Кинон дотор "өнждөг" бүсгүй. Амьдралынхаа 23 жилийг 40 мянга орчим кино уран бүтээлд дуу оруулахад зориулсан нэгнийг ингэж хэлэхэд буруудахгүй болов уу. Өөрийн дуу хоолойгоор олон мянган дүрүүдийг амилуулж, дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж чаддаг тэр эрхэм бол С1 телевизийн кино албаны дарга, дуу оруулагч, “B Gold movie” студын Гүйцэтгэх захирал МУСТА Т.Алтанчимэг. Бид түүнийг энэ удаагийн UBN STORY булангийн зочноор урьж ярилцсанаа уншигч, үзэгч та бүхэнд хүргэж байна. Түүний хоолойг нийслэл хотын хаа нэгтээ явахдаа автобусны буудал зарлагчаас, "Чимэгэ" аппликейшнээс аль эсвэл сэтгэлд хоногшсон "Амьдралын ээдрээ", "Пинокио", "Хуанжу Гэг" зэрэг орчуулгын сор болсон олон кино уран бүтээлээс олж сонссон нь лавтай.
...Оройн 18 цаг орчим. Кино албаны өрөөний хаалгаар ороход, дуу оруулах студи дотроос эчнээ танил болж, чихэнд дассан Т.Алтанчимэгийн дуу сонсдоно. Хамт олон нь түүнийг Алтаа хэмээн дуудна. "Дуу оруулагч бид тэр бүр ил гараад байдаггүй тул камерийн өмнө суугаад ярихдаа маруухан шүү" хэмээн хүүхэд шиг инээд алдсаар гарч ирэв. Тэрбээр ярилцахаасаа урьтаад дэлгэцээр хүргэж буй "Пентхаус" СОАК болон баримтат, хүүхэлдэйн киноны хэсгээс дуу оруулж бидэнд сонирхуулав. Ажлынх нь хэдхэн минуттай танилцах төдийд түүнийг өнөөдрийг хүртэл яагаад ажилдаа ийнхүү дурладаг болохыг багахан ч болтугай мэдэрч болохоор.
-Та их завгүй ажилладаг бололтой?
-Ер нь тийм шүү. Өглөө C1 телевизийн эфирт ирж киногоо уншчихаад, орой Univision-ий кино санд очиж дуу оруулдаг. Өглөөнөөс орой хүртэл завгүй л байдаг. Өдөржингөө л кино, кино, кино гээд л давхичихана шүү дээ.
-Ёстой л киногоор "амьсгалдаг" байх нь?
-Өдөр бүр шинэ шинэ дүрүүдтэй уулзана. Өглөө ажил дээрээ өнөөдөр ямар кинонд дуу оруулах билээ, ямар жүжигчин дээр ажиллах бол гэж бодсоор ирдэг. Өдөр бүр өөр өөр дүрд дуу оруулна гэж сонсоход л сонирхолтой санагдаж байгаа байх. Дотор нь ажиллаад явахад бүр ч сонирхолтой шүү. Ямар ч стресстэй байлаа гэсэн дуу оруулалтын өрөө рүүгээ орж ирэхэд бүх зүйл мартагдчихдаг. Зөвхөн киногоо, ажлаа бодоод явчихаж байна гэсэн үг шүү дээ. Кинондоо дуу оруулж байхдаа түүнээсээ кайф авдаг. Ажлаасаа эрч хүч авдаг гэж хэлж болно. Аз жаргалтай мэргэжил.
-Таны хэлдгээр ёстой л өөрөө дотор нь ажиллаад явбал их сонирхолтой мэргэжил бололтой?
