахин өссөн нь хангалттай өндөр үзүүлэлт юм.
-Битүүмжлэн хамгаалсан хөрөнгө: 119 тэрбумаас 518 тэрбум-
Гэмт хэрэгт дан ганц бэлэн мөнгийг хураан авч битүүмжлэнэ гэх ойлголт өрөөсгөл. Тодруулбал, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө ч үүнд хамаатаж болдог. Тэгвэл 2021 онд 119 тэрбум 502 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилж байсан бол 2022 онд үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 518 тэрбум 39 сая 332 мянга 298 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ.
-Авлигачдын халаасанд орсон 18 тэрбумыг АТГ хураан авч чадав-
АТГ-ын мөрдөгчид хахуульд ашиглагдаж байсан 18 тэрбум 874 сая 521 мянга 566 төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хураан авсан байна.
-Хохирлын хэмжээ өссөн нь АТГ-ын илрүүлэлт сайных гэсэн үг-
Дээрх хугацаанд буюу 2021,2022 оны АТГ-ын ажилласан байдалд хамгийн товчоор харьцуулалт хийж үзье. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5 дахин, нөхөн төлүүлэлт 24.7 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 4.3 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, хохирол нөхөн төлүүлэлт өссөн нь АТГ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ чиглэлд сайн ажилласаны үр дүн юм.
-Учирсан хохирлын бараг талыг нь нөхөн төлүүлжээ-
АТГ-аас авсан мэдээллээр өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлээд байгаа аж. Энэ нь 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тал нь гэсэн үг юм.
-АТГ гадаад орнуудад байсан 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг улсын орлого болгожээ-
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021, 2022 онуудад гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ. Ингэхдээ ИБУИНВУ-д байрлалаас нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгож, Британийн Виржинийн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам, долларыг тус тус улсын орлого болгон хураан авсан байна.
Дараах инфографикаас гадаад улс орнуудаас хэчнээн хөрөнгө авч ирсэн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харж болно.