Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны 9 иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой асуудал гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ тэрбээр нэгэн ноцтой мэдээлэл өгсөн нь “Нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцин хийх байтал сүрьеэгийн вакцин хийсэн учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр байна. Нөгөө талдаа нохойд хазуулсан хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийгдээгүй учраас энэ төрлийн өвчлөл гарах магадлал байгаа. Хамгийн богинодоо хоёр сар, дээд талд нь хоёр сар хагасын хугацаанд хариу гардаг юм байна.
Хоёр төрлийн вакциныг андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа гарсан учраас тухайн иргэдийг сүрьеэгээр өвчлүүлэхгүйгээр Монголд бүрэн эмчлэх боломжтой гэсэн баталгааг эрүүл мэндийн байгууллага өгч чадахгүй ч энэ төрлийн вакцины хүчийг сааруулах, сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх эм, тарианы нөөц хангалттай гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага хэлж байгаа. Дээрх есөн иргэнийг ойрын хугацаанд Улаанбаатарт авчирч, оношлогоо эмчилгээг хийхээс гадна Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс шийдүүлж, гадаад оронд эмчлүүлэхээс өөр аргагүй” хэмээсэн юм.
Сануулахад, Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож, ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан гэж, үзэн ажлаас нь яаралтай чөлөөлөх чиглэл өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан аж.