-Хажуунаас харвал зүгээр л юм уншаад байгаа юм шиг харагдаж байж болох. Гэхдээ чихэвчинд орж ирсэн шуумаа сонсоод тухайн жүжигчний сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмж бүхнийг өөрийн дуу хоолойгоор илэрхийлж гарган, эх хэл рүүгээ хөрвүүлэн үзэгчдэд хүргэнэ гэдэг бол торгон мэдрэмж. Хүүхэд ярьж байвал хүүхэд, том хүн бол том хүн. Тэр тусмаа уйлж, инээж буй сэтгэл хөдлөлүүдийг гаргах нь чухал. Хэдийгээр бид ил гарч жүжиглэхгүй ч тухайн дуу оруулж буй жүжигчнийхээ сэтгэлийн хөдөлгөөн бүрийг дуу хоолойгоор илэрхийлж гаргана гэдэг мэдрэмжээс гадна хэцүү ажил. Жишээлбэл, нэг кинонд шаардлагатай тохиолдолд олон дүрд дуу оруулах нь бий. Ялангуяа хүүхэлдэйн кинонд жүжигчид хэд хэдэн дүр дээр дуу оруулалт “салдаг”.
-Дуу оруулагч жүжигчин мэргэжлээр 20 гаруй жил ажилласан юм байна. Урт хугацаа шүү дээ. Та кино урлагийн энэ салбартай хэрхэн холбогдож байсан юм бэ?
-1998 онд Сансар кабелийн кино суваг гэж байдаг байлаа. Сувагтаа олон жил ажилласан. Би чинь анх нэвтрүүлэгчээр ажилд орж байсан хүн шүү дээ. Тэгээд кино сувагтай болох талаар саналыг удирдлагууд хэлэхэд нь өөрийгөө соръё гээд дуу оруулж үзэж байлаа. Найруулагчтайгаа ярилцаж байгаад хэсэгхэн зүйлд дуу оруулж шалгуулж байсан. Хүнд чинь "Болж байна, сайн байна" гэдэг хамт олны урам энэ мэргэжлээр цаашид явах хамгийн том түлхэц урам зориг болсон гэж боддог доо.
-Дуу оруулагчид ил гарч жүжиглэхгүй ч хүргэсэн кино уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдээс үнэлгээ авдаг юм шиг санагддаг. Гадуур явахад ялангуяа таны хоолойг хүмүүс хэр анзаарч байна. Сонирхолтой тохиолдол таарч байв уу?
-Сэтгэлд хоногшсон дуу хоолой гэж байдаг даа. Дээр үед Дармаа ах, Цэмпилмаа эгчийг ярихыг сонсохоор кино үзэж байгаа юм шиг л сонсогдоод байна гэдэг дээ. Түүн шиг бид бол дараагийнх нь үе. Бид нарыг заримдаа цахилгаан шатанд утсаар хүнтэй ярьж байхыг сонсчихоод “Таныг таньдаг хүн шиг санагдаад байх юм” гэдэг хүмүүстэй тааралддаг л даа. Магадгүй орой бүр бидний дуу хоолойг сонссоор танил юм шиг мэдрэмж төрдөг юм шиг байна лээ. Түүнээс биш бид чинь далд “фронт”-ынхон шүү дээ. Далдаас ажлаа хийсээр байгаад ил гарч, камерын өмнө суух болохоор ярихдаа хүртэл их маруухан улс. Чөлөөтэй ярихдаа тааруухан /инээв/. Харин яг кинондоо дуу оруулах үедээ дүрдээ ороод аймар уйлна, инээнэ, баярлана. Одоо "Пентхаус" солонгосын олон ангит киноны Чон Сожины дүр миний зүрхийг маш их өвтгөж байгаа. Дүрдээ орж байна гээд хэтэрхий их орилж хашгирах үед тамиргүйдэнэ. Зүгээр л ном уншиж байгаа юм шиг дуу оруулбал үзэгчдэд хүрэхгүй шүү дээ. Дуу хоолойгоороо жүжиглэдэг. Хэдий ил гарахгүй ч гэсэн дуу хоолойгоороо жүжиглэнэ гэдэг хэцүү. Ер нь ажлынхаа хэцүүг онцолж ярих дуртай.
-Чон Сожины дүрд дуу оруулж байгаа юм байна. Дуу оруулагчид ер нь нэг кинонд хэд орчим дүр авч ордог вэ?
