Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долоодугаар сарын 27-нд захирамж гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийг байгуулсан. Түүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан байдаг. Тухайн ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах ёстой. Тиймээс энэ сэдвээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяртай ярилцлаа.
"Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэх төсөл бэлэн болсон"
-Төр тогтворгүй болж, түмэн бужигнасан ширүүхэн жилүүд өрнөж байна. Яг энэ цагт тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай гэж ихэнх хүмүүс ярьж байна. Тиймдээ ч Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг боловсруулж, УИХ-д өнгөрсөн 12 дугаар сард багтаан өргөн барих байсан. Хуулийн төсөл бэлэн болсон гэж сонссон. Хэзээ өргөн барихаар зэхэж байна вэ?
-Юуны өмнө хуулийн төслийг УИХ-д өргөн барихад оройтсон гэж бодохгүй байгаа. Учир нь Ерөнхий сайд УИХ-ын тогтоолыг биелүүлэхийн тулд өнгөрсөн оны долоодугаар сарын 27-нд ажлын хэсгийг байгуулсан. Түүгээр шинэчилсэн найруулга, Үндсэн хууль боловсруулах тухай, мөн нэмэлт өөрчлөлтийг ямар хэмжээнд боловсруулах вэ гэдэг асуудлыг судлаад, боловсруулах ажлын хэсгийг байгуулсны дагуу бид ажиллалаа. Үндсэн хууль маань өөрөө нэлээд судалгаа хийх ёстой, тодорхой хэмжээний туршлага хэрэгтэй гэж үзсэн учраас өмнө нь Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан туршлагатай намуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулсан юм билээ.
Тухайлбал, ИЗНН, МҮАН, ШИНЭ нам, МУНН гэх зэрэг дөрвөн намыг Үндсэн хуулийн төслийг боловсруулах туршлагатай учраас илүү ажил хэрэгчээр хандаасай гэсэн байдлаар оруулсан гэж ойлгосон. Мэдээж хэрэг эдгээр намууд бусад намуудтайгаа уулзаж, санаа бодлыг нь сонсох байх гэсэн ойлголтоор ажлын хэсэгт оруулсан. Мөн гадна эрдэмтдийн баг дээрх намуудтай хамтарсан. Мэдээж олон түмэнд энэ хийж байгаа ажлаа таниулах, тэдний зүгээс тавих асуултад хариулах, дэд баг байгуулсан. Ингээд нэлээд нухацтай ажилласан. Дэд баг өнгөрсөн зун судалгаа хийж, намар нэлээн ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр төслийг боловсруулж дууссан. Тэгэхээр Ерөнхий сайд хоцроогүй гэсэн үг. Үндсэндээ 2022 оны аравдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй болсон гэсэн үг.
Өнөөдрийг хүртэл хуулийн төслийг ил гаргаагүй явсан нь ямар шалтгаантай вэ гэхээр нийгэмд ҮХНӨ, шинэчилсэн найруулга, тогтолцооны өөрчлөлтийн тухай ойлголт хэр зэрэг төлөвшсөн байна. Дээр нь засгийн эрх барьж байгаа МАН өөрөө бага хурлаараа, Удирдах зөвлөлөөрөө энэ асуудлыг хэлэлцсэн байх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн ойлголт жигдэрсэн байх хэрэгтэй гэж үзэн нийгэмд болж байгаа үйл явцтай уялдуулж тодорхой хэмжээгээр нийгмийг харах, уур амьсгалыг судлах зайлшгүй цаг хугацааны хүчин зүйл шаардагдсан гэж би ойлгосон.
-Яг энэ цагт тогтолцооны шинэчлэлийг хийхгүй бол хэн нэг буруутай гэсэн этгээдийг шийтгэсэн болоод өнгөрдөг. Үнэн хэрэгтээ жинхэнэ буруутан нь хуулийн гадна үлддэг учраас шударга ёс, хариуцлагыг нийгмээрээ шаардаж байна. Хаана алдаа байна гэж та дүгнэдэг вэ?