-Жишээлбэл, Пентхаус кинон дээр 5-6 хүн дуу оруулж байгаа. Мэдээж хэрэг нэг хүн нэг л дүр авна гэсэн ойлголт бараг л байхгүй шүү дээ. 2-3 дүр авах нь бий. Дүр хоорондын харилцааны зай зэргээс шалтгаалаад кино эхлэхээс өмнө дүр хуваарилалтаа хийдэг. Пентхаус дээр яг л энэ журмаараа дүрээ хуваарилж байтал яалтчгүй надад Чон Сожины түр ногдсон. Кинондоо ороод аймар их уйлдаг болчихсон байна лээ. Нэг уйлна, нэг инээнэ, баярлаад л. Галзуу солиотой хүн шиг л явдаг шүү дээ/инээв/. Дүрээ хайрлаад “Ямар гоё юм бэ, энэ дүр дээр би ингээд дуу оруулчих юм сан” гэдэг үе бий.
-"Амьдралын ээдрээ" киноны нэг ангийг тасалдуулахгүйн тулд эфир рүү яарахдаа шатаар гүйж байгаад гутал сугарч үлдсэнийг мэдэлгүй студи руу орж ирсэн явдал тохиолдож байсан-
-Таныг "Амьдралын ээдрээ" киноны Суёоны дүрд хамгийн их хайртай гэж сонсссон?
-Дээр үед Magic гээд студи байсан юм. Тэр үед тухайн студийн захирал нь “Амьдралын ээдрээ” киног оруулж ирээд, өөрсдөө дуу оруулах гэж үзсэн байгаа юм. Эхнэр, нөхөр хоёр цуг суучихаад эрэгтэй, эмэгтэй дүрүүдийг нь хуваарилж аваад дуу оруулна гээд их л амархнаар бодсон гэсэн. Одоо хүртэл тэр хоёрын яриа дурсамжтай санагддаг юм. Тэгээд би очтол “Ёстой бардаггүй дээ. Нэг ангийг унших гэж 2-3 хоног ноцолдлоо. Чи Суёоныг аваад үзэгчдэд хүргээд өг” гэж надад хэлж байсан. Хамгийн анх 25 дугаар суваг телевизээр үзэгчдэд хүргэсэн. Тэгээд 15 дугаар анги гарах үед ч билүү дээ, техникийн алдаа гарч шууд очиж дуу оруулахаар болж таарсан. Шууд эфирээр байсан тул яараад л гүйгээд очсон. Амьсгаадаад шатаар гарахдаа гутлаа тайлаад шатаар яараад хөл нүцгэн гарсан байсан. Цуг явсан дуу оруулагч шавь маань “СуЁон гутлаа ав” гээд авч ирж өгч билээ. Тэгтлээ эфир рүүгээ яарсан хэрэг л дээ. Тухайн үед маш их үзэгчтэй, эфир тасалдах ёсгүй тийм л хариуцлагатай үе. Тэр ганц ангийг үзэгчдэд хүргэхийн тулд ямар ч байсан хөл нүцгэн гүйсэн байсан. Тэгээд ороод л “Амьдралын ээдрээ” гээд толгойгоо уншчихаад засварлах зуурт амьсгаагаа дарж, тайвширч байв. Энэ мэтчилэн эфирт шууд дуу оруулалт хийх үе ч бий.
Нэг инээдтэй зүйл сонирхуулахад, үзэгчид дуу оруулсан хүнийх нь хоолойгоор тухайн дүрийг төсөөлчихдөг юм билээ. Жишээлбэл, "Амьдралын ээдрээ" киноны Суёон бол амьдрал дээрээ ч их хөөрхөн жүжигчин шүү дээ. Тэгээд намайг ч тэр жүжигчин шиг царай зүс, бие хаатай гэж төсөөлдөг юм шиг санагдсан. Хүмүүсийг тэгж төсөөлтөл нь дуу оруулна гэдэг сайхан санагдсан.