-Тухайлбал, нүүрсний хулгайтай холбоотойгоор нийгэмд нэлээн бухимдал үүсэж, ард иргэд жагслаа. Тэгээд ямар ч асуудлыг зөвхөн даргыг нь солиулахыг хүсдэг. Гэтэл дарга солигдоод юм өөрчлөгдөхгүй байна. Хувьд очихоор цөөхөн хүн баяжаад, төрийн өмч дээр болохоор томилогдсон цөөхөн нь баяжаад байдаг энэ байдлыг засахын тулд ерөөсөө л тогтолцоогоо өөрчлөх ёстой юм байна.
Байгалийн баялагтай холбоотой тогтолцоогоо өөрчлөх ёстой. Шийдвэр гаргадаг байгууллагууд өөрсдөө өөрчлөгдөх ёстой юм байна гэдэг ойлголт нийгэмд төлөвшчихлөө. Үүний хажуугаар хоёр танхимтай парламент байх ёстой юм байна, байгалийн баялгаа ард түмэндээ өгөх ёстой, хүний эрхийг чухалчлах ёстой юм байна гэдгийг ойлгуулж шаардаж чадлаа.
Бид хүний эрх гэдэг ойлголтыг ярьдаг хэр нь яг амьдрал дээр хэрэгжиж байгаа асуудал нь машин дотроо ээж төрөөд түүнийг хүлээж авдаг төрөх газар байдаггүй учраас сандардаг. Ийм эрх нь харьцангуй баталгаажаагүй. Яах вэ, тунхагласан гэдэг утгаараа байгаа ч юм шиг. Яг хэрэгжиж байна уу гэхээр байхгүй ч юм шиг ийм байдалтай байгаа учраас би "харьцангуй" гэж ярьж байна.
Байгалийн баялгийнх нь ашиглалт нь буруу учраас ард түмэн ядуу хэвээрээ. Цөөн хэд нь баяжаад байдаг гээд нийгэмд бухимдалтай байх жишээтэй. Эдгээр асуудлуудыг би ганц, хоёр хүнтэй холбож яримааргүй байна. Тогтолцоо өөрөө тухайн ажил хийж байгаа хүнийг санаатай, санамсаргүй хууль зөрчих байдал руу хүргээд байгааг бүгдээрээ нэг хүн муулах маягаар биш ганц нэг хүнийг солих маягаар биш тогтолцоогоо бүхэлд нь солъё.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль бол шилжилтийн үеийн Үндсэн хууль. Нам төвтэй төрийн тогтолцооноос төр төвтэй төрийн тогтолцоо руу шилжсэн. Төр нь энэ хооронд хүчтэй байлаа. Яах вэ, Засгийн газар огцорсон. Төр сул дорой болсон гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж тунхаглаад, энэ хэдэн УИХ-ын гишүүдийгээ бид буруутгаад байгаа. Гэхдээ эд нарын буруу биш шүү дээ. Угаасаа Үндсэн хуульдаа төрийн эрх барих дээд байгууллага гээд тунхаглачихсан учраас 76 Ерөнхий сайд УИХ дотор байгаа юм шиг ажиллаад байна.
Үндсэн хуульдаа төрийн эрх барих дээд байгууллага гээд хэлчихсэн учраас Их хурлын гишүүн чинь өөрийгөө бараг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүний хэмжээнд бодчихоод байгаа нь энэ 76 гишүүний буруу биш байхгүй юу. Нөгөө л Үндсэн хуульдаа тэгж тогтоочихсон байгаа учраас эд нар чинь өөрийн эрхгүй тэр эрх мэдлээ хэрэгжүүлэх гээд байна шүү дээ.
Хэрэв Үндсэн хуульдаа зөвхөн та нар хууль тогтоох л ажлыг хийнэ шүү. Өөр юм руу оролцохгүй шүү, УИХ бол зөвхөн хууль тогтоох ажлыг л хийнэ. Төрийн эрх барих дээд байгууллага биш ээ. Ард түмэн төрийн эрх барих дээд субъект нь. Харин ард түмэн өөрөө энэ УИХ-аа байгуулж хууль тогтоох л ажлаа хий. Засгийн газраа байгуулж гүйцэтгэх засаглалынхаа ажлыг л хий. Шүүхээ байгуулж шүүх өөрийнхөө ажлыг л хий гэж Үндсэн хуульдаа зөв зүйтэй заалтыг тусгаж өгөх шаардлагатай.
Товчхондоо хэн төрийн дээр байх уу, мэдээж ард түмэн. Дараа нь ард түмнээсээ байгуулагдсан төр засгийн институц байх зарчмаар харилцан тэнцвэртэй, бие биенийгээ хянадаг. Хулгай гаргадаггүй байх ёстой гэсэн маягаар одоогийн төр төвтэй тогтолцооноос хүн төвтэй тогтолцоо руу шилжих шаардлагатай байна. Эцсийн бүлэгт тогтолцоо өөрөө ард түмэнд хэрэгтэй байх ёстой. Одоогийн төр төвтэй тогтолцоо нь өөрөө дарга нарт хэрэгтэй болчхоод байгаа. Дарга нарт хэрэгтэй тогтолцоо 30 жил боллоо. Энэ гучин жилд бид харьцангуй шилжилтийг амжилттай хийсэн ч гэсэн бас бус асуудлуудыг шийдэж чадахгүй цаг алдлаа.
ШУУД ҮЗЭХ:
"Шинжлэх ухаанч биш төрд ПОПУЛИСТУУД хождог"
-Одоо энэ шилжилтийн үеэ дуусгаад хөгжлийн үеийг эхлүүлье. Хөгжлийн үе юун дээр тулгуурлах ёстой вэ гэвэл хүний эрх, боловсрол, эрүүл мэнд, өмч дээр тулгуурлах ёстой. Ард түмэн өөрөө төр засагтаа хариуцлага тооцож чаддаг тийм эрх мэдэл дээр тулгуурлана гэж ойлгоод төр төвтэй тогтолцооноос дараагийн шинэ Үндсэн хуулиараа бид иргэн төвтэй, ард түмэн төвтэй Үндсэн хууль руу шилжих зарчмын том өөрчлөлт хийх ёстой гэж ойлгож болно. Тиймээс энэ чиглэлд Олон улсын хуулийг судлаад Япон, Англи, Герман, Энэтхэг, Скандиновын орнуудын хуулиудыг судлаад шинэ төслийг боловсруулаад Ерөнхий сайдад өргөн барьсан байгаа. Ерөнхий сайд хуулийн төслийг УИХ-д албан ёсоор өргөн барихаасаа өмнө эхлээд УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид танилцуулах байх.
Ерөнхийлөгч бол ард түмнээсээ сонгогдоод өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй хүн учраас хүссэн хүсээгүй тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана шүү дээ. Тэрийг зарим хүмүүс буруу ойлгоод Засгийн газрын ажлыг хийлээ, эсвэл Засгийн газар Ерөнхийлөгчийнхөө ажлыг хийлгэхгүй байна гээд л хиймлээр хоёр институцийн хооронд зөрчил үүсгээд байгаа юм шиг, байхгүй зүйлийг бий болгоод зарим үл ойлголцол байгаа бол түүнийг нь хурцатгаад яваад байгааг бид засах хэрэгтэй.
Ерөнхийлөгч бол хүний эрхийн асуудал дээр айлын аав нь юм бол ядарсан зүдэрснээ өмөөрдөг, эрх нь зөрчигдсөн нэгнийгээ хайрладаг, өнчин байвал түүнийгээ халамжилдаг, залуучуудаа хайрладаг байх зэрэг хүний эрхийн асуудал дээр төвлөрөх ёстой. Хүний эрхийн чинь асуудал эзэнгүй хаягдчихаж. Зүгээр УИХ-аас байгуулсан Үндэсний хороо гэсэн нэртэй тэгэхдээ эрх мэдэл багатай хэдэн хүмүүсийн бараг нэрийг мэдэх хүн ховор байна.
Мэдээж тэдэнд ажиллая гэсэн сэтгэл байгаа байх. Гэхдээ хууль эрх зүйн орчин нь дутуу бүрдчихсэн учраас энэ асуудал үүсэж байгааг үгүйсгэхгүй.
Тиймээс төрийн тэргүүн хүний эрхийн асуудал дээр төвлөрөөд Засгийн газрын ажил хүний эрхийг зөрчиж байна уу. УИХ-ын гаргаж байгаа хууль хүний эрхийг зөрчиж байна уу. Шүүх үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж байна уу. Тэгвэл үүнийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж засах шаардлагатай. Нэгэнт гарчихсан бол засуулахын төлөө ажиллах энэ ажлыг мэдээж Засгийн газар хийхгүй. Яагаад гэвэл Засгийн газар өөрөө хүний эрхийг зөрчиж магадгүй юм чинь. УИХ хийхгүй. Баталсан хууль нь учир дутагдалтай гарч магадгүй шүү дээ. Шүүх ч гэсэн алддаг юм чинь.
Тэгвэл хэн үүнийг хийх ёстой юм бэ гэхээр Ерөнхийлөгч хийнэ. Ингэж тэнцвэржүүлж байж хүний эрхийн асуудал, тэр дундаа гуравхан сая Монгол хүний эрхийг хамгаалдаг болох учиртай.
Тухайлбал, 1.4 тэрбум хүн амтай Хятадууд, 330 сая хүн амтай Америкчууд, 125 сая хүн амтай Япончууд, 55 сая хүн амтай Солонгосчууд хүний эрхээ хамгаалж чадаж байхад бид гуравхан саяулаа байж эрхээ хамгаалуулж чадахгүй байна гэдэг бол эмгэнэл.
Энэ үүргийг төрийн тэргүүндээ хариуцуулж өгөх ёстой гэдэг гаргалгаа хийж байна. Гэхдээ манай улсын улс төрийн идэвхтэй том намууд парламентын засаглал байх ёстой гэж үздэг учраас тэр байр суурийг хүндэтгээд сонгодог парламентын засаглал байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэр утгаараа Засгийн газрын үйл ажиллагааг илүү идэвхтэй, шуурхай, хариуцлагатай, хурдтай байлгах талаас нь сонгодог парламентын ажилладаг тэр зарчмыг баримтлаад энэ төслийг боловсруулсан.
Энэ төсөл бол үнэхээр өнөөдрийн намуудын хүсэн хүлээсэн, мөн тогтолцоог сайхан болоосой гэж хүсэж байгаа бусад хүмүүст нийцсэн төсөл болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ дан ганц миний хүсээд байгаа зүйл биш. Би зөвхөн хуулийн төсөл боловсруулах ажлыг л зохион байгуулсан төдий. Үүнд харин улс төрийн намууд, эрдэмтэд, олон нийтийн санаа тусч, мөн Олон улсын жишээнүүд авч үзсэн байгаа. Тэртээ тэргүй олон улс орон алдаж, оноод амжилттай хөгжиж байгаа олон сайхан жишээнүүд байна. Тэр бүхнийг хаяж бас болохгүй. Тэндээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяад явах ёстой. Гэхдээ шинжлэх ухаан гэдэг зүйл дээр тулгуурлаж аль нэг тогтолцоог нь авсан байх ёстой. Тэгэхгүй бол манайх шиг өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглал ч биш, Ерөнхий сайдын эрх мэдэл бүхий парламентын засаглал ч биш. Бүр аль ч хэлбэрийн засаглалыг яг тэр нь байна гэж хэлэх боломжгүй болтол бүгдийг нь холиод хутгачихсан учраас бид үүнийгээ ойлгомжтой болгохгүй бол шинжлэх ухаанч төр биш болчих гээд байгаа юм. Шинжлэх ухаанч биш төрд "популистууд" хождог. Тиймээс өнөөдөр шинжлэх ухаанч биш байдлыг засаж шинжлэх ухаанч Үндсэн хуультай болох ёстой.
Гэхдээ бид 1992 онд Үндсэн хууль хийсэн хүмүүсийнхээ хөдөлмөрийг ерөөсөө үгүйсгэж болохгүй. Тэд бол маш богино хугацаанд нам төвтэй нийгмийн харилцааг төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжүүлж чадсан. Ингээд энэ 30 жилийн хооронд эхлээд дандаа хожиж яваад сүүлд харин гацаад эхэлсэн гэж хэлж болно.
Яагаад гэвэл энэ Ардчилал гэдэг чинь төр төвтэй нийгмийн тогтолцоонд хумигддаг. Төр төвтэй нийгмийн тогтолцоо хүний эрхийг тэр болгон тоодоггүй. Төр төвтэй нийгмийн тогтолцоонд төр дандаа зөв, иргэн дандаа бурууддаг юм байна. Шүүх нь дандаа төрийнхөө даалгавраар ажилладаг, хүний эрх ашгийг хамгаалж чаддаггүй юм байна гэсэн ийм алдаа дутагдлууд илэрлээ шүү дээ. Мөн төр төвтэй нийгмийн харилцаанд хувийн өмчийг төр нь хэзээ ч дээрэмдэхэд бэлэн. Эсвэл заавал төрд шургалж байж өөрөө хувийн өмчөө хөгжүүлдэг юм байна л даа.
Гэвч аль нэг албан тушаалтныг буруутгахаас илүүтэй тогтолцоо нь өөрөө ийм байгаа учраас засах л зөв юм байна гэж ойлгох хэрэгтэй.
Монголчууд ухаантай ард түмэн. Шинэ цагийг мэдэрч чаддаг учраас одоо тогтолцоогоо зөв болгох маш том боломж бий. Хэрвээ бид энэ тогтолцоотойгоо яваад байвал магадгүй Монголчууд Солонгос руу дүрвээд дуусна. Эсвэл бүх хямарсаар байгаад шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болж магадгүй. Бүр эцсийн бүлэгтээ тусгаар тогтносон улс орон маань ч байхгүй болж магадгүй учраас Үндсэн хуулийн шинэчлэлийг яаралтай, яг одоо хийх цаг.
"Төрийн дээр АРД ТҮМЭН байх ёстой тогтолцоог бүрдүүлэх ёстой"
-Саяхныг хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтэд мэдээлж, улс төрийн намууд, судлаачид байр сууриа илэрхийлж ирлээ шүү дээ. Тодруулбал, зайлшгүй хийх ёстой өөрчлөлт гэдэгт парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох гэдэг хоёр үндсэн агуулга дээр ажиллах юм байна гэдэг ойлголтыг нийгэмд өгчихсөн. Гэтэл одоо өөрчлөлт биш, шинэчлэл хийх талаар ярих боллоо. ҮХНӨ оруулах асуудал маань юу болов гэдэг дээр та тайлбар хийнэ үү?
-Би ҮХНӨ-ийн талаар сайн мэдэхгүй юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ч биш. Ерөнхийлөгчийн аппаратад ажиллаагүй хүний хувьд нэмэлт өөрчлөлтийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Харин миний байр суурь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлээсэй гэж л бодож байна. Болох, болохгүйгээ ард түмнээсээ асуугаасай гэж хүсэж байна.
Хоёрдугаарт, зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, намуудад зориулж сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлууд бол зөвхөн намуудын, УИХ-ын гишүүдийн л асуудал болж хувираад байгаа юм. Тэгвэл байгалийн баялгаа яах болж байна. Шударга шүүхээ яах юм бэ. Хүний эрхээ яах билээ. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг яах юм бэ. Цаашлаад боловсрол, эрүүл мэндээ яах юм бэ. Тэгэхээр энэ бүх зүйл чинь хаягдаад байгаа байхгүй юу. Сая ард түмэн жагсахдаа зөвхөн гишүүдийн тоог нэмж, сонгуулиа холимог системээр явуулъя гэж байгаа бол зөвшөөрөхгүй шүү гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Ийм байхад заавал ард түмнээ бухимдуулан байж дүлий царайлж болохгүй. Эцсийн бүлэгт нэг нам байхаас нэлээн хэдэн нам болохоос илүү ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Тийм учраас цогц тогтолцооны шинэчлэл гэж хийх ёстой болсон байна.
Тогтолцооны шинэчлэл дотор хариуцлагатай төр, биесийгээ хянаж чаддаг, солигдож чаддаг, шударга сонгууль, байгалийн баялгийг бүгдэд нь өмчлүүлж чаддаг байх асуудал багтана. Мөн боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудал, хүний эрх, шударга шүүхийн асуудал зэрэг чухал олон асуудал яригдана. Энэ бүгдийг цогцоор нь шийдэх гэвэл гарцаагүй шинэ Үндсэн хууль.
Эдгээрийг шийдэхгүйгээр аль өөрсдөдөө ашигтайгаар тоогоо нэмэх, холимог тогтолцоо гэж ярьж байгаагийн цаана уурлаад байгаа ганц нэг намаа татаад оруулчихъя гэж ярьж байгаа бол ард түмэн хэдэн удаа талбай дээр шаардаж жагсахыг таашгүй. Яах вэ, ардчилал хөгжиж байгаа гэдэг утгаар талбай дээр ард түмэн гарч ирэхээс эмзэглэх хэрэггүй. Гэхдээ асуудлыг шийдэхгүй, ард түмнээ улам бухимдуулаад байх юм бол төр өөрөө улам "хэврэгших" байхгүй юу.
-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаад УИХ-д өргөн барихад бэлэн болчихсон юм байна. Өөрчлөлтийг хэдий хугацаанд хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Үүн дээр төрийн гурван институц хоорондоо уялдаатай ажиллаж чадаж байгаа. Бусад намууд бас дэмжихээ илэрхийлж байна. Ард иргэд үүнийг яаралтай хий гэж шаардаж байх шиг байна. Улс төрийн намууд, эрдэмтэд ч энэ төсөл дээр анхаарч оролцож байгаа нь сайхан байна. Одоо бид бүгд хамтдаа хэлэлцээд хугацааны хувьд нэг их оройтуулаад хэрэггүй байх гэж бодож байна. Гол ажил нь ард түмнээрээ энэ хуулиа хэлэлцүүлээд хэрвээ ард түмэн энэ хуулийг хүлээж авлаа л бол үг дуугүй хэрэгжих ёстой. Тэгэхгүй бол УИХ дангаараа баталдаг. Дангаараа батлахын цаана хуудуудтай юм хийж шургуулах гээд өөрсдөө баталчихлаа гэдэг хардалт дараа нь үүсэх эрсдэлтэй. Тиймээс тэр хардалтыг бүр тайлаад Монголын төр ард түмэн хоёр бол хоорондоо ойлголцдог. Бие биеэ дэмждэг. Алдаа гаргасан төр засагт ард түмэн хариуцлага тооцчихдог болох нь чухал.
Эцсийн эцэст Монгол Улсын аав нь ард түмэн байхгүй юу. Ард түмнээ зохих байранд нь тавина гэдэг чинь л хүн төвтэй, нийгмийн харилцаа гэж яриад байгаа тогтолцоо чинь бүрдэх юм. Ийм харилцаатай Үндсэн хуультай байж, Монгол Улс сайхан болно. Гэтэл өнөөдөр ард түмэн хаалганы дэргэд, төр нь өөрөө хойморт залраад байхаар шударга бус зүйл болоод иргэд гадна талд гэр тойроод л уурлаад байдаг. Төр нь өөрөө ард түмэн рүүгээ гарч чаддаггүй гэртээ суугаад байдаг ийм харилцаа үүсчихсэн байгаа нь буруу. Товчхондоо 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үе байсан. Харин одоо дахин шинэчлэл хийгээд төр, ард түмэн хоёрын статус солигдох ёстой.
"Байгалийн баялаг Монголчуудын дундын өмч байхыг Шинэ Үндсэн хуульд тусгасан"
-2019 онд хийсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6.2 дахь заалтад байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж оруулсан нь одоо ч маргаан дагуулдаг. Тэгвэл шинэчилсэн хуульд үүнийг юу гэж тусгасан байгаа вэ?
-Мэдээж Үндсэн хуульд маргаан дагуулж байгаа хамгийн том асуудлын нэг бол мэдээж байгалийн баялагтай холбоотой заалт. Байгалийн баялгийг нэрт судлаач эрдэмтэд тодорхойлохдоо хэний ч оролцоогүй бий болчихсон өмч гэж үзсэн. Өмч гэдэг ойлголт уг нь хэн нэгэн хүний оролцоотой бий болох зүйлийг л өмч гэж хэлэх ёстой юм. Тодруулж хэлбэл, хүний хөдөлмөр шингэсэн бүхэн тухайн хүний, ААН-ийн өмч. Гэтэл хүнээс үл хамаараад газар дор байгаа баялаг бол хэн нэгэн хүн, ААН-ийн өмч биш. Харин энэ бол хамтын өмч гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, газар доорх байгалийн баялаг бүх Монголчуудын өмч. Монголд байгаа бүх нүүрс, алт, энэ бүхэн бол Монголчуудын дундын өмч. Тэр утгаараа Норвеги Улсад төр, ард түмэн хоёрыг нэг гэж ойлгодог учраас байгалийн баялгийг төрийн өмч гэж үздэг. Манайд эсрэгээрээ төр бол тусдаа, ард түмэн бас тусдаа гээд байгаа юм. Үгүй. Энэ хоёр чинь нэг байхгүй юу.
Жишээлбэл, Норвегид төр, ард түмэн хоёр нэг утга илэрхийлж байгаа учраас төрийн өмч гэдэг чинь ард түмний өмч гэсэн ойлголт юм. Тэр байгалийн баялгаас олсон бүх орлогыг цуглуулаад эдийн засгийн эргэлтэд оруулж арвижуулаад одоо 1 их наяд долларын хэмжээтэй хөрөнгөтэй санг байгуулсан байна. Тэндээсээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгосон байна. Иргэдээ орон сууцад нэн хөнгөлөлттэй хамруулдаг, тэтгэвэрт гарахад нь анхаардаг, ирээдүйн хүүхэд багачуудад ямар ч хүнд нөхцөл таарахад амьдрал нь баталгаатай байх тийм тогтолцоог бий болгож чадсан байна шүү дээ. Яг тэрэнтэй адилхан бид байгалийн баялгаа дундын өмч гэж ойлгох хэрэгтэй.
Ерөөсөө төр засаг байгаагийн утга учир бол залуучуудаа боловсролтой болгох, ард түмэн өвдвөл эмчлэх, залуу гэр бүлд орон сууц авахад нь дэмжлэг үзүүлэх, ахмад настай болоод тэтгэвэрт гарахад нь онцгойлон дэмжих. Энэ дөрвөн ажил дээр төр засаг туслахгүй бол яах гэж төр гэж байгаа юм бэ гэдэг зүйлийг ард түмэн асуугаад байна шүү дээ. Гэтэл өнөөдөр төр бүх зүйлийг иргэдийнхээ нуруун дээр хаячихсан. Иймээс төр засаг байгаагийн утга учрыг гаргахдаа Үндсэн хуульдаа тодорхой зааж байж гаргана. Хэрвээ буруу заачихсан бол утга учир нь гарахгүй. УИХ-д байгаа гишүүд чинь бүгд ард түмний эсрэг хүмүүс биш.
Тогтолцоо нь өөрөө тэд нарыг эсэргүү юм шиг харагдуулаад тийм юм шиг болгоод байгаа байхгүй юу. Тиймээс УИХ-ын гишүүд рүү дайрлаа гээд асуудал сайжрахгүй. Мөн 76 мундаг хүн гарч ирнэ гэдэгт би эргэлзэж байна. Хаана байгаа юм тэр хүмүүс. Тэдгээрийн оронд Засгийн газарт байгаа хүмүүсийг өөрчиллөө гээд сайжрахгүй. Өнөөдөр өөрчлөх ёстой зүйл юу юм бэ. Үндсэн хууль. Энэ бол хамгийн хоргүй, хэтэрхий хялбар, хамгийн цус урсгахгүй, хамгийн сайхан ойлголцож болох, хамгийн зөв гарц энэ байхгүй юу.
"Тогтолцооны гажуудал хуулиас гадуурх хулгайг бий болгож байна"
-Нүүрсний хулгайн асуудал нийгмийг цочроож, бухимдууллаа. Ард түмэн түүхэндээ байгаагүй олон хоног жагсаж тэмцлээ шүү дээ. Хууль нь өөрөө хулгайчдад боломж олгож ирсэн учраас ийм нөхцөл байдал үүсчихсэн юм биш үү?
-Байгалийн баялгаа хэний өмч вэ гэдгээ сайн тодорхойлж чадаагүй. Түүнээсээ болоод хулгай тасардаггүй. Өнөөдөр ганц хоёр хүн идчихсэн ч асуудал биш. Олон жил үргэлжилсэн хулгай гэж гарч ирлээ шүү дээ. Энэ бол тогтолцооны асуудал. Дандаа хулгайчид тэнд оччихсон юм биш. Хулгай хийе гэж тэнд очоогүй байх. Гэвч тогтолцоо нь өөрөө ойлгомжгүй бүрдсэн учраас түүнд хүн эвдэрнэ шүү дээ. Тиймээс Үндсэн хууль хийхдээ хулгайч хүн очоод ч гэсэн хулгай хийж чаддаггүй байх л юм бол тэр хууль чинь чанга хууль болсон байна гэж үзнэ. Тэгэхгүй бол Бурхан очиж ажиллаж байж, ард түмэндээ сайхан юм хийнэ гэх юм бол бурхан чинь тийм амархан төрдөггүй. тийм олуулаа ч төрдөг юм биш. Тиймээс хүн бол бурхан ч биш, хулгайч ч биш. Зүгээр л алдсан, оносон л бодгаль. Тийм хүнийг эзэнгүй, ойлгомжгүй газар аваачаад тавьчихаар тэр хүн мэдээж өөрчлөгдөж л таараа шүү дээ.
Нөгөөтээгүүр тогтолцоо нь яах билээ, сонгуулийн мөнгө хаанаас босгох билээ, намдаа яаж хандив өргөх вэ, өөрсдөө яаж орон сууцтай болж, хүүхдээ хэрхэн сургуульд сургах уу, аав ээж өвдвөл эмнэлэгт хэн эмчлүүлэх үү энэ бүгд чинь тухайн хүн дээр очиж байгаа. Гэтэл тэр хүн чинь эзэнгүй, ойлгомжгүй байдалд очихоор би тэгвэл эндээс л эх үүсвэрээ бодно доо гэж бодно шүү дээ. Тэр хүн муудаа биш, тогтолцоо нь тийм болгоод байгаа юм.
Харин үүний оронд төр нь өөрөө байгалийн баялгаа булаацалдахгүйгээр ард түмний дундын өмч гэдгийг зарлаад Үндсэн хуульдаа тэрийгээ бичээд захиран зарцуулах эрхийг нь хуулиар зохицуулж тэндээсээ боловсрол, эрүүл мэндийн зардлыг үнэгүй болгоод, орон сууц, тэтгэвэрт нь дэмжлэг үзүүлнэ гэвэл тэр хүн хулгай хийх шаардлагагүй болно шүү дээ. Тиймээс энэ бүгдийг Үндсэн хуулиа өөрчилж байж, засахаас өөр арга байхгүй. Тэрнээс биш ганц хоёр хүн сольж, шоронд хийснээр асуудал дуусахгүй.
Яах вэ, мэдээж алдаа хийсэн хүнд зохих шийтгэлийг оногдуулах ёстой. Тэглээ гээд энэ асуудлыг эцэслэн шийдэж байгаа зүйл биш гэдгийг ойлгоод арай жаахан холыг харах ёстой. Өмч гэдэг ойлголтыг хүний оролцоотой бий болсон өмч, хүний оролцоогүй бий болсон өмч хоёрыг ялгаад хүний оролцоогүй бий болсон өмчөө нийт ард түмэн дундаа өмчлүүлээд, хүний оролцоотой бий болсон өмч бол тэр хүн нь өөрөө өмчилдөг шударга нийгэм рүү оръё гэж хэлж байгаа юм. Энэ бол ард түмэн төвтэй нийгмийн харилцааг бий болгож байж шийдэгдэх асуудал юм.
-Ярилцсан танд баярлалаа.
Б.Мягмарсүрэн