-Ихэнхдээ гадаадын орчуулгын кино уран бүтээлүүд шүү дээ. Та орчуулга их чухал гэж хэлж байсан?
-Т.Алтанчимэг гэдэг хүн орчуулгын кинонд дуу оруулагч жүжигчин мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж олон ч кино уран бүтээлийг дуу хоолойгоороо хүргэлээ. Хамгийн гол нь энэ бүхний цаана орчуулагч гэж чухал рольтой хүн бий. Найзууд маань ирээд заримдаа яаж Солонгос, Энэтхэг, Хятад кино уншдаг юм гэж надаас асуухаар нь би хариуд нь “Би олон улсын хэл мэддэг шүү дээ” гээд хэлчихдэг юм. Тэгсэн чинь намайг олон хэлтэй гээд л бодчихсон байдаг. Дуу оруулагч нарын дуу оруулж буй киноны текстийг бэлдэж өгдөг хүмүүс гэсэн үг шүү дээ. Би дээр үед Хуанжу Гэг кинонд дуу оруулаад текстээ уншиж байтал дараалаад маш олон төрлийн хоолны нэр хэлдэг хэсэг уншсан юм. Тэгсэн чинь хоолны нэрнээс залгуулаад “Алтаа илүү хурдан уншаарай” гэсэн текст биччихсэн байдаг юм. Тэгээд би гайхаад “Киноны текстэд миний нэр юу хийж яваа юм бол” гэж тухайн үедээ бөөн инээдэм болж байлаа. Тэгэхээр орчуулагч нар маань маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Муу орчуулгатай кино үзэгчдэд хүрэхгүй. Сайн орчуулгатай кино цаанаасаа гоё байдаг. Арилжааны телевизүүд олон болсон энэ үед олон ч газар очиж дуу оруулалт хийх үе гардаг. Тэр бүрт орчуулга муутай байвал дуу оруулах жүжигчнээ зовоочихдог юм шиг санагддаг.
Зарим үзэгчид маань муу дуу оруулалттай кино гэж ярьдаг. Гэтэл муу дуу оруулалт гэхээсээ илүү зохиолын орчуулга нь муу байвал түг таг, түг таг болчихдог юм л даа.
-Автобусны буудлууд, "Чимэгэ" аппликейшн ашигласан дуу хоолойтой текстүүд бүгд л миний хоолойгоор явж байгаа хэдий ч цаанаа хөрвүүлэх команд өгсөн байна гэсэн үг-
-Таныг ганцхан кинонд дуу оруулдаг гэхээс гадна сүүлийн жилүүдэд Чимэгэ аппликейшны гол дуу хоолой гэж мэддэг болсон. Мэдэхгүй ч хүмүүс их байдаг байх?
-Чимэгэ гэж тусдаа аппликейшн бий л дээ. Тухайн аппликейшнд дуу хоолойгоо таниулахын тулд шалгаруулалт яваад миний хоолой сонгогдож таарсан. Автобусны буудлууд, "Чимэгэ" аппликейшн ашигласан дуу хоолойтой текстүүд бүгд л миний хоолойгоор явж байгаа хэдий ч цаанаа хөрвүүлэх команд өгсөн байна гэсэн үг шүү дээ.
-Би энэ мэргэжлийг эзэмшсэнээр ямар нэгэн гавьяа шагнал авна гэдэг зорилго надад байгаагүй-
-Ярилцлагын төгсгөлд юу залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж тууштай байгаарай гэж залуустаа хэлмээр байна. Би энэ мэргэжлийг эзэмшсэнээр тийм гавьяа шагнал авна гэдэг зорилго надад байгаагүй. Харин энэ мэргэжлийг эзэмшиж, тухайн дүрийг өөрийнхөө хоолойгоор үзэгчдэд хүргэж ажлаараа цэнэг авч байгаа нь бахархалтай. Мэргэжилдээ хайртай, тууштай байